Ц.МЯГМАРБАЯР

Татварын ерөнхий газар Монгол Улсын nх сургуулийн Бизнесийн сургууль, Оюутны хөгжлийн төвийн оюутан залуусын дунд “Татварын боловсрол-татварын шинэчлэл” сургалтыг АХБ-ны дэмжлэгтэй энэ сарын 13-ны өдөр  МУИС дээр зохион байгуулсан юм. Тус үйл ажилагаа нь “Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Их дээд сургуулийн оюутнуудад татварын албаны цахим шинэчлэл болон ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт /оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт/ -ийн талаар  мэдлэг олгож, ирээдүйн татвар төлөгчдөд татварын эрх зүйн мэдлэг олгох зорилготой. “Татварын боловсрол-Татварын шинэчлэл” сэдвээр ТЕГ-ын дарга Б.Заяабал, “ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт-сургалтын төлбөр, орон сууц” сэдвээр ТТҮГ-ын ТУБ Ц.Ундармаа нар илтгэл тавьж, татварын улсын байцаагчид оюутнуудад  мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалаас зарим зүйлийг тодруулж ярилцсан юм.

   

-Цахим шилжилтэд  дадаагүй татвар төлөгчид татварын тайлан өгөх  хүндрэлтэй байдаг гэдэг. Энэ нь  татвар төлөлтийн хамрагдалтад нөлөөлж байгаа юу?

-Татварын  хууль дагаж мөрдөхөд хялбар биш байгаа нь хүндрэлтэй байгаа. Тиймээс татварын байгууллага сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрчимтэй цахимжуулах үйл ажиллагааг явуулж байна. Бусад орны Татварын байгууллага татвар төлөгчдөөс тайлан авах биш тухайн татварын харилцаанд орж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн тайланг татварын алба нь бэлтгэж хүргүүлдэг. Бүр тодруулбал, тухайн татвар төлөгч нь Татварын албаас бэлтгэж ирүүлсэн тайланг хянаад илгээдэг. Тэгэхээр манай улс ч гэсэн ийм хялбар систем рүү шилжиж байна. Тайлан мэдээ нь алдаатай, татвараас зайлсхийсэн, татварын хуулийг буруу хэрэглэсэн зүйл заалт байвал татварын албаны “дата”-д суурилсан машин таниулахуй технологи ажиллаж үнэн зөв эсэхийг тогтоодог. Түүнчлэн үүнд суурилсан эрсдэлийн үнэлгээг хийж татвар төлөгч рүү хүргүүлдэг.Татвар төлөгч энэ үнэлгээндээ дүгнэлт хийж тайлангаа засаж зөв болгож ирүүлснээр татвар төлөлт, татвар төлөлтийн хамрагдалт нэмэгдсэн.

-Цахим шилжилтийн  хамгийн үр дүнтэй хэсгийг онцолбол?

-Олон нийт нүүрсний хулгайн асуудалд хамгийн их ахнаарал хандуулж байна. Тухайлбал, хичнээн тонныг олборлоод, хичнээнийг борлуулсан бэ гэдэг мэдээг хэзээ хойно татварын байгууллагад ирдэг байв. Харин одоо Засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд Татварын хуульд өөрчлөлт орж манай байгууллагын эрхийг нэмэгдүүлсэн. Ингэснээр тухайн аж ахуйн нэгж нүүрсээ зарж буй бодит цагийн мэдээллийг авдаг болсон. Түүнчлэн хоёр иргэн нүүрс худалдах, худалдан авах гэрээ хийсэн тохиолдолд гэрээгээ манай татварын албанд бүртгүүлнэ. Гэрээний дагуу хэчнээн тонн нүүрс хилээр гаргасан гэсэн мэдээллийг Гаалийг байгууллага манайд руу ирүүлнэ. Мөн уг баялагийн хэдэн хувь нь чанартай нүүрс гэдгийг Гаалийн лабораторын  мэдээлэл бас  ирнэ. Мөн Сангийн яам,Уул уурхайн яамны ажлын хэсгээс тухайн ашигт малтмалын  дэлхийн зах зээлийн жишиг үнэ манайд ирнэ. Энэ бүх үзүүлэлт Татварын байгуулагад тухайн цаг үед нь шууд ирдэг болсон. Үүний үр дүнд аж ахуйн нэгжээс өмнө худал ирдэг байсан АМНАТ-ын тайланг манайх үнэн зөвөөр нь гаргадаг болсон. Энэ бол хамгийн сүүлд хийгдсэн цахим шинэчлэл. Бүх төрийн байгууллагууд нэгдэж нэг цагийн горим дээр мэдээллээ солилцдог болсонтой холбоотой.  Өмнө Гаалийн гаргасан тоо, хэмжээ өндөр. Харин татварт гаргасан нь бага байдаг байсан. Байцаагч томилж энэ зөрүүг олуулахаар ажлуулдаг байсан бол одоо энэ байдал цахимжсанаар бүрэн арилсан. Ингэснээр татвар хураах төрийн зардал буурсан.Энэ хамгийн үр дүнтэй шинэчлэл юм.

-Цахимжилттай холбоотойгоор татварын байцаагчдын тоо буурах уу?

-Одоогоор ийм зүйл ажиглагдахгүй байна. Өнөөдрийн байдлаар Монголын  татварын байгууллага 1884 албан хаагчтай. Бодитоор ажиллаж байгаа нь 1690. 200 орчим орон тоо сул байгаа. Гэсэн хэдий ч орлого буураагүй. Орлогын төлөвлөгөө биелэсэн хэвээрээ. Энэ нь  цахимжилтын үр дүн. Цаашдаа иргэн бүрийг татвараа төлдөг болгохын тулд  манай байгууллагын чиг үүргийг нэмэгдүүлэхтэй холбоотой Засгийн газрын үйл ажиллагааны реформын хүрээнд  бусад чиг үүргийг татварын байгууллагад нэмэгдүүлэх магадлалтай. Ялангуяа нийгмийн даатгалын орлого цуглуулах, хуулийн этгээдийг бүртгэх чиг үүргийг  татварын албанд өгөх зэргээр ярьж байна. Чиг үүрэг нэмэгдэх чинээгээр манай орон тоонд өөрчлөлт орохгүй.  

-Иргэн төлсөн татвараа хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх хэрэгтэй гэдэг. Үүнийг ил тод болгох тухайд  ?

-2023 онд төсөвт 11.5 их наяд төгрөгийн татварын  орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар төсвийн орлогоо давуулан биелүүлсэн. Мэдээж татвараа төлсөн иргэн хяналт тавих нь тодорхой. Гагцхүү хяналтын тогтолцоог ил, тод нээлттэй болгох үүднээс Сангийн яамтай хамтарч ажиллаж байна.Тухайлбал,төлсөн татвараасаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт авдаг, эсвэл ээж, аав эмээ,өвөө нь эмийн хөнгөлөлт эдлэдэг, үр хүүхэд нь улсын сургуульд үнэгүй сурдаг гэм мэт эдгээр үзүүлэлтийг ил тод болгох болгох чиглэлд ажиллаж байна.

-Оюутнууд татварын харилцаанд хэрхэн оролцож байна вэ?                                         

-Оюутнууд татварын харилцаанд татварын хууль тогтоомжийн дагуу орно. Орлого олсон байвал татварын харилцаанд орж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сурахынхаа хажуугаар ресторанд зөөгч хийдэг ч байж болно. Ажил олгогчоос, ажилтны үүргийнхээ дагуу хөлс авч ажилладаг эсвэл гэрээгээр өөр байгууллагад ажилладаг л бол татварын харилцаанд ороод явж байна гэсэн үг. Ялангуяа IT инженерээр сурдаг III  курсын оюутнууд кассын программ бичээд эхэлсэн байдаг. Код бичиж байгаа л бол татварын харилцаанд орно. Мөн өөрийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө болох байшин, орон сууц, машинтай болох  зэргээр харилцаанд орж болно.

-Татварын боловсролыг багаас нь олгох хэрэгтэйг онцолж байна. Танай байгууллага энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Татварын боловсрол нь татвар төлөгчийг сайн дурын үндсэн дээр татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болж буй учир боловсролын тогтолцоотой уялдуулж насан туршийн боловсролын системээр дамжуулан цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь  татвар төлөгч нийгмийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой юм. Тогтвортой хөгжлийн үндэс нь татварын орлогоо дотооддоо илүү ихээр төвлөрүүлж, үр дүнтэй ухаалаг зарцуулалт хийхэд оршдог бөгөөд орлого төвлөрүүлэхэд өнөөгийн болон ирээдүйн татвар төлөгчдийг нэмэгдүүлэх, татан оролцуулах нь нэн тэргүүний  чиглэл юм. Үүний тулд иргэдэд татвар төлөх нь улс орондоо оруулж буй хувь нэмэр, Засгийн газартайгаа харилцах харилцааны салшгүй хэсэг гэдгийг ойлгуулах, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх соёлыг төлөвшүүлэх нь чухал. Энэ утгаараа татвар төлөгчдийн боловсрол нь татварын алба болон иргэдийг холбох гүүр болж өгдөг байна. Тиймээс Монгол Улсын татварын алба олон нийтэд чиглэсэн татварын боловсрол олгох үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж ирлээ. 2021-2024 онд Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх  хөтөлбөрийг хэрэгжүүлж, татвар төлөгчийн сегмент ангилал тус бүрт чиглэсэн сургалтын модулийг боловсруулан тэдний эрэлт хэрэгцээнд уялдуулан сургалт, сурталчилгаагаа хийж байна.

Цахим сургалтын талаарх тоон мэдээлэл

-Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн  байдлаар

-танхимын сургалтад том сегмент 13 удаагийн сургалтанд 670, дунд сегмент 27 удаагийн сургалтанд 385, жижиг сегмент 712 удаагийн сургалтанд 22153, бичил сегмент 1061 удаагийн сургалтанд 56406, хувь хүн 2079 удаагийн сургалтанд 95477 татвар төлөгчийг хамруулсан. -Цахим сургалтад  том сегмент 9 удаагийн сургалтад 786, дунд сегмент 34 удаагийн сургалтанд 1789, жижиг сегмент 292 удаагийн сургалтанд  29524, бичил сегмент  407  удаагийн сургалтанд  33268, хувь хүн 420 удаагийн сургалтанд 30927  татвар төлөгч хамруулсан.

- Татварын тогтолцоонд татвараа өөрөө тодорхойлон төлөх системийг ашиглах нь татвар хураалтыг хялбарчлах, энгийн үр ашигтай механизм болгоход чиглэдэг. Татвараа өөрөө тодорхойлон төлдөг системтэй улс орнуудад хийгдсэн судалгаагаар татвар төлөгчдөд чиглэсэн татварын боловсрол олгох, мэдлэг эзэмшүүлэх тусгай хөтөлбөр, ажлуудыг нэгдсэн системтэйгээр хэрэгжүүлжээ.

Татварын алба дараах чиглэлд сургалтын агуулгаа чиглүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны чиглэлийн сургалт /барилга, уул уурхай, цахим болон сүлжээний бизнес эрхлэгч г.м/
  • ЕБС, их дээд, мэргэжлийн сургуулийн сурагч, оюутнуудад зориулсан сургалт
  • Нягтлан бодогч, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан татварын хуулийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой сургалтууд
  • Олон нийт, хүүхдүүдэд чиглэсэн кино, контент, постерууд   

2023 онд Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг  сурталчлах ажлын хүрээнд давхардсан тоогоор 463 телевиз, 42 радио, 524 сонинд  мэдээ мэдээлэл нэвтрүүлж, цахим сүлжээгээр 5383 мэдээллийг давхардсан тоогоор 4166131 иргэнд хүргэж, 749 гарын авлагыг 211101 татвар төлөгчид түгээж ажилласан. Мөн онцлоход ЕБС-ын сурагч, багш, их, дээд сургуулийн оюутнууд, татвар төлөөгчдөөс авсан судалгааны дүнд үндэслэн Монголын татварын алба, БШУЯ хамтран ажилласан. Үр дүнд нь ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт татварын тухай хичээлийг оруулах алхмаа амжилттай эхлүүлж чадлаа. 2024 оноос бүрэн дунд боловсролын бага ангийн хөтөлбөрт татварын тухай ойлголтыг  энгийн, ойлгомжтой байдлаар оруулахаар ажиллаж байна. Монголын татварын албанаас сүүлийн гурван жилийн хугацаанд олон нийтийн татварын талаарх мэдлэг ойлголт хэр байгааг тандаж, үе шаттай судалгааг хийж ирлээ. 2023 онд нийт судалгаанд оролцогчдын 74 хувь нь татварын боловсрол муу гэж дүгнэжээ. Мөн 66 хувь нь татварын боловсрол олгох ажил чухал гэж үзсэн байна. Татварын боловсролыг хэзээнээс олгох ёстой вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 69 хувь нь ЕБС-д суралцаж байх үеэс, 19 хувь нь их дээд сургуулиас нь олгох нь зүйтэй гэжээ. Олон улсад татварын боловсролыг зөвлөгөө өгөх, мэдлэг түгээх, мэдээллээр хангах хэлбэрээр хийж байна. Тухайлбал 11 улс жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөртэй, 27 улс бүрэн дунд боловсролын системд татварын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг бол зургаа  нь  хувь хүмүүст чиглэсэн татварын боловсрол олгох сургалт тогтмол зохион байгуулсаар байгаа ажээ.  

Эх сурвалж: www.zms.mn