Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.ЭНХБАЯР

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс нийгэмд хандсан оюун санааны өөрчлөлт, шинэчлэлтийн төлөөх оюунлаг арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж буй. Өнгөрсөн пүрэв гарагт болсон “Нийгмийн дэвшил-Сэхээтний манлайлал” эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тавьсан "Сэхээтнүүд бол Ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч мөн” илтгэлийг бүрэн эхээр нь уншина уу.

 

Хүн хэмээх бодгаль гурван цаг хугацааны огтлолцол дээр амьдардаг билээ. Энэ гурван цаг хугацааны тухай тус тусад нь ярьвал хүн:

-Өнгөрснөө судлан дүгнэхийг бодно,

-Өнөөдрөө ойлгон тодорхойлохыг оролдоно,

-Ирээдүйгээ төсөөлөхийг хүснэ.

Гэхдээ энэ гурван цаг хугацаа, тэдгээртэй холбоотой үйл явдал хүн дотор гурвуулаа нэгэн зэрэг оршиж байдаг нь сонин билээ. Өнөөдөр та бид өнөөгийн Монголын нийгмийн амьдралд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн “Ардчилсан хувьсгал” хэмээх үзэгдлийн тухай чухамхүү гурван цагийн огтлолцлолын цэг дээрээс харах, ярихын тулд энд хуран цугларсан байна.

Дэн Сяопинаас Францын 1789 оны хувьсгалын тухай, түүний ач холбогдол, үр дүнгийн тухай асуухад тэрээр: Одоо тэр хувьсгалын үр дүнгийн тухай ярих арай эрт байна гэж хариулсан гэдэг.

Үүний нэгэн адил “Ардчилсан хувьсгал”-ын тухай, түүний үр дүнгийн талаар ярих арай эрт байж магадгүй. Гэхдээ энэхүү том үйл явдлын тухай ярихдаа нэг, хоёр хүний тухай, нэг, хоёр намын тухай явцуу ярианаас цааш хэтрэхгүй байсаар байх юм бол түүний ач холбогдол, үр дүнгийн тухай мөн адил ядуухан дүгнэлттэй суусаар байх болно. Тэгвэл ийм гүехэн ойлголт, дутуухан дүгнэлт хүнд ухаарал, сургамжийг өгөхийн оронд маргаан, талцал, зөрчлийг өдөөнө.

“Аз жаргал бүгдэд хүртээлтэй баймааж сая жинхэнэ аз жаргал болдог” гэсэн үг байдаг. Үүнтэй нэгэн адил “Ардчилал”-ыг нэг, хоёр хүн, нэг, хоёр намын “өмч” мэтээр үзэх нь ихээхэн учир дутагдалтай. “Ардчилал” бүгдэд хүртээлтэй, бүгдийн “дундын өмч” баймааж сая жинхэнэ ардчилал болдог билээ.

Өнөөдөр чухамхүү “Ардчилал” бүгдэд хүртээлтэй болсон, ард түмнийх нь “дундын, хамтын өмч” болсон улс орнууд амжилттай улс орнуудын тоонд ордог байна. Энд Норвеги, Финланд, Швед, Австрали, Шинэ Зеланд, Дани, Швейцар зэрэг улс орнуудыг нэрлэж болно. Эдгээр улс оронд юуны түрүүн төр засгийн тухай ойлголт орчин үетэйгээ уялдан гүнзгийрэн хөгжиж, түүний хамгийн энгийн томъёолол нь “төр засаг бол ард түмэн мөн” хэмээн илэрхийлэгддэг болсон учир тэдгээр улс оронд “Ардчилал” бүгдэд хүртээлтэй, бас хүртээмжтэй болжээ.

Тэгвэл Монгол Улсад анхнаасаа “Ардчилал” бол нэг хэсэг цөөн тооны хүмүүс, нэг, эсхүл цөөн тооны намын өрнүүлсэн үйл явц, “өмч” мөн гэсэн учир дутагдалтай ойлголт буй болж, энэхүү ойлголт өнөөдөр хүртэл хэвээр оршсоор байна.  

 “Ардчилал”-ыг ийнхүү явцуу ойлгосны уршгаар түүний мөн чанарыг дутуу ухаарах, үнэ цэнийг нь дутуу үнэлэх, түүнтэй холбоотой мэтээр ойлгогддог хүн, эсхүл намын нэр хүнд унахад “Ардчилал”-ын нэр хүнд хамтдаа унах, улмаар иргэд “Ардчилал”-ын оронд дарангуйлалын тогтолцоо, хүчтэй удирдагчийг хүсэмжлэх зэрэг сөрөг үзэгдэл өдөөгдөн буй болж байна.

Өнөөдөр манай нийгэмд “Ардчилал”-ын нэр хүнд унасан байгаа нь нууц бишээ. Энэ нь түүний тухай ойлгох ойлголт анхнаасаа гүехэн байсан, “Ардчилал” бүгдэд хүртээлтэй, хүртээмжтэй байгаагүй, түүнтэй холбоотой гэж үздэг хүн, эсхүл намын нэр хүнд унасан зэрэгтэй шууд болон тойруу замаар холбоотой.

Харин “Ардчилал”-ыг илүү гүн гүнзгий ойлгох, түүний Монголын хөрсөнд буухад нөлөөлсөн учир шалтгааныг илүү өргөн цар хүрээтэй ухаарах, түүний хөдөлгөгч хүчийг оновчтой тогтоох, ингэснээр “Ардчилал”-ыг “өмчлөгчид”-өөс нь салган нийт олны хүртээл болгох нь “Ардчилал”-ын нэр хүндийг сэргээх, түүнийг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, үр шимийг нь бүгдээрээ хүртэх сайхан боломж бололцоог нээн олгоно.

Эцсийн эцэст “Ардчилал” болон түүнийг бүгдэд хүртээлтэй болгосон зөв тогтолцоо тогтох нь Монгол Улсын хувьд оршин тогтнох эсэхийн нэгэн чухал учир шалтгаан болно гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй.

Манайд өнөө хүртэл “Ардчилал”-ын мөн чанарыг дутуу ухаарсан хэвээр байгаа тул улс төрийн нэг хүчин сонгуулийн дүнгээр хамгийн олон санал авбал “Ардчилал ялав”, харин өөр улс төрийн хүчин хамгийн олон санал авбал “Ардчилал ялагдав” гэж мулгуйтдаг нь гэм биш зан болжээ. Үнэн хэрэгтээ сонгуулийн дүнгээр тухайн үед эрх барьж байгаа улс төрийн хүчин улс төрийн өөр хүчингээр солигдох нь “Ардчилалын үйл явц” үргэлжилж байгаагийн илэрхийлэл мөн билээ. Энэ үүднээс авч үзвэл нэг талаас “Ардчилал” ердөө нэг сонгуулийн настай байдаг, байнгын эрсдэлд байдаг, нөгөө талаар хүн төрөлхтний хөгжлийн түүхийг харвал эцсийн эцэст “Ардчилал” ялдаг ажээ.

 

“Ардчилал” бол нэгэн зэрэг зорилго бөгөөд үйл явц мөн билээ, тодруулвал хэзээ ч хүрэхгүй зорилго, хэзээ ч тасрахгүй үйл явц мөн. “Ардчилал” бол хэзээ ч хүрэхгүй зорилго юм бол түүнд хүрэх гэж зорихоо больё гэж эргүүтвэл нэг бол дарангуйлал, эсхүл анархи байдал руу гулсаж орно. Нөгөө талаар “Ардчилал”-д хүрчихсэн гэж мунхаглаж түүн рүү тэмүүлсэн үйл явцыг таслан зогсоовол тухайн улс орны хөгжил дэвшил мухардалд орно.

  Монголд “Ардчилал”-ын мөн чанарын тухай дутуу ойлгосон байгаагийн учрыг олж мэдэхийн тулд эхлээд Монголд “Ардчилал”-ын үйл явц хэний, юуны нөлөөн дор өрнөснийг, энэхүү үйл явцын гол хөдөлгөгч хүч хэн байсныг, тэр хөдөлгөгч хүч одоо байгаа эсэх, байх шаардлагатай эсэхийг ухаарах нь ихээхэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

“Ардчилсан хувьсгал” хэмээх үзэгдэл бол 20 дугаар зуунд Монголд өрнөсөн хувьсгалын шинж чанартай өөрчлөлтийн гурав дахь нь мөн. Эхний хоёр нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал болон 1921 оны Ардын хувьсгал билээ.

Монгол Улсын туулсан шинэ үеийн буюу сүүлийн 100 гаруй жилийн түүхийг эргэн харвал Монголд аливаа хувьсгал буюу хувьсгалын шинж чанартай өөрчлөлтүүд дээрээс өрнөдөг зүй тогтолтой ажээ. Түүнчлэн эдгээр хувьсгалын шинж чанартай өөрчлөлтүүд гадны нөлөөн дор болдог байна.

Тухайлбал 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал Чин Улс суларч, Хятадад гадаадын дарангуйлагчдаас буюу манжуудаас салах зорилготой Синьхай хувьсгал өрнөсөнтэй шууд холбоотой. Ийм нөхцөлд Манж ба Монголын хаад, ноёдын хооронд тогтоосон, олон арван жилийн турш баримталж ирсэн ойлголцол задарч, тэр үеийн Монголын ҮШ Богд тэргүүтэй ноёд Монгол Улсын тусгаар тогтнолыг зарласан байдаг билээ. Ийнхүү энэхүү хувьсгал дээрээс, бас гадны нөлөөн дор өрнөн хэрэгжсэн байна.

1921 онд ялсан Ардын хувьсгал тэр үеийн Орос оронд 1917 онд өрнөсөн Октябрийн хувьсгалтай холбоотой. Монголын ноёд, сэхээтнүүд Монголын тусгаар тогтнолыг бат бэх тогтоохын тулд хойд хөршид хандаж, Орост өрнөсөн иргэний дайнд хоёр тал болон оролцож байсан цагаантныхан буюу Барон Унгерний цэргүүд гамингуудыг нийслэл Хүрээнээс хөөж, улаантан буюу Улаан армийн цэргүүд цагаантны цэргүүдийг нийслэл Хүрээнээс хөөж, ийнхүү Ардын хувьсгал Монголд ялсан байдаг. Энэхүү томоохон үйл явдалд гадныхны нөлөө, оролцоо байсан нь тодорхой бөгөөд Монголын талаас ноёд, сэхээтнүүд манлайлан оролцсон байна.

Ийнхүү хувьсгалт үйл явц өрнөсний үр дүнд нийгмийн харилцаа эрс өөрчлөгдөн шинэчлэгдэж, тэдгээр өөрчлөлтийн үндэс суурь нь анхдугаар Үндсэн хууль болсон юм. Энэхүү Бүгд Найрамдах улсыг тунхаглан баталгаажуулсан Үндсэн хуулийг бичиж батлахад мөн адил гадны нөлөө орсон, түүнийг боловсруулахад Монголын сэхээтнүүд оролцсон байдаг билээ.

20-р зууны эцэс гэхэд Монгол Улс (хуучин нэрээр БНМАУ) ЗХУ тэргүүтэй социалист орнуудын хүрээнд багтдаг, тэр үеийн ЗХУ (хуучин нэрээр)-аас ихээхэн хараат улс болсон байлаа.

Тэр үед ЗХУ улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд гүн гүнзгий хямралт байдалд орсон бөгөөд тухайн үеийн ЗХУ-ын удирдагчид богино хугацаанд ар араасаа цувран таалал төгссөн нь энэ байдлыг улам тодруулж өгсөн юм. Энэ тухай, ер нь Оросыг ойлгохын тулд эрдэм шинжилгээний бүтээлээс дутуугүй чухал үүрэг гүйцэтгэдэг бүтээл бол онигоо байдаг. Тийм учир тэр цагийн тухай олон онигоо байдгийн нэгийг нь ярья.

Брежнев хойд ертөнцөд очоод байж байтал удалгүй араас нь Андропов хүрч иржээ. Брежнев Андроповд хандан:

-Энд учирч уулзсаныгаа тэмдэглэж хоёулаа хундага өргөе гэсэнд Андропов: -Оросын ёсоор бол гурвуулаа уудаг. Гурав дахь нөхрөө ирэхийг хүлээе. Удахгүй хүрээд ирэх байх гэжээ.

Ийм нөхцөлд ЗХУ-д удирдлага нь ойр ойр солигдож, эцэст нь М. С. Горбачёв хэмээх харьцангуй залуу хүн тэр үед ЗХУ-ын “нийгмийг удирдан чиглүүлж” хүчин байсан ЗХУКНамын удирдагчаар сонгогдсон билээ. Горбачёв “Өөрчлөн байгуулалт”, “Ил тод байдал”, “Шинэ сэтгэлгээ” гэсэн гурван зорилтыг дэвшүүлсэн юм. Түүний эхлүүлсэн энэхүү үйл явц ЗХУ тэргүүтэй социалист орнуудад бүгдэд нь асар хүчтэй нөлөө үзүүлж, тэдгээр орнуудад “Ардчилсан хувьсгал”-ын үйл явц өрнөсөн билээ. Хэдийгээр орон бүрт өөр өөрийн өвөрмөц онцлог байсан нь үнэн ч ерөнхийдөө энэхүү үйл явц дэлхийн олон улс орон “Ардчилал”-ыг тогтоох зорилго дэвшүүлэх боломж бололцоог олгосон юм.

Хүн төрөлхтөн энэхүү зорилго, үйл явцыг сайн сайхан ирээдүйтэй холбон ойлгож баяр баясгалантайгаар хүлээн авсан нь Фукуяма хэмээх эрдэмтэн “Түүхийн төгсгөл” гэсэн бүтээл бичиж хэвлүүлснээр илрэлээ олсон юм. Фукуяма хүн төрөлхтөн, хүн төрөлхтний түүхийн эцсийн зорилго бол “Ардчилал”-ыг тогтооход оршиж байсан учир нэгэнт бүгд “Ардчилал”-ыг эргэлт буцалтгүй сонгосон болохоор хүн төрөлхтний түүх төгслөө хэмээн зарлан тунхагласан юм. Хожим энэ нь гэнэхэн дүгнэлт байсныг ухаарсан Фукуяма түмэнтээ уучлал гуйж буруугаа хүлээсэн байдаг.

Ямар ч байсан хоёр Германыг хувааж байсан, Барууны болон Зүүний орнуудыг нэг нэгнээс нь тусгаарлаж байсан, зарим судлаачдын үздэгээр Дэлхийн гуравдугаар дайн буюу Хүйтэн дайны илэрхийлэл болж байсан Берлиний хана нурж, Хүйтэн дайн зогсч, Эрх чөлөөний салхи нэвт шувт үлээсэн юм.

Энэ завшааныг ашиглан Орос, Америкийн алдарт яруу найрагч, Нобелийн шагналт И.Бродскийн “Берлиний хана” шүлгийн орчуулгаасаа хэдэн мөрийг нь та бүхний анхааралд толилуулъя.

Шүд араа нь хугарсан мэт санагдах

Хятад, Ромын эртний хана хэрмүүдийг бодвол

Шинэхэн босгосон Берлиний хананы соёо нь хурц

Хажуу айлын хөршийн махаар хооллосоор улам өнгө орж гялалзана.

          *              *              *

Амьдрал гэх юм алга болсон газар

Аливаа юм өөдлөх биш уруудах газар явж оч.

          *              *              *

Ангир шувуу шинэ дуу жиргэлээ ч гэсэн

Аймшигт хана амьд болгоныг залгисаар байгааг очиж хар.

Энэ бүх өөрчлөн байгуулалтын үр дүнд ЗХУ өөрөө задарсан нь хүн төрөлхтний түүхийн явцыг өөрчилсөн томоохон үйл явдал болсон билээ. Зарим хүн ЗХУ-ын задралыг ХХ зууны хамгийн том геополитикийн сүйрэл хэмээн дүгнэдэг бол, бусад нь ЗХУ бол импери буюу бусдыг колоничлосон эзэнт гүрэн байсан учир түүхийн жамаар задарсан гэж үздэг билээ.

Түүний бүрэлдэхүүнд байсан 15 Бүгд найрамдах улс бүгд бие даасан улс орнууд болж өөр өөрийн зам мөрийг хөөсөн билээ. Балтын тэнгисийн орнууд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохоос өмнө тусгаар тогтносон улс орны туршлагатай байсан учир, өөрчлөн байгуулалтыг харьцангуй амжилттай өрнүүлж, тусгаар тогтнолоо сэргээж, улмаар Европын Холбоо, НАТО-гийн гишүүн орнууд болж чадсан байна. Харин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан голдуу Төв Азийн орнуудад өмнө нь тусгаар тогтносон улс орнууд байсан туршлага бага байсан учир гол анхаарлаа тусгаар тогтносон улс орон болоход чиглүүлж, энэ нь эдгээр орнуудын удирдлагад авторитар дэглэм тогтоох шалтаг шалтгаан болсон гэж үздэг. Гэхдээ дээрх орнуудад бүгдэд нь хамаатай нийтлэг шинж чанартай үзэгдэл бол тэдгээрт өрнөсөн хувьсгалын шинж чанартай өөрчлөлтүүд дээрээс өрнөсөн гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

Энэ дүгнэлтийн нотолгоо нь ЗХУ-д явуулсан Бүх нийтийн санал асуулга, түүний дүн юм. 1991 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ЗХУ-д ЗХУ байх эсэх тухай асуудлаар Бүх нийтийн санал асуулга явуулахад түүнд нийт сонгогчдын 80 гаруй хувь оролцож, нийт оролцогчдын 76 гаруй хувь нь ЗХУ байх нь зөв гэсэн утга бүхий санал өгсөн байдаг. Гэтэл тэр жилдээ буюу 1991 оны 12 сарын 26-ны өдөр ЗХУ албан ёсоор татан буугдсан байдаг бөгөөд энэ үйл явдал бол хувьсгалын шинжтэй өөрчлөлт мөн гэж үзэхээс өөр аргагүй. Тэгэхээр ЗХУ-д, түүний бүрэлдэхүүнд багтаж байсан Бүгд найрамдах улсуудад хувьсгалын шинж чанартай өөрчлөлтийг энэхүү санал асуулгын дүнгийн эсрэг буюу доороос биш дээрээс хийж, улмаар ЗХУ задарсан байна.

Энэ жишээн дээрээс үзэхэд Лениний хувьсгалын тухай онол буюу “ажилчин анги хувьсгалын хөдөлгөгч хүч мөн” гэсэн номлол бодит амьдрал дээр нотлогдоогүй юм гэж хэлж болох мэт. Харин эдгээр орнуудад хувьсгалын хөдөлгөгч хүч нь сэхээтнүүд байсан гэж дүгнэх хэрэгтэй. Энд сэхээтнүүд гэдэг үг нь өргөн утгаар хэрэглэгдэж байгааг та бүхэн ойлгож байгаа бизээ хэмээн найдаж байна. Хамгийн энгийнээр хэлбэл сэхээтнүүд бол дээд боловсрол эзэмшсэн хүмүүс гэсэн үг. Цааш нь илүү нарийсган тодорхойлъё гэвэл сэхээтнүүд бол:

-тухайн нийгмийн алдаа дутагдлыг олж харж чаддаг,

-тэдгээрийг засах хүсэл эрмэлзэлтэй,

-өдөр тутмын ахуй амьдралын дарамтад ороогүй,

-зохих хэмжээний амбицтай,

-бусдын зовлон өөрт нь хамаатай хэмээн боддог,

-аливаад эргэлздэг,

-мөнгө бол амьдралын гол зорилго мөн хэмээн үздэггүй  хүмүүс гэж хэлж болно. Сэхээтний тухай бүгд хүлээн зөвшөөрсөн нэг тодотгол хэлэхэд хэцүү учир дээрх тодотголыг хэлэхэд хэний тухай яриад байгаа нь харьцангуй ойлгомжтой болсон байх хэмээн бодож байна.

 “Ардчилсан хувьсгал”-ын үйл явц дээрх орнуудын ихэнхид нь харьцангуй тайван өрнөсөн нь түүнийг доороос биш дээрээс хийсэн, мөн тэрхүү хувьсгалын шинжтэй өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүчин нь сэхээтнүүд байсан гэсэн ажиглалтыг баталж байгаа юм.

“Ардчилсан хувьсгал”-ын үйл явц Монголд дээрх орнуудын нэгэн адил нэгд, ЗХУ болон бусад социалист гэгдэх орнуудад өрнөсөн үйл явдлын шууд нөлөөн дор болсон, хоёрт, түүний гол хөдөлгөгч хүчин нь сэхээтнүүд байсан, гуравт, тийм учир энэхүү үйл явц харьцангуй тайван өрнөсөн гэж хэлэх хэрэгтэй. Энэхүү хувьсгалын шинж чанартай өөрчлөлтийг улс төрийн нэг хүчин, түүнчлэн нэг, хоёр хүн хийсэн мэтээр өнөөг хүртэл төсөөлөгдөж ирсэн нь энэхүү том үйл явдлын мөн чанарыг дутуу ойлгосонтой холбоотой.

 Тэр үед Үндсэн хуулинд хуучин нэрээр нь хэлвэл “МАХН нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн тодорхой заалт байсан. Тийм учир энэ нам тухайн үеийн хамгийн эрдэм боловсролтой боловсон хүчнийг бэлдэж салбар салбарт ажиллуулдаг байсан. Түүнчлэн дээд боловсролыг үнэгүй олгодог байсан, олон мянган залуучуудыг ЗХУ болон бусад социалист гэгдэх орнуудад үнэгүй сургаж байсан. Өөрөөр хэлбэл МАХН ийнхүү сэхээтний давхаргыг бий болгож, тэд нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцдог болсон байна.

Үүн дээр нэмж хэлэхэд тэр үед хамгийн түгээмэл гадаад хэл бол орос хэл байсан билээ. Сэхээтнүүд ерөнхийдөө орос хэлээр мэдээлэл хүлээж авах чадвартай байсан бол жирийн ард иргэд орос хэлээр мэдээлэл хүлээж авах, ойлгох чадваргүй байсан байна. Дээр нь Зүүн Европын орнуудад их, дээд сургуулиудад сурч төгссөн сэхээтнүүд тэдгээр орныхоо албан ёсны хэлүүдийг эзэмшсэн байсан нь тэд тэдгээр улс орны талаар мэдээллийг ямар нэгэн орчуулгагүйгээр өөрсдөө шууд хүлээн авах боломжтой байсан байна. Жирийн иргэдийн хувьд тийм чадвар эзэмшээгүй байсан нь ойлгомжтой.

Цаашилбал тэр үед шийдвэр гаргах төвшинд ажиллаж байсан сэхээтнүүд бараг бүгд МАХН-ын гишүүн байсан билээ. Тэгэхээр тэд ЗХУ болон бусад социалист гэгдэх улс орнуудад өрнөсөн “Ардчилсан хувьсгал”-ын үйл явцын талаар хамгийн бодитой мэдээллийг шуурхай авдаг, тэр тухай хоорондоо санал бодлоо солилцдог, шүүмжлэл өрнүүлдэг хүмүүс байсан байна. Бүх дэлхийд “Ардчилсан хувьсгал”-ын үйл явц өрнөж, Берлиний хана нурж, Хүйтэн дайн дуусч, энэхүү үйл явцын хүчирхэг давалгаанд ЗХУ хэмээх аварга том гүрэн хүртэл цохиулан задарч байхад энэ бүхнийг юуны түрүүн сэхээтнүүд сонсож, харж, мэдэрч, ухаарч байсан нь ойлгомжтой. М.Чимид хуульч энэ тухай “Ирж яваа цаг” хэмээн тодорхойлж байсныг би өөрийн чихээр сонсож байснаа санаж байна. Ирж яваа цагийг хамгийн сайн мэдэрдэг хүмүүс бол сэхээтнүүд мөн.

Нөгөө талаар ЗХУ өөрөө улс төр, нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралд орсон учир Монголд өгдөг байсан хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаа огцом таслан зогсоосон байдаг. Энэ бүхэнд үндэслэн дүгнэвэл Монголд “Ардчилсан хувьсгал” өрнөх, түүний хөдөлгөгч хүч нь сэхээтнүүд болох нь гагцхүү цаг хугацааны асуудал байсан юм.

Тэр үед МАХН нийгмийн хамгийн төлөвшиж тогтсон институцийн хувьд энэхүү үйл явцыг жолоодохыг хүссэн нь ойлгомжтой. Ялангуяа тэр үеийн нам, засгийн удирдлагын дараагийн үеийнхэн энэхүү өөрчлөлтийг өөрсдөд нь олдож байгаа албан тушаал ахин дэвших сайхан боломж бололцоо хэмээн үзэж, түүнийг хурдлуулах сонирхолтой байсан билээ.

Тэд “Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж, айдас хүйдэс багатай залуу уран бүтээлчдээр салхи хагалуулж энэхүү үйл явцыг Монголд эхлүүлэн өрнүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү үйл явц өрнөх суурийг тавихын тулд тэр үед бүгд, ялангуяа сэхээтнүүд уншдаг байсан намын “Үнэн” сонин, түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн “Хөдөлмөр” сонин, уран бүтээлчид, зохиолчдын индэр болсон “Утга зохиол, урлаг” сонинд өөрчлөн байгуулалтыг дэмжсэн, ил тод байдлыг нэхсэн өгүүллүүдийг нийтэлж, урьд өмнө хориотой байсан бүтээлүүдийг хэсэгчлэн, эсхүл бүтнээр нь хэвлэн гаргаж байсан юм.

Энэ бүхнийг товчилвол эхлээд гадаад нөхцөл байдал, дараа нь дотоод нөхцөл байдал таатай бүрэлдсэнээр Монголд “Ардчилсан хувьсгал”-ын үйл явц өрнөх, тодорхой үр дүн, амжилтад хүрэх нь ойлгомжтой асуудал байсан юм. Түүнийг өрнүүлж тодорхой үр дүнд хүргэсэн гол хөдөлгөгч хүч нь Монголын сэхээтнүүд байсан юм. Чухамхүү тэдний хамгийн идэвхтэй оролцооны үр дүнд Монголд улс төр, нийгэм, эдийн засгийн аль алиныг нь бүхэлд нь хамарсан огцом өөрчлөлт хийгдсэн байна.

Энэний хамгийн бодитой илрэл нь шинэ Үндсэн хууль батлагдаж, одоо 30 гаруй жилийн турш хэрэгжиж байна. Шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэн батлах их үйл хэрэгт мөн адил сэхээтнүүд, тэр үед ихэнх сэхээтнүүдийг эгнээндээ багтааж байсан МАХН татагдан оролцож чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тийнхүү баталсан шинэ Үндсэн хууль нам төвтэй нийгмийн харилцааг төр төвтэй нийгмийн харилцаа болгон тогтоосон байдаг. Тэр үед ингэж зохицуулсан нь дэвшил байсныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.

Харин харамсалтай нь та бид Монголд өрнөсөн “Ардчилсан хувьсгал” нэг, хоёр хүн, эсхүл нэг, хоёр намын хийсэн үйл хэрэг хэмээн дутуу үнэлж дүгнэснээр, энэхүү үйл явцыг өрнүүлэхэд сэхээтнүүдийн оруулсан хамгийн чухал хувь нэмрийг үнэлэлгүй орхисноор нийгмийн харилцаанаас сэхээтнүүдийг шахан гаргаж, энэхүү харилцааг үнэт зүйлсгүй, зөвхөн баян ба хоосон, эрх дархтай хүмүүс ба эрх дархгүй хүмүүсийн хоорондын байнгын сөргөлдөөн, зөрчилдөөнтэй харилцаа болгон явцууруулсан байна.

Тэгвэл яагаад сэхээтнүүд нийгмийн харилцаанд ихээхэн чухал үүрэгтэй байдаг, яагаад тэд хувьсгалын хөдөлгөгч хүчний үүргийг гүйцэтгэдгийг тайлбарлахын тулд Австри-Америкийн алдарт эдийн засагч, Нобелийн шагналт Шүмпетерийн дэвшүүлсэн “бүтээлч нураах хүчин” онолыг ишлэе.

Тэрээр “сэхээтнүүд бол зөвхөн мөнгө сонирхдоггүй, бусдын асуудлуудыг өөрсдийн асуудал мэт сэтгэл санаандаа ойрхон тусган хүлээж авдаг, өнөөгийн байгаа байдалд байнга сэтгэл дундуур байдаг, түүнд шүүмжлэлтэй ханддаг, түүнийг эвдэн нурааж, оронд нь цоо шинэ харилцаа, тогтолцоог бий болгохыг ямагт хүсч байдаг нэг ёсны бүтээлч нураах хүч мөн” гэж тайлбарласан байдаг.

Тэгвэл чухамхүү ийм сэхээтнүүд ЗХУ, социалист гэгдэх бусад орнууд, Монголд өрнөсөн “Ардчилсан хувьсгал”-ын хөдөлгөгч хүч болсон нь эрдэмтдийн судалгаа, бодит амьдралын практикаар батлагдаж байгаа юм.

“Ардчилсан хувьсгал”-ын учир шалтгаан, түүний хөдөлгөгч хүчний тухай ийнхүү одооныхоос арай илүү гүн гүнзгий ойлговол “Ардчилал” хэмээх зорилго болон үйл явцын мөн чанарыг зөв зүйтэй ухаарах, нийгмийн харилцаанд нийгмийг байнга өөрчлөн хөгжүүлэхийг эрмэлзэж байдаг “бүтээлч нураах хүч” болсон сэхэээтнүүдийг татан оролцуулах, улмаар “Ардчилал”-ыг өнөөдөр “өмчилсөн” нэг, хоёр хүн, нэг, хоёр намын “өмчлөл”-өөс салган авч нийт ард түмэнд “дундын, хамтын өмч” болгон өгөх боломж бололцоо нээгдэх юм. Ингэснээр нийт ард түмэн, нийт Монгол Улс, “Ардчилалын үйл хэрэг” аль аль нь хожно.

Өнөөдөр манай нийгэмд “Ардчилал”-ын нэр хүнд унасан байгаа нь нууц бишээ. Энэ нь олон шалтгаантай. Ихэнх хүмүүс энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ нэг, хоёр хүнийг нэр заан, тэдгээрийн гаргасан алдааг цохон тэмдэглэж буруутгадаг. Миний бие хүмүүсийн алдаа дутагдал гаргасан хэмээн үзэж байгаа тэр нэг, хоёр хүнийг зөвтгөж өмөөрөлгүйгээр байр сууриа илэрхийлэхдээ энэхүү хямралт байдлын гол учир шалтгаан өнөөгийн гаж тогтолцоотой холбоотой гэж үздэг юм. Тодруулвал тухайн үедээ дэвшил мөн хэмээн тооцогдож байсан төр төвтэй нийгмийн харилцаа ХХI зуунд төр засгийн бүрэн эрхийн мөн чанарын тухай ойлголт хөгжин гүйнзгийрсэнтэй зөрчилдөж байна гэсэн үг юм.

Түрүүн тэмдэглэн хэлсэнчлэн “төр засаг бол ард түмэн мөн” гэсэн шинэ ойлголт өнөөдөр улам бүр өргөн дэлгэр хүлээн зөвшөөрөгдөж байна. Ийм ойлголт түгэн дэлгэрснээр, хуульчлагдан батлагдаж, хэрэгжиж эхэлснээр “Ардчилал” бүгдэд хүртээлтэй, бас хүртээмжтэй болох юм.

Үүнтэй холбогдуулж тэмдэглэн хэлэхэд хүний эрхийн тухай ойлголт мөн адил илүү гүнзгий, илүү тодорхой болж байгааг хүлээн авч хэрэгжүүлэх амьдралын шаардлага тулж ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байна.

Өнөөдөр дэлхийд “Ардчилал” хамгийн бат бэх тогтсон, энэхүү үйл явц хамгийн эрчимтэй өрнөж байгаа орнуудад хүний эрх бол хүн бүр авьяас чадвараа бүрэн нээн хөгжүүлэх, амьдралын зорилгодоо хүрэх бүхий л таатай нөхцлөөр хангагдсан байхын нэр мөн гэж үздэг байна. Тэгвэл ийм нөхцөл Монголд бүрдсэн үү? Өнөөдөр Монголд залуучуудын ихэнх нь Монголдоо биш харин гадаадад сурах, ажиллах, амьдрах хүсэл тэмүүлэлтэй болсон байна. Залуу хүн ийм сонголт хийж байгаагаараа дээрх асуултад шууд “бүрдээгүй” гэж хариулж байна.

Гэхдээ ийм хүнд хэцүү байдал нэг, хоёр хүн, түүнчлэн нэг, хоёр намаас, өнөөдрийн эрх баригчдаас шалтгаалж байгаа мэтээр өнгөцхөн тайлбарлах нь уг асуудлыг цогцоор нь олж харахгүй байгаа, эсхүл түүнийг цогцоор нь шийдэхийг хүсэхгүй байгаагийн илэрхийлэл гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй.

Өнөөгийн гаж тогтолцоо, гадаад, дотоод нөхцөл байдлаас аль алинаас нь улбаатай өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдлыг системийн хямрал хэмээн тодорхойлох нь зөв бөгөөд түүнээс гарах үйл явц та биднээс хувьсгалын шинж чанартай өөрчлөлт хийхийг шаардаж байна. Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд эрдэм боловсрол, эр зориг, идэвхи санаачилга, туршлага хэрэгтэй. Энэ бүх шинж чанар Монголын сэхээтнүүдэд бий.

Хувьсгалын шинж чанартай өөрчлөлтийг тайван замаар хийх ёстой бөгөөд ингэхийн тулд Үндсэн хуулийг шинэчлэн найруулж ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлж эхэлснээр амжилттай боллоо гэж дүгнэнэ. Тухайлбал, хамгийн эхлээд одоогийн Үндсэн хуульд байхгүй, бусдад үлгэр болон хөгжиж байгаа улс орнуудын Үндсэн хуульд заавал туссан байдаг:

“Төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж нь ард түмэн мөн бөгөөд энэхүү бүрэн эрхийг өөртөө байнга хадгална” гэсэн хамгийн чухал зохицуулалтыг Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгад тусган тогтоох хэрэгтэй байна. Ингэснээр төр төвтэй нийгмийн харилцаанаас ард түмэн төвтэй нийгмийн харилцаа руу шилжинэ гэсэн үг юм.

Буддын шашны нэгэн алдартай судар бий. Нэр нь “Доржзодов” буюу “Очироор огтлогч судар”. Энэ судар 30 гаруй зүйлтэй ч эхний зүйл нь хамгийн чухал бөгөөд бусад зүйлийг дотроо багтаасан гэж үздэг билээ.

Үүн лүгээ нэгэн адил дээрх гол зохицуулалтаас шинэ Үндсэн хууль, нийгмийн шинэ харилцаа урган гарч хүн бүр авьяас чадвараа бүрэн нээн хөгжүүлэх, амьдралын зорилгодоо хүрэх бүхий л таатай нөхцлөөр хангагдана.

Өнөөдөр сэхээтнүүд хувьсгалт өөрчлөлтийн хөдөлгөгч хүч байх манлайллын үүргээ биелүүлэх буюу өнгөрснийг дүгнэж, өнөөдрийг тодорхойлж, ирээдүйг төсөөлөхийг шаардсан түүхэн цаг үед тулж ирсэн байна.

Хамгийн том алдаа бол юу ч хийхгүй байх, хийх ёстой ажлыг хойшлуулан цаг алдах явдал юм. Алдагдсан цаг хэзээ ч нөхөгддөггүй.

Энэ сайхан завшааныг ашиглан бүх намд байгаа, бүх салбарт ажиллаж буй сэхээтнүүддээ хандан эрдэм боловсрол, авьяас чадвар, эр зоригоо нэгтгэгтүн хэмээн уриалж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2023 оны арванхоёрдугаар сарын 14

Улаанбаатар хот

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 251 (7236)