П.АМГАЛАНБАЯР
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулснаар баасан гарагийн хуралдаан эхэллээ. Чуулганаар Засгийн газраас тавдугаар дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уншиж танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Харин зарчмын зөрүүтэй дөрвөн томъёоллоор санал хураахад бүгд дэмжлээ.
Ийнхүү Засгийн газраас өргөн барьсан цахим шилжилтийг хурдасгах, хууль хоорондын зөрчил, давхардлыг арилгах 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос зургаан сарын турш зүйл, заалт бүр дээр ажиллаж баасан гарагийн УИХ-ын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлахад бэлэн боллоо. Энэ намрын чуулганы хамгийн олон хуульд өөрчлөлт оруулж байгаа энэхүү ажлыг УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар хариуцаж, хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажилласан байна.
Э.Батшугар: дэлхийн хаана ч байсан эх орондоо бизнес эрхлэх боломжтой боллоо
-“Инновац, мэдээллийн технологийн ололт дэвшлийг нийгэм эдийн засгийн бүх харилцаанд ашиглах, үндэсний цахим шилжилтийг цоо шинэ түвшинд хүргэх өргөн хүрээг хамарсан хууль эрхзүйн орчин ийнхүү бүрдэж байна.
Цахим хөгжлийг дэмжих багц хуулиудтай нийцүүлэн салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар
-Төрийн болон бусад нийгэм, эдийн засгийн үйл ажилллагаанд цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг амилууллаа.
-Төр өөрт байгаа мэдээллийг нэхэж, иргэдийг байгууллагууд хооронд олон дахин явуулдаг, хүндрэл учруулдаг байдлыг зогсоож, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигыг тасалж, түгжрэл, төвлөрлийн эсрэг бодит шийдэл болж байна.
-Компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, банкны данс нээх зэрэг хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүрэн цахимжиж, Монгол Улсын иргэн дэлхийн хаана ч байсан эх орондоо бизнес эрхэлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулж чадахаар боллоо.
-Банкны цахим үйлчилгээ, төлбөр тооцооны систем, ялангуяа финтекийн хөгжилд шинэ үе нээгдэж байна гэх мэт олон давуу талыг дурьдмаар байна.
Өнгөрсөн хаврын чуулганаас хойш хагас жил гаруйн хугацаанд олон хуулийн зүйл, заалт бүр дээр ачаалалтай ажиллаж, амжилт гаргасан ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлье” гэв.
Мөн цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар ИЦББХ-ны дарга Э.Батшугар өмнө өгсөн ярилцлагадаа “Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор холбогдох байнгын хорооны даргын хувьд өнгөрсөн хугацаанд төр хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Ингээд дээрх хуулийн хэрэгжилт болон цахим шилжилт Монгол Улсад ямар хэмжээнд явж байна вэ, “Цахим үндэстэн болно” гэсэн зорилт биеллээ олж байна уу гэдэгт анхаарч ажилласан.
Бид хуулийн хэрэгжилтийн хүрээнд 60 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд цахим баримт бичиг, цахим гарын үсгийг бүх түвшинд хүлээн зөвшөөрнө гэсэн утгатай заалт орсон. Гэвч салбарын хуулиуд дээр бичгээр буюу цаасаар авах, заавал бичиг баримтаа бүрдүүлээд биеэрээ очиж байж хүлээн зөвшөөрөгдөх тухай асуудлууд байна.
Хоёрдугаарт, төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс нэхэхгүй байх тухай заалт бий. Энэ заалт мөн одоог хүртэл бүрэн хэрэгжихгүй байна. Тэгэхээр цахим хөгжлийг дэмжихээр батлагдсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлж, цаасаар болон биечлэн авдаг харилцаануудыг цахимаар зохицуулах сонголтыг нэмж өгснөөр Монгол Улсын цахим шилжилт дараагийн түвшинд гарах болно. Төрийн үйлчилгээ авахдаа цахимаар өргөдөл гомдол, хүсэлтээ өгөөд хариугаа цахимаар авах бололцоо нээгдэнэ. Цахим өргөдөл, гомдол, хүсэлт, хариуг албан ёсных гэж тооцдог болно гэсэн үг. Мөн тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 1300 гаруй тусгай зөвшөөрлийг төрөөс олгодог байсан бол үүнийг 369 болгож бууруулсан. Хамгийн сүүлд хуулийн этгээд, тусгай зөвшөөрлийн үйлчилгээтэй холбоотой “Е-business” платформыг нээсэн. Жишээлбэл, компани байгуулахад одоогийн байдлаар бүх шат дараалал цахимжиж арай чадаагүй байна. Тэгвэл 120 хуулийн өөрчлөлтөөр 100 хувь цахимаар компаниа нээж, тусгай зөвшөөрлөө авч чадна. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хууль, “Е-business” систем амь орно гэсэн үг. Энэ мэтчилэн цахим шилжилтийг бүх салбарт хурдасгах хууль эрх зүйн орчин бүрдэх юм. “И-Монголиа” платформ нээгдээд гурван жил болж байна. Ингэхдээ 260 тэрбумын хэмнэлт хийжээ. Тэгэхээр цаашид хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болсноор эдийн засгийн үр өгөөж нь ч нэмэгдэх учиртай” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 251 (7236)