П.АМГАЛАНБАЯР
Хүний эрхийн түгээмэл тунхаглал 75 жилийн ойтойгоо золгож байна. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, ТВ-9 телевиз, “Зууны мэдээ” сонин, ХЭҮК хамтран “Хүний эрхийн түгээмэл тунхаглал-75 жил” Хүний эрх ба сэтгүүл зүй” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж салбар салбарын төлөөллүүд үзэл бодлоо илэрхийлсэн юм. Түүний нэг нь ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа. Тэрбээр “Үзэл бодлын эрх чөлөө хязгааргүй гэсэн ойлголт бидний дунд байдаг. Үүнийг ялгаж салгаж ойлгох шаардлагатай. Үзэл бодолтой, итгэлтэй үнэмшилтэй байх түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө хоёр ялгаатай ойлголт юм. Хоёрдугаарт яагаад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах ёстой юм бэ гэдэг асуудал яригдана. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйн гол ач холбогдол нь үүнтэй холбоотой байх. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шинэ бүтээл, оновчтой санаа, нийгмийн дэвшлийг бий болгох, бие биенийгээ харилцан ойлголцох эрхтэй. Гэхдээ энэ эрх чөлөө ямар нэгэн байдлаар хязгаарлагддаг. Баримт, үзэл бодол хоёр ялгаатай. Баримтыг худал хэлэх эрх хэнд ч байхгүй. Нийгмийн ёс суртахууныг хамгаалах зорилгоор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болдог. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. 20 жилийн өмнөх нийгэмд ямар ч асуудлыг хэлэлцэхэд буруу гэж үзэж байсан. Харин өнөөгийн нийгэмд хүмүүсийн нийтлэг ойлголтоор юу буруу болж байна вэ гээд хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэвч үүнийг нэг л удаа хуульчлах юм бол хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг хүмүүс ойлгодог нь өрөөсгөл. Энэ нь зохист үзэл бодол, нийгмийн хөгжил, хүмүүсийн нийгмийн сэтгэлзүйг дагаад өөрчлөгдөж байдаг” гэсэн юм.
“Хүний эрх ба сэтгүүл зүй” нь үндсэн гурван хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдсан. Энэ тухай “ Зууны мэдээ” сонин арванхоёрдугаар сарын 18-ны даваа гарагийн дугаартаа “Хүний эрх ба сэтгүүл зүй” эхний нийтлэлээ хүргэсэн билээ.
“Үл ялгаварлан гадуурхах зарчим ба сэтгүүл зүйн практик”
Эхний хэлэлцүүлэг “Үл ялгаварлан гадуурхах зарчим ба сэтгүүл зүйн практик” сэдвийн хүрээнд болж модератороор “ТB9” телевизийн мэдээний албаны дарга Б. Ариунтуяа, панелистуудаар Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлзүйн багш Ц.Оюунтунгалаг, “Транспэрэнси интернэшнл” төвийн тэргүүн, хуульч Л.Төр-Од, “Зууны мэдээ” сонины албаны дарга С.Уянга нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үед өрнөсөн панелистуудын байр суурийг хүргэж байна.
Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Ц.Оюунтунгалаг:
-Сэтгүүл зүй бол нийгмийн бүхий л салбарын мэдээ мэдээллийг дамжуулдаг. Тиймээс сэтгүүл зүйд тэгш хандах, алагчлахгүй, олон ургалч байх зэрэг олон зарчим бий. Сэтгүүлчид өдөр тутам мэдээ, мэдээлэл бэлтгэхдээ ямар алдаа гаргадаг вэ гэдгээс эхлээд яръя гэж бодож байна. Яагаад гэвэл нэг сэтгүүлч, нэг редакцын гаргасан алдаа нийт хэвлэл мэдээллийг хамарч байдаг. Тиймээс бид мэдээ, мэдээлэл бэлтгэхдээ ёс зүйтэй байж чадаж байна уу гэдэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Редакцийн соёл, хувь хүний ёс зүйн асуудал зөрчигдөөд ирэхээр алдаа гаргах нь ихэсдэг. Алдаа их гаргах тусам бид хэн нэгнийг санамсаргүйгээр алагчилдаг. Бусдын тухай мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэж чадахгүй байдал ажиглагддаг. Мөн бид тухайн мэдээллийн эх сурвалжид ямар үр дагавар ирэх вэ гэдгийг өөрсдөө ч хянах боломжгүй орчинд амьдарч байна. Тиймээс илүү хариуцлагатай байж редакцын соёлоо бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.
“Зууны мэдээ” сонины албаны дарга С.Уянга:
-Хүний эрхийн хамгийн гол суурь зарчим бол ямар нэгэн айдас, дарамт, ялгаварлан гадуурхалтгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Харин энэ үндсэн эрхийг хэвлэл мэдээлэл, чөлөөт хэвлэл олгох ёстой. Тэгэж байж Хүний эрхийн түгээмэл тунхаглалын суурь зарчим болох хүний үндсэн эрхүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйгээр дамжин хэрэгждэг. Хүний эрхийг хангах, хамгаалах ажил аль нэг улсаар хязгаарлагдахгүй хүн төрөлхтний асуудал болсон учраас жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүй дэлхий нийтэд трэнд болж байна. Тиймээс Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Их Британийн BBC агентлагтай тэгш байдлын 50:50 төслийн албан ёсны түншлэлээр ажиллаж эх сурвалжийн хүйсийн харьцааг тэнцвэржүүлж хэвшлээ. Манай сонин жендэр, хүний эрхийн чиглэлд редакцаараа мэргэшсэн. Үр дүнд нь нийтлэлийн агуулгаа хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй болгож шинэчлэхээс гадна дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа нийгмийн тэрхүү хэсгийн эрх ашгийг хамгаалахын төлөө, төр, иргэдийн мэдээллийн гүүр болон ажиллаж байна. Үүний нэг тод жишээ бол хүн амын талаас илүү хувийг эзэлж буй эмэгтэйчүүд болон өөр олон эрх ашгийн төлөөллийн дуу хоолойг эрчүүдийнхтэй ижил тэнцүү түвшинд хүргэхийг зорьдог. Түүнчлэн төрийн бодлого шийдвэрийн үр дагаврыг хүртэж байгаа хэсгийн байр суурийг орхигдуулахгүйгээр гурван түвшний эх сурвалжийг нийтлэл, сурвалжилгадаа тусгадаг. Сэтгүүлчид мэдрэмжтэй, мэргэшиж ажиллаж чадвал хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хүний эрхийг хамгаалахад чухал нөлөөтэй.
Хариуцлага-Хүний эрх ба сэтгүүл зүйн зарчим
Харин хоёр дахь хэлэлцүүлэг “Хариуцлага-Хүний эрх ба сэтгүүл зүйн зарчим” сэдвийн хүрээнд болж модератораар “Зууны мэдээ” сонины тоймч Б.Нямсүрэн панелистуудаар ХЭҮК-ын хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг-Эрдэнэ, МСНЭ-ийн нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, “Эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үед өрнөсөн панелистуудын байр суурийг хүргэж байна.
“Эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа:
-Хүний эрх, шийдлийн тухай ярихаар дагаад хүний эрхийн боловсролын асуудал хөндөгддөг. НҮБ-аас хэд хэдэн мэргэжлийн хүмүүст зайлшгүй хүний эрхийн боловсрол олгох ёстой гэж үздэг. Үүнд багш, нийгмийн ажилтан, хуульч, хууль сахих байгууллагын ажилтнууд, эмнэлгийн ажилтан, сэтгүүлчид ордог.
Сэтгүүл зүй нь хүний эрхийн төлөө мэдээ мэдээллийг нийтэлж, хүний эрхийн зөрчлийг гаргаж тавихаас гадна, мэдээллээ олж авч байгаа, баримтыг дэлгэж, хүргэж байгаа үйлдэл нь хүний эрхэд ээлтэй байх ёстой. Хэдхэн сэтгүүлч хүний эрхийн мэдрэмжтэй, боловсролтой байх асуудал биш. Энэ бол бүхэл бүтэн тогтолцоо системийн асуудал юм. Сэтгүүлчдэд зориулсан мэргэшүүлэх сургалт болдог хэдий ч цөөн байгууллагад, бага хүрээг хамарч байна. Тиймээс бүх хүнийг сургаж чадаж байна уу. Мөн сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа ажилчид тогтвортой суурьшилтай ажиллаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.
ХЭҮК-ын хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг-Эрдэнэ:
-НҮБ-ын дур зоргоор баривчлах асуудал хариуцсан, ажлын хэсэг өнгөрсөн онд манай улсад ажилласан. ХЭҮК 22 дахь илтгэлдээ дур зоргоор баривчлах асуудал, цагдан хорих, таслан сэргийлэх ажиллагааны талаар тусгаж УИХ-д танилцуулсан. УИХ-аас холбогдох тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн. Тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилгаа байна. Тодруулбал, жилд дунджаар 65 мянган орчим хүн ямар нэг төрлийн гэмт хэрэгт сэжигтнээр татагддаг гэсэн судалгаа гарсан. Үүний 900 орчим нь шүүхийн шийдвэргүйгээр баривчлагдаж байна. ХЭҮК шүүхийн хяналтад байлгах, жижүүрийн шүүгч ажиллуулах бодлого баримталж ажиллаж байгаа.
Цахим орчин дахь иргэдийн дуу хоолой ба мэргэжлийн сэтгүүл зүй
Гурав дахь хэлэлцүүлэг “Цахим орчин дахь иргэдийн дуу хоолой ба мэргэжлийн сэтгүүлзүй” сэдвийн хүрээнд боллоо. Хэлэлцүүлгийн модератороор Хэвлэлийн хүрээлэнгийн мэргэжилтэн Э.Ганхуяг ажиллалаа. Gogo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн, МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Б.Чинзориг, Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн сурагч Т.Хулан нар панелистаар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үед өрнөсөн панелистуудын байр суурийг хүргэж байна.
Gogo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн:
-Нийгмийн асуудлыг хөнддөг учраас 25-аас дээш насныхан түлхүү манай сайтад ханддаг. Өмнө хагас жилд нэг удаа харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа авдаг байсан бол энэ жил анх удаа уншигчийн сэтгэл ханамжийн судалгаа хийсэн. Судалгаанаас 16-18 настай хүүхдүүдээс залуус чиглэсэн контент үзэх хүсэлт ирүүлсэн. Цахим хэрэглээнээс шалтгаалаад бидний зорьсон бүлгээс даваад хязгаар нь хэлбэлзэлтэй байна гэдгийг олж харсан. Манай сайт жилийн төлөвлөгөө гаргаж ажилчдаа сургалтад хамруулдаг. Жишээлбэл, ямар чиглэлийн сургалтад хамрагдах вэ, сургалтад суусны дараа бусад хүмүүстэй хэрхэн мэдсэнээ хуваалцаж буйгаа хянах стандарт баримт бичигтэй болсон. Мөн “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах, менторшип хөтөлбөрт хамрагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Уг хөтөлбөрөөс редакцаараа сургалтад хамрагдахаар нэг зүг чиг, ойлголттой болдог гэдгийг харсан. Мөн Их Британийн BBC агентлагийн “Тэгш байдлын 50:50” төслийн албан ёсны түнш болсон. Өдөр тутмын мэдээ, мэдээлэлдээ жендэрийн тэгш байдлыг хангаж байна уу, эх сурвалжийн тэнцвэртэй түвшинг хангаж байна уу зэрэгт анализ хийж, цаашдаа ямар байдлаар ажиллах төлөвлөгөөгөө гаргадаг. Өдөрт гарч байгаа үйл явдалд гурван түвшний эх сурвалжийг оруулах нь харьцангуй бага байдаг. Гэхдээ аль болох үр дагавар хүртэгсэд болон мэргэжлийн бүлгийн төлөөллийг багтаахыг хичээж ажиллаж байна.
МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Б.Чинзориг:
-Сүүлийн үеийн суралцагчдын суурь боловсрол, сонирхолд өөрчлөлт орсон. Бичих чадварын зэрэгцээ зөөлөн ур чадвар болох техник, программ хангамжийн чадварууд, өгөгдлийн шинжилгээ, дата анализ хийх шаардлага их боллоо. Тиймээс эдгээр чиглэл рүү сургалт судалгаагаа чиглүүлдэг. Чоно шүдгүй бол ан хийдэггүйтэй адил бичиж чадахгүй бол сэтгүүлч байж чадахгүй. Тиймээс үндсэн зарчмаа хадгалж, баяжуулах, оюутнуудын хичээлийг чөлөөт сонголтоор явуулахыг цар тахлын дараагаас хэрэгжүүлж байна. Монголчуудын мэдээлэл хүлээн авдаг үндсэн суваг нь нийгмийн сүлжээ гол эх сурвалж болоод байна. Энэ нь мэдээлэл олж авах эх сурвалж бус мэдээллийг дамжуулах гүүр нь болох ёстой. Гэвч иргэдийн хэвлэл мэдээллийн боловсрол дутмаг байдал нь нөлөөлж байна. Сэтгүүлчид хувийн цахим хаягаараа дамжуулан өөрт тохиолдсон явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэтээр мэдээлдэг. Ингэснээр иргэдийн хэвлэл мэдээллийн боловсрол тааруу учир шууд хүлээж авдаг.
ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн сурагч Т.Хулан:
-Үеийнхээ хүүхдүүдийг төлөөлөөд энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Манай үеийнхэн сонин, сэтгүүл гэхээс илүүтэй сошиал хаягуудыг ашиглаж мэдээ, мэдээллийг авдаг. Энэ дундаас Ikon.mn, Yolo, android today зэрэг сайтаас өдөр тутмынхаа цаг үеийн мэдээллийг авч чаддаг. Мөн үе тэнгийнхэн, гэр бүлээсээ мэдээлэл хуваалцдаг. Өсвөр үеийнхний дунд тулгамдаж буй асуудлыг сонсдог, энэ тухай хөнддөг мэдээллийн эх сурвалж хаягууд ховор байдаг. Ихэвчлэн инфлүүсэр, олны танил медиа контент бүтээдэг хүмүүс бидний дуу хоолойг сонсож, видео контентоор дамжуулан бидэнд тулгамдаж байгаа асуудлыг хөндөж нийгэмд дуу хоолой болдог. Инфлүүсэрүүдийн 2-3 минутын рэйл, бичлэг хандалт их байгаагийн шалтгаан нь тухайн хүмүүс олны танил учраас олон хүмүүс таньдаг, шүтэж биширдэг. Гэвч тухайн хүмүүс сошиалд мэргэжлийн хүмүүсийн судалгаагүйгээр зөвхөн өөрийнхөө өнцгөөс тухайн мэдээллийг түгээдэг. Харин мэргэжлийн хүмүүс тухайн мэдээллээ үнэн бодитой баримт, судалгаа, шинжилгээний үндсэн дээр нийтэлсэн байдаг. Тиймээс би мэргэжлийн хүмүүсийн оруулсан мэдээ мэдээллийг илүү уншдаг. Яагаад гэхээр одоо хүн гар утастай болж сошиалд идэвхтэй болсон энэ үед өөр өөрсдийнхөө өнцгөөс тухайн цаг үеийн мэдээллийг гаргаж чадаж байна.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Монголын Хэвлэлийн хүрээнлэнгийн захирал М.Мөнхмандах үг хэллээ. Тэрбээр “Хүний эрхийн түгээмэл тунхаглалын-75 жилийн ойд зориулсан “Хүний эрх ба сэтгүүл зүй” хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтууд, удирдлага, иргэнийн нийгмийн идэвхтэнүүд, судлаач багш нар ороцлсон чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн явцад гурван гол асуудлыг ярилцсан юм. Нэг талаар хүний эрх, сэтгүүл зүй, ардчиллын уялдаа холбоо, хүний эрх гэдэг яг юу хэлээд байна гэдэг талаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр маш ойлгомжтой тайлбарласан. Хүн төрөлхтөн өөрийнхөө амьдрах орчин, амьд байх, аюулгүй байх нөхцлийг бий болгох зорилгоор хүн байх ёс гэдэг зарчимд тулгуурласан хэм хэмжээгээр харилцан тохиролцсон гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл хүн байх, тэгш эрхтэй байх, харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурласан хүн хүн бүр ижил эрхтэй байх хэм хэмжээ. Энэ хэм хэм хэмжээг нөгөө талаар хүний эрхийг хамгаалах зорилготой засаглалын хэлбэр бол ардчилал. Ардчилалд хүний эрх хэрэгжиж байгаа эсэхэд нэг талаар хяналт тавих хамгаалах, нөгөө талаар хүний эрхийн хэрэгжилтийн илэрхийлэл хэмжүүр байх нь хэвлэл мэдээлэл хараат бус сэтгүүл зүйн үүрэг хариуцлага, оролцоо байна гэсэн ерөнхий утгыг тайлбарласан юм” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 253 (7238)