Б.АЛТАНГЭРЭЛ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Газрын тухай хуульд хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид гаргаж буй талаар “Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ” ТББ-аас мэдээлэл хийлээ.
Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ ТББ-ын гишүүн Б.Баярмаа “Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын тав хоногт боловсруулж, хүчээр батлуулсан “Шорвог” хуульд хориг тавих хэрэгтэй. Хууль дээдлэх ёсны зарчим буюу хүн бүр хуульд захирагдана, улс төрийн эрх мэдэл хуулиар хязгаарлагдана гэсэн зарчмыг уландаа гишгэн хууль батлагдлаа. Хүний Эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн гуравт “Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой” гэсэн байдаг. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэгдүгээр зүйлийн хоёрдох хэсэгт “Аль ч ард түмнийг, ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно” гэсэн зохицуулалтыг зөрчсөн буюу олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээс ухарсан хууль баталсан.
Түүнчлэн УИХ Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг энэ оны арванхоёрдугаар сарын 7-нд батлахдаа түүний ард Газрын тухай хуулийг нуун далдалж, дагалдуулж батлуулах зальхай аргаар “Хуулийн хулгай” хийлээ.
Төрийн эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн, дарга нарт дур зоргоороо авирлах бүрэн боломжийг нээж өгсөн, хууль хэрэглээний эрэмбийг алдагдуулсан энэ хууль “нэг хүний засаглал”, “даргын дарангуйлал” тогтоох аюулыг дагуулж байна гэж бид үзэж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn