Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Боловсрол” буландаа багшийн сэтгэл зүйг хэрхэн хамгаалах тухай сэдвийг цувралаар хөндөж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа АНУ-д багшийн сэтгэл зүйг  D1-D5 гэсэн түвшнөөр лүгнэж байгаа тухай онцолсон. Боловсролын салбарт хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг нэн тэргүүнд тавьдаг. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдийг тойрсон олон асуудал бий ч сурган хүмүүжүүлэх үйлсэд сайн багш л хүүхдэд зөв төлөвшил, эерэг бодол, чухал мэдлэгийг өгдөг билээ. Гэвч сүүлийн жилүүдэд зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн бусад оронд ч багш мэргэжлийг сонгох хүн ховордох хандлага ажиглагдаж байна. Тиймээс ч дэлхийн боловсролын байгууллагууд багшийн ажлын ачаалал болон сэтгэл зүйн гол үзүүлэлтүүдэд нь судалгаа хийжээ.

 

26 хүүхэд 57 децибел чимээ гаргадаг

 

Монгол Улсын ирээдүй хэрхэн гэрэлтэх, ямар замаар, хэрхэн мөрөө үлдээх нь байгалийн эд баялаг, уул уурхай бус ирээдүйн боловсон хүчин, биднийг түүчээлэх зөв монгол хүнээс хамааралтай билээ. Тиймээс ч боловсролын салбар, энэ салбарыг нуруундаа үүрч яваа эрдэмтэн багш нарын сэтгэл зүйн асуудалд нэн яаралтай анхаарал тавих цаг болжээ. Учир нь жилээс жилд багш мэргэжлийг сонгох залуусын тоо буурч байгаагийн нэг шалтгаан нь ажлын ачаалал, стресс гэсэн судалгааны дүгнэлтийг 2017 онд Японы боловсролын хүрээлэнгээс гаргажээ. Тиймээс ч тус улс багшийн сэтгэл зүйг хэрхэн хамгаалах, бэлтгэх тухай олон судалгаа, туршилт хийсэн нь өдгөө үр дүнгээ өгөөд байгаа тухай www.Mfb.mn гэх боловсролын тусгай сайтад онцолсон байна. Хэт чанга дуу авиа болон чимээ нь хүний сонсголд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа тогтсон давтамжгүй шуугианыг олон цаг сонсоход сонсголын эрхтэн болоод цаашлаад сэтгэхүйд нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл, байнга чимээ шуугианд удаан хугацаагаар ажиллах нь сонсгол бууралт үүсгэдэг. Ялангуяа 85 децибелээс илүү чанга чимээнд чихний сормууслаг эсүүд гэмтдэг ажээ. Тэгвэл олон улсын судалгаанаас харахад нэг ангийн 38 хүүхдийн 70 хувийнх нь гаргаж буй чимээ 57 децибел байдаг юм байна. Тэгэхээр нэг бага ангийн багш долоо хоногийн таван цаг тутамд ийм хэмжээний шуугианд өнждөг гэсэн үг. Энэ нь өөрөө оюуны ядаргаанд хүргэж, сэтгэл зүйд нь нөлөөлдөг гэж тус сайтад бичсэн байна. Тиймээс Японы боловсролын хүрээлэнгээс энэ асуудлыг шийдэхийн тулд эхний авсан арга хэмжээ нь анги дүүргэлтийг багасгах. Өдгөө бага бүлгийн нэг ангийг 25 хүүхдээс хэтрэхгүй байхаар тусгажээ. Энэ нь багшийн ачааллыг хөнгөлөхөөс гадна хүүхдүүдийн сурлагын түвшинд ч эерэгээр нөлөөлсөн байна.

 

Япон багшийн сэтгэл зүйг So1-So7” түвшнээр дүгнэдэг

 

Б.Март Япон улсад таван жил амьдарч байгаа бөгөөд сургуулийн насны гурван хүүхэдтэй. Тэрбээр тус улсын боловсролын тогтолцооны тухай “Манай гурван хүүхэд дунд сургуульд сурдаг. Сургуулийн гаднах орчин болон анги нь бүрэн камержсан учир аюулгүй байдлын тухайд санаа зовох асуудал гардаггүй. Мөн Япон улсын нэг онцлог нь багш нарыг төгс бэлтгэдэг гэж хэлж болно. Энэ улсад хамгийн тогтвортой сэтгэл зүйтэй хүн л багшийн ажил хийдэг юм билээ. Багш шууд загнахгүй.  Өндөр түвшний сэтгэл зүйтэй гэдэг нь ажиглагддаг. Учир нь улирал тутамд сэтгэл зүйн тест өгөхөөс гадна мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө, удирдамж авдаг юм билээ. Тиймээс хүүхдүүд болон багш, эцэг эхчүүдийн хооронд асуудал үүсдэггүй” гэв. Токиогийн дунд сургуулийн багш нар улирал тутамд яг АНУ шиг сэтгэл зүйн тестээр дүгнүүлдэг. Энэ нь олон улсын боловсролын стандартыг хангасан, “So1-So7” гэсэн долоон түвшнийх байдаг ажээ. Үүнээс  хамгийн өндөр буюу So7 гэсэн сэтгэл зүйн түвшинтэй багш бага ангид багшлах эрхтэй болдог юм байна. Харин So5, So6 гэсэн түвшний багш нар их дээд сургуульд хичээл заах эрхтэй байдаг гэнэ. Багш нарын хувьд ч улирал тутам сэтгэл зүйн тест өгч, түвшиндээ тодорхойлуулах эрмэлзэлтэй ажээ. Учир нь энэхүү түвшнээс хамаарч, цалингийн тогтолцоонд нь өөрчлөлт ордог. Жишээлбэл, нэг улирлын турш багш болон хүүхдүүдийн хооронд ямар нэгэн үл ойлголцол, эцэг эхчүүдээс санал гомдол ирээгүй бол тухайн багш нэмэлт урамшуулал авдаг ажээ.

 

“Монголд нийгмийн сэтгэл зүй доройтож байна”

 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу 2021 оны Японы боловсролын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 2500 япон багшийн сэтгэл зүйн дундаж түвшин 75 хувь гэж гарчээ. Энэ нь өнөөх So1-So7” түвшнээр авч үзвэл So3-So6 гэсэн үнэлгээтэй дүйцэх юм. Харин монголчуудын хувьд Нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга О.Лхагвадорж “Монгол Улсад нийгмийн сэтгэл зүй уруудан доройтож байна. Энэ нь ажилгүйдэл болоод төрийн буруутай үйл ажиллагаа, нийгмийн идэвхгүй байдал зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Эдгээр нь хүн төрөлхтөний сэтгэл зүйд ч тулгамдаж буй нийтлэг асуудал” гэв.  Харин Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал Н.Оюундалай “Манай академи нийслэл болон  Дорнод, Хэнтий аймгийн 2000 хүүхэд, 700 гаруй эцэг эхийн дунд нийгмийн сэтгэл зүйн талаар судалгаа явуулсан. Судалгаагаар багш нар сэтгэл зүйн боловсролд хамрахгүй байгаа нь хүүхдийн  хөгжил, хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс насанд хүрэгчдийн сэтгэл зүйн боловсролыг хөгжүүлэх сургалтыг дөрвөн жил зохион байгууллаа. Харамсалтай нь нэг ч багш хамрагдсангүй. Цаашдаа иргэдийн болон багш нарын сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэхэд төр засаг анхаарах шаардлагатай байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 253 (7238)