Т.САЙХАН
Нийслэлийн АН-аас дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, автозамын тэг зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар мэдэгдэл хийлээ.
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь эргэлддэг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан, хязгаарласан хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргалаа.
- Нийслэлийн Засаг даргаар томилогдоод зургаан хоногийн хугацаанд "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" гэсэн иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох зорилгот бүхий хууль санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлуулсан. Ингэснээр хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгасан нь хүний эрх чөлөөнд ноцтой халдаж байна.
- 53 хоногийн хугацаанд татварыг хоёр хувь нэмсэн. Аж ахуйн нэгж байгууллагын татварыг нэмэгдүүлж бизнесийн үйл ажиллагааг хаан боогдуулах шийдвэр гаргалаа. 2024 оны төсвийг 1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татвар төлөгчид бүрдүүлнэ хэмээн татвар төлөгчдийн нураан дээрх ачааг нэмж байна.
- 65 дахь хоногтоо Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авах тухай захирамжаар захирамжлахдаа 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон нь нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, парк шинэчлэл байхгүй, -30 градус хүртэл хүйтэрч буй нөхцөлд иргэдийг хувийн унаагаараа зорчихыг хязгаарлаж байна. Энэ нь иргэнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байна.
- Захирамж нь иргэн бүр тэгш эрхтэй байх суурь зарчмыг бүдүүлгээр зөрчиж байна. Нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх үндэслэл мөн.
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй үндсэн хуулиар олгогдсон суурь эрхэд ноцтойгоор удаа дараа халдсан гэж үзэж байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn