1. Монголын говь дэлхийд “үүц”-ээ задаллаа

Оюу толгойн уурхайн хамгийн үнэ цэн бүхий баялаг нь газрын гүнд бий. Хүдрийн тэрхүү биетэд хүрэхийн тулд “Оюу толгой” компани дэлхийд тэргүүлэх гүний уурхайг барьж байгуулан 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр олборлолтоо эхлүүлсэн.  Та бидний сайн мэдэх “Блю cкай” зочид буудлын шилэн барилгыг 12 давхарласантай тэнцэх хэмжээний гүнд уурхай байгуулж, олборлолтыг эхлүүлснээр Монголын говьд байгуулсан их бүтээн байгуулалт дэлхийн сонорт хүрч, хүн төрөлхтөнд “үүц”-ээ задалсан үйл явдал болсон билээ. Оюу толгойн гүний уурхайн орд нь Хэруга, Өмнөд ба Хойд Хюго нэртэй хүдрийн гурван биетээс бүрдэнэ. Эдгээр нь ил уурхайтайгаа нийлээд бараг нэг зуун жилийн нөөцтэй гэх мэдээлэл байдаг.  Гүний уурхай дахь хүдрийн нөөцийг “блокчлон олборлох” гүний уурхайн дэвшилтэт технологиор олборлоно.  Далд уурхайн олборлолтын нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу Толгой төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй цахилгаан машины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрин үе, олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэж байна”  гэсэн юм.  Харин “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюутолгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, "Рио Тинто"-гийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно. Энэ нь "Рио Тинто"-гийн хувьд дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх стратегийн зорилтын чухал хэсэг юм. Оюутолгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хүртэл багагүй хугацаа шаардагдах ч яг энэ цаг мөч бидэнд хамтын түншлэлээр юунд хүрч чадахыг харуулж байна. Бид урт удаан үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үедээ яваа гэдэгт итгэдэг. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй” гэдгийг онцлон тэмдэглэснийг 2023 оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.

 

2. Ромын Папын айлчлал ба Монгол Улс

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн, Католик шашны тэргүүн хамба Францис манай улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийсэн нь өнгөрч буй оны онцлох томоохон үйл явдлын нэг байлаа. Чингисийн Монголд анх удаа хөл тавьсан Ромын пап Францис тэртээ 800 жилийн өмнө Гүег хаанаас Ромын пап ламд илгээж байсан албан захидлын эх хуулбарыг бэлэг болгон барьж, “Монгол Улс бол орчин цагийн олон улсын харилцаанд эвийг эрхэмлэсэн энх тайванч улс юм” хэмээн дэлхий дахинаа дуурсгасан нь бахархалт үйл явдал болсон билээ.

Дэлхийн найман тэрбум хүний 30 орчим хувь нь Христийн шашинтай, харин тэдний 1.3 тэрбум нь католикчууд. Тиймээс бөмбөрцгийн зургаан хүн тутмын нэг нь оюун санааны эцэг хэмээн хүндэтгэн дээдэлдэг, католик шашны тэргүүн 3.5 сая хүн амтай Монголд зочилж буй учир дэлхий нийт тэр чигээрээ манай улс руу хараа бэлчээсэн билээ. Манай улсад 2000 гаруй католик шашинтан байдаг ч Ромын пап талын Монголд Ази тивээс анх удаа айлчлан ирсэн нь энэ юм. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч,  Их хурлын дарга, Ерөнхий сайд болон төр засгийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Мөн зөвхөн католик шашинтан гэлтгүй бүх монголчуудад хандан айлдвар айлтгаж, адислахдаа манай улсыг “Шашин соёлыг үл ялгаварладаг, ардчиллын үлгэр жишээ улс юм” гэдгийг бататгасан томоохон мэссэж болсон гэж хэлж болно. Тэрбээр, Их зохиолч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг” бай шүлгээс ишлэн монголчуудад хандан хөх тэнгэр шигээ уужим сэтгэлтэй байхыг захиж хүлгийн жолоог залсан билээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн урилгаар дэлхийн оюун санааны эцэг манай улсад морилон саатсан нь манай улсын гадаад бодлогын нэр хүнд ямар өндөрт байгааг батлан харуулсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий чуулганд оролцож ногоон хаш танхимын индэр дээрээс олон улсад хандан үг хэлсэн нь оны бас нэгэн онцлох үйл явдал боллоо.

НҮБ-ын 78 дахь Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 100 гаруй улсын төрийн тэргүүний хамт Ерөнхий санал шүүмжлэлд оролцож Монгол Улсын гадаад бодлого, дотоодын нөхцөл байдал олон улсын харилцаанд баримтлах бодлогын талаар дэлгэрэнгүй илтгэл танилцуулсан. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлт, дэлхий нийтийн анхаарлын төвд буй Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн үр дүнтэй байлгах талаар авч хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” зэрэг Үндэсний хэмжээний хөтөлбөрүүдээ танилцуулсан нь олон улсын талархлыг хүлээв.

 

3. УИХ-ын 126 гишүүнтэй болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулав

Парламент 2022 онд Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг.  Харин ердөө нэг жилийн дараа буюу 2023 онд дахин  Үндсэн хуулийг өөрчилж баталлаа.  Энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 126 байхаар оруулж ирэв.   Мөн сонгуулийн холимог тогтолцоог ёсчлон баталлаа.

1992 онд Үндсэн хууль батлагдаж байх үед Монгол Улсын хүн ам 2.050.000 байжээ. Харин 1992 оноос хойш өнөөдөр 65.4 хувиар өсжээ. Иймд УИХ-ын гишүүний тоог 126 болгосон нь парламентад нэг гишүүн 26970 иргэнийг төлөөлөх тооцоо гарсан байна. Улмаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн дээрх хувилбарын хүрээнд УИХ хоёр дахь хэлэлцүүлгээ тавдугаар сарын 19-нд хэлэлцэж, долоо хоногийн турш ард иргэддээ танилцуулж, УИХ-ын чуулганы 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг  баталсан билээ. Гишүүдийн тоог нэмж баталснаар Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулсан.   Ингэснээр хуулийг 39 гишүүн баталж байгаа бол 64 гишүүн баталдаг болно, гишүүд байнгын хороонд давхардаж орохгүй, нэг л байнгын хороонд харьяалагдана, 11 гишүүнтэй бүлэг байгуулах доод босго нэмэгдэнэ гэх мэт олон өөрчлөлт орж байна. Холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар иргэдийн санал гээгдэхгүй байх давуу талтай. Тиймээс ирэх сонгуулиар тав хүртэлх нам парламентад суудал авах боломжтой гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Түүнчлэн оны төгсгөлд  эрх баригчид 2024 оны сонгуулийг бүсчилж томсгосон тойрогт явуулахаар яриад эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгджээ. Мөн УИХ-д суудалтай, суудалгүй намууд ч үүнд анхаарлаа хандуулаад эхэлсэн. Ер нь бол том тойргийн асуудал анх удаа яригдаж байгаа зүйл биш. Өмнө нь дөрвөн ч удаа “зангаж” байв.  Өөрөөр хэлбэл, жижиг тойрог зовлон ихтэй гэдгийг хаана хаанаа мэддэг. Жалга довны улс төр гэдэг зүйл бүгдийг гацаадаг. Томоохон жишээ нь том төслүүд байна. Гацаастайгаа л хэдэн арван жилийн ойгоо тэмдэглэх шахдаг. Жилийн жилд төсөв хэлэлцэх болгонд л жижиг тойргийн зовлон гэх үү, жалга довны улс төр гэх үү, тэр зүйл бас л илэрдэг. Цаашлаад улс орны хэмжээний олон асуудал дээр жижиг тойргоос болж гацаа үүсдэг. Ингээд л явж ирсэн. Тойрог томсгох нь ингэж ажил хэрэг болж байгаагүй юм. Харин энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яриад байдаг реформ руугаа хандуулж байх шиг байна.

 

4. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн дараалсан сонсгол

Сүүлийн гурван жилд төрийн хяналт, бүртгэлээс гадуурх мөнгө, төр нийгмээс нууж ирсэн далд эдийн засгийг илрүүлэх ажил эрчимтэй явагдсан. Дүнд нь нүүрсний хулгай, Хөгжлийн банкны тонуул, өөр бусад том хулгайнууд илэрсэн. Тэгвэл 2023 оны эдгээрийн заримаар нээлттэй сонсголыг зохион байгууллаа.

Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хороог Б.Энхбаяр даргалж, сонсголыг 2023 оны 1-5 дугаар сарын хооронд гурван шаттайгаар явуулсан. Эхний шатны сонсголд 166, хоёр дахь шатанд 67, гурав дахь шатны сонсголд 123 хүн, нийт 356 хүн гэрчээр оролцов. Тус сонсголын хүрээнд 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь ирсэн юм. Нэг дэх сонсголд Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөг, хоёр дахь сонсголд нийт 355 зээлийн 2.9 их наяд төгрөг, гурав дахь сонсголд 2 542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн удирдлагын асуудлыг 3 600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар сонссон юм.

Харин энэ асуудлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд эхэлж, зургадугаар сарын 26-нд дууссан. Шүүхээс хэрэгт холбогдсон 48 хүнийг гэм буруугүйд тооцож, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн юм. Тус шүүхээс ял шийтгүүлсэн болон цагаатгагдсан хүмүүст тогтоол гардуулах ажиллагаа явагдаж хэдхэн хоногийн өмнө дуусжээ. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг асуудлыг ирэх 2024 онд хэлэлцэнэ.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 14-нд “Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ УЕПГ, АТГ-т энэ асуудлыг тавьж байсан. 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байна. 55.3 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд ороод байна. Гол нь, улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудал бий. Энэ тал дээр Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Чанаргүй зээлдэгчдэд холбогдох хөрөнгүүдийг битүүмжилж эхэлсэн. Нэр бүхий 15 хүрэхгүй хүн л энэ чанаргүй зээлүүдэд голлох нөлөөтэй байна. Иймд олон нийтийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкийг цэвэрлэнэ” хэмээж байв.

Түүнчлэн УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байна. Түр хороог мөн л УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр даргалж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 4-8-нд болсон. Эхний шатны сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаар нээлттэй “сонссон” юм. Энд гэрчээр давхардсан тоогоор 275 хүнд мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221  нь оролцсон юм. Хоёр дахь үе шатыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд болно. Үүгээр“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийж эхлээд байна. Энэ удаад 300 гаруй хүнийг гэрчээр дууджээ.

Нүүрсний хулгайн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн л өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энд цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Үүнд манай парламентын гишүүд холбогдсон. Цаана нь маш олон нөлөө бүхий лидер гарч ирнэ. Баяннуурын  зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан” гэж мэдээлж байсан юм.

 

5. Авлигачдыг авлах “5Ш” ажиллагааг эхлүүлэв

Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, хоёрдугаар сарын  9-нд Авлигачдыг авлах “А” төлөвлөгөө буюу “5Ш” ажиллагааг зарлав.   Тэр нь шүгэл ажиллагаа, шүүр ажиллагаа, шувуу ажиллагаа, шилжүүлэн авах ажиллагаа, шил ажиллагаа юм.  Шүүр болон шилжүүлэн авах ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Шилэн ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал, Шувуу ажиллагааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Шүгэл ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо нар ахалж ажилласан байдаг. 

Шувуу ажиллагааны хүрээнд авилга, хээл хахуулийн томоохон хэрэгт шалгагдаж байгаад эх орноосоо оргон зайлсан эрх мэдэлтнүүдийг авчирсан.   Үүнээс хамгийн дуулиантай нь  сайд асан Т.Бадамжунайг Филиппинээс авчирсан баривчилгаа байв.  Мөн  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ ажиллагааны хүрээнд авчрахаар хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа бөгөөд  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр бид “АНУ-ын Авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийж байна” гэдгийг чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн юм.   АТГ-ын дарга З.Дашдаваа “Засгийн газраас 5Ш ажиллагааг эхлүүлсэн. Энэ ажиллагааны хүрээнд манай АТГ-д дэмжлэг үзүүлж байгаа.  Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг царцаах, иргэний бүртгэл мэдээллийг чинь хүчингүй болгож байна. Зарим нэг хүмүүс өөрсдөө ирэхээ мэдэгдсэн байгаа. Манайх эрхзүйн харилцан туслалцах гэрээгээр 20 гаруй оронтой гэрээтэй.  Гэрээтэй орнуудаас шууд шилжүүлэн авах боломжтой.  Одоогоор “Шувуу” ажиллагааны хүрээнд Д.Удаанжаргал нарын 20 орчим хүнийг авчрахаар ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

ЦХХХ-ны сайд Н.Учралын ахалж буй Шилэн ажиллагааны  хүрээнд shilen.gov.mn платформыг 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр нээсэн.  “Таны төр-Та хяна” уриалгийг олон нийтэд дэвшүүлж, анх есөн тусгай зөвшөөрөл олгогч байгууллагын 3450 зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй байршуулсан билээ. Өнөөдөр 12797 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил болгожээ.  Харин төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах Шүүр ажиллагааны хүрээнд 481 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдэг мэдээллийг хамгийн сүүлд  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өгсөн билээ

.

6. Авлигын үер нүүрлэв

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгож зарласан. Хоржоонтой нь хавар нь ингэж зарлаад зун нь нийслэл Улаанбаатар хот нэлдээ “Авлигын үер”-т автав. Учир нь үерийг “Үргэлжлэн орсон борооны улмаас” гэсэн боловч угтаа авлигаас үүдэлтэй усанд авталт болчихсон. Тодруулбал, улаанбаатарчуудыг зунжин сандаргасан их усны үер Улаанбаатар хотод бушшсан авлигаас үүдэлтэй болохыг бараг л нотолчихов. Олон ч асуудлыг сөхөж гаргаж ирэв. Тодруулбал, өнгөрсөн зуны наадмын өмнөхөн орсон борооноорс хот хаваир үер болж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сарын 6-нд Сэлбэ гол, Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очиж ажилласан.  Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд энэ үеэр онцолсон. “Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь дунд голын урсацыг сааруулж байгаа учир УОК, НОК-ийнхон эхлээд “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг голдирлоор нь урсгах арга хэмжээ авсан. Тэгвэл тэнд 2008 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Мөн тэрбээр “Уг нь эрсдэлийн бүс буюу гол устай газраас 50 метр дотогш барилга, байгууламж барьж болохгүй гэдэг заалт бий. Гэвч шүүхийн шийдвэрийн асуудал гардаг.  Жишээ нь "Авлига хороолол" дээр шүүхийн шийдвэр нь буцаж сэргээд далан, хаалтыг нь аюул осолгүй түвшинд хийсэн гээд л явж байна. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулийн шаардлагаар шахдаг. Цаашдаа Улаанбаатар хотод газар олгохдоо Газрын багц хуулийг эхний ээлжид шийдэх нь чухал. Одоогийн хууль дүрэмд газар олголт хийх нь маш төвөгтэй асуудал. Засаг даргын захирамжийн 70-80 хувь нь газрын зориулалт өөрчлөх, газар шинээр олгох, цуцлах байдаг. Улаанбаатарын төлөвлөлтийн алдаа энэ юм.  Хэн нэгэн Засаг даргын гарын үсгээр газар олгодог биш газрын биржээр зохицуулагддаг байх нь зүйтэй. Газар олголт далд эдийн засгийг дэмждэг хэрэгсэл байж болохгүй” гэж тайлбарласан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд УОК, НОК-ийн удирдлагуудад “Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийг нураа” гэсэн үүрэг өгөв.  Мөн “Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд өгдөггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодез, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд авах эрх зүйн орчныг бүрдүүл” гэсэн чиглэлийг өгсөн. Ингэснээр наад зах нь нийслэл, дүүрэг аймаг, яам тус тусдаа газар олгодог байсныг нэгдсэн системд оруулахаар болсон юм. Түүнчлэн УИХ-аас аравдугаар сард Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, албан тушаалтнуудыг хотын газар олголт, ерөнхий төлөвлөлт, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгох зорилго бүхий Түр хороог байгуулахаа мэдэгдсэ. Мөрдөх байгууллагууд нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн. Харин зунжин, намаржин ярьсан “Авлига хороолол”-ыг нураах асуудал ямар нэг шийдэлгүй байсаар өвөлтэй золгоод байна.

 

7. Ногоон автобусны “но” илэрч, олныг бухимдуулав

Нийслэлд худалдан авалтын тендер будлиантаж, ногоон автобусын “но” илрэв. Ногоон автобусны хэрэг ХҮН-ын шүгэл, талбай дээрх танилцуулга, албан тушаалтнуудын тайлбар, мэдүүлэг, тэр бүү хэл Солонгосын компанийн удирдлагуудыг монголчуудын өмнө авчирч бөхийлгөх дээрээ тулсан ч гал намжсангүй. Харин улам хурцаж хууль шүүх, баривчилгаа дээрээ тулсан.  Мөн нэг өдрийн дотор хоёр ч даргыг албан тушаалаас нь буулгах хүчтэй “зэвсэг” болж хувирав. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж. Сүхбаатар өргөдлөө өгөөд гарч ирэхдээ “Худалдаж авсан автобуснуудын чанар үзүүлэлт нь өмнөхөөсөө сайжирсан гэх мэргэжлийн хүмүүсийн үгэнд, Daewoo компанийн нэр хүндэд итгэсэн минь үнэн. Намайг шалгах асуудал хуулиар нээлттэй. Төсвийн ерөнхийлөн захирагч нь би учраас “захирах” эрхээ хотын даргад шилжүүллээ гээд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн ёс зүйн хариуцлага хүлээчихлээ гээд бусад шалгалтаас зугтаж байгаа үг биш” гэсэн. Харин хотын дарга Д.Сумъяабазар “Хариуцлагаас зугтаад байгаа зүйл ер байхгүй. Тендер, ажлын хэсэгт би нөлөөлөөгүй. Хуулиараа болохгүй. Би ногоон автобусанд оролцоогүй, хэрэв буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээнэ, ерөөсөө айхгүй. Газрын наймаанд хэн, хэрхэн оролцдог зэрэг асуудлуудыг бүгдийг нь ил болгоно” гэж хэлээд ажлаасаа буусан. Одоогоор “Тэнүүн-Огоо”  компанийн захирал А.Ганхуяг нарын 30 орчим хүнийг энэ хэргийн хүрээнд шалгаж байна.  Мөн АТГ-ын шалгалтаар "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлохдоо насжилтыг уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, хуурамч бичиг баримт үйлдсэн. Хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа нь илэрч "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захирлыг шалгаж буй. Энэ мэтээр нийтийн тээвэрт дахиад өөр авлигын асуудал байгаа нь илэрсээр байна.

 

8. Цахим шилжилтэд реформ хийж, 120 хуулийг өөрчлөв

Монгол Улс “Цахим үндэстэн” болох томоохон алхмыг хийсэн жил боллоо. Парламент Засийн газраас өргөн барьсан цахим шилжилтийг хурдасгах, хууль хоорондын зөрчил, давхардлыг арилгах 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зургаан сарын турш зүйл, заалт бүр дээр хэлэлцэн эцэслэн батлахад бэлэн боллоо.  Хамгийн олон хуульд өөрчлөлт оруулж байгаа энэхүү төслийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар,  Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал хариуцан ажилласан юм. 120 хуулийн өөрчлөлт батлагдсанаар цахим бичиг баримтыг яг цаасан бичиг баримттай адилхан хэмжээнд хүлээн зөвшөөрнө том концепц хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр төрийн үйлчилгээнээс гадна бусад салбарын харилцаанд цахимаар оролцох сонголтыг нэмж, мэдээллийн технологийн дэвшилтэт боломжуудыг бүрэн ашиглах боломжийг нээжээ. Өөрөөр хэлбэл, төр өөрт байгаа иргэнийхээ мэдээллийг шууд цахим системээс татдаг болно. Нэг цонхны үйлчилгээ бүрэн дүүрэн хэрэгжиж “Цахим үндэстэн” болох зорилгод хүрэх томоохон алхам болсон юм.

 Түүнчлэн 2023 онд D-Petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийн журмыг баталж, хэрэглээнд нэвтрүүллээ.  Ингэснээр Монгол Улсын иргэн бүр өөрийн амьдарч байгаа газраасаа “D-Parliament” платформыг ашиглан, парламентад саналаа хэлж, асуудлаа шийдэх боломжтой болсон.  Тухайн иргэний саналыг эхний 100 хүн дэмжвэл цонх нээгдэнэ.  Түүний дараа УИХ-аас техникийн болон эрхзүйн дэмжлэг үзүүлж 33 мянган иргэн дэмжвэл тухайн санал дээр Ажлын хэсэг байгуулах, 70 мянган хүн дэмжвэл шууд байнгын хороон дээр хянан шалгах боломжтой болж байна. 100 мянга, түүнээс дээш хүн дэмжвэл парламент дээр асуудлыг ярьж,  УИХ-ын даргын үүрэг чиглэлийн дагуу асуудлыг шийдэх ийм боломж бүрдсэн.  Энэ дагуу өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын асуудлаар иргэд маань идэвхтэй санал өгч,  УИХ-ын дарга Г.Занданшатарын үүрэг өгч, Татварын цогц реформ хийх асуудал яригдаж эхэлсэн билээ.

 

9. 70 жилийн дараа экспортын төмөр замын гарцаа нээлээ

2023.05.27-ны өдөр  Монгол Улсын түүхэнд нэгэн төд мөр бичигдэж, “Шивээхүрэн-Сэхэ” боомтын төмөр замын шавыг тавих, бүтээн байгуулалтын нээлт боллоо.  “Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтын  зориулалттай  төмөр замын трасс нь  Хятад Монголын  хилийн 573 тоот баганы баруун талаар хойш 1.7 км яваад R-2000m  хагас радиусаар  баруун хойш муруйсан  чиглэлтэй  байх  юм. Гол замын урт нь  7.1 км  урт байна.  Уг төмөр зам нь  1435 мм-ийн царигтай, галт тэрэг хүлээн авах, явуулах  таван салбар замтай. Мөн ачилт буулгалтын  дөрвөн салаа зам бүхий  чингэлэгтэй ачааг  автомашинаас  буулгах, вагонд шилжүүлэн ачих, хоосон чингэлгийг  автомашинд  ачих  чингэлэг  өргөгчийг  ажилуулар  зориулалт бүхий талбайтай байхаар  төлөвлөгджээ. Түүнчлэн “Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтын  зориулалттай  төмөр замын төслийг  Засгийг газрын  232 дугаар  тогтоолын дагуу, төр хувийн хэвшил буюу  “Нарийн сухайтын  төмөр зам” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтааар шийдэж буйгаараа онцлог. Энэ үеэр Монгол Улсын сайд,  Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Бүтээн байгуулалтын ажил хийж байгаа хувийн хэвшил, компаниуд дээр  цар тахлын хүндрэл нөлөөлөл их байсан.  Өнгөрсөн долоо хоногт  “Бичигт”  боомтын өргөтгөл бүтээн байгуулалтын ажил  эхэлсэн.  Зам талбайн ажил эхлээд дараа нь барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил явна.  “Бичигт” боомт  2024 оны арванхоёрдугаар  сард ашиглалтад  орох ёстой. Тиймээс бүтээн байгуулалтын ажил дээр гарч байгаа аливаа гацаа,  асуудлыг цаг тухайд шийдэх асуудал ажиллаж байна. Боомтын сэргэлтийн хүрээнд боомтыг зөвхөн одоо байгаа үндсэн байгууламжийг хэсэгчлэн төлөвлөгөөний дагуу өргөжүүлэхээс гадна боомтын  ерөнхий  төлөвлөлтүүдийг тухайн бүс, нутаг, эсрэг талын хиллэж байгаа боомтуудын  ерөнхий төлөвлөлт дээр уялдуулах ажлыг энэ  жилдээ багтаж хийж дуусгана. Боомт бүр дээр  үүсэж байгаа суурьшлын бүсүүд,  ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн нөхцөл байдал,  үйл ажиллагаа явуулж уурхайнуудын хоорондын зохицуулалт, үүнтэй холбоотой эрчим хүч дулаан, зам дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг зохицуулж, шийдэх ёстой. Өмнө боомтыг хоёр орны хилээр зорчих хэсгийг төсөөлдөг байсан  бол  цогцоор хардаг зорилттой болж байгаа" гэв.

 

10. Феминист гадаад бодлогыг дэмжигч Монгол

Гадаад харилцааны эмэгтэй сайд нарын чуулга уулзалтыг манай улс анх удаа санаачлан эх орондоо зохион байгуулсан нь өнгөрсөн зургадугаар сарын томоохон үйл явдлын нэг юм.  Уулзалтыг ХБНГУ, БНФУ хамтран зохион байгуулсан бөгөөд Холбооны Гадаад хэргийн сайд А.Бербок, Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна нар биечлэн оролцсон. Мөн Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди, Лихтенштайн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Д.Хаслер, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор, Австралийн Холбооны Улсын Жендерийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд С.Кэмпбэлл, Бүгд Найрамдах Мозамбик Улсын Элчин сайд Ана Немба Уаине болон Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэргийн асуудал эрхэлсэн захирал С.Оюун, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хэмилтон, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Шмид нар хүрэлцэн ирж оролцсон юм.  НҮБ-ын 193 орны 40 гаруй нь эмэгтэй Гадаад харилцааны сайдтай. Тэднийг оролцуулсан Феминист гадаад бодлогын групп гэж бий. Олон улсын томоохон хурал, уулзалтын дараа Гадаад харилцааны эмэгтэй сайд нар уулзаж ярилцдаг албан бус уламжлал байдгийг албаны болгох санаачлагыг Б.Батцэцэг сайд гаргасан юм. Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн энэхүү уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хангамж, хүрэлцээ, олон улсын энх тайван, аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар хэлэлцсэн юм. Мөн энх тайван, аюулгүй байдал, хүнсний баталгаат хангамж, байгаль орчны өөрчлөлтөд эмэгтэйчүүд ямар чухал үүрэгтэй гэдгийг хэлэлцэхийн зэрэгцээ дипломат харилцааг бэхжүүлэх, улс орнуудын үл ойлголцлыг намжаах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хамгийн эв зүйтэй аргаар шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн ухаан туршлага, мэдлэг томоохон үүрэгтэй тухай онцолж байлаа. Ерөнхийлөгчийн ивээл дор манай улсад анх удаа зохион байгуулсан энэ чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэн Улаанбаатарын тунхаглал баримт бичгийг гаргасан.  Ийнхүү Гадаад харилцааны эмэгтэй сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулсан манай улсыг “феминист гадаад бодлогыг дэмжигч” хэмээн албан бусаар нэрлэх болсон нь энэхүү чуулганы ач холбогдлын нэг юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 252 (7237)