Б.НЯМСҮРЭН
Хүний эрхийн Олон улсын өдрийг угтан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, Монголын Эмнести Интернэшнл, “Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо” эвсэл хамтран тус клубын гишүүн сэтгүүлчдийн дунд “Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг арванхоёрдугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд зарласан. Тус бүтээлийн дүн гарч, өнөөдөр сэтгүүлчдэд шагналааа гардууллаа.
Тэргүүн байрт “Зууны мэдээ” сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга сэтгүүлч С.Уянга “Яндан цөөлөх “хууль”аар төр эзнээс нь асуухгүйгээр газрыг нь булаах уу?” нийтлэлээрээ, хоёрдугаар байрт Unuudur.mn сайтын сэтгүүлч Д.Мягмаржаргал “Төрд гологдсон хүүхдүүд”, Tsahiur.mn-ийн сэтгүүлч С.Шүрэнчимэг, Д.Нарантуяа нар “Дахин төлөвлөлт нэрээр иргэдийнхээ орон байртай байх, өмчтэй байх эрхийг зөрчсөөр...” нийтлэлээрээ, гуравдугаар байрт Peak.mn сайтын редактор Г.Батзаяа “Эрхээ хашаатайгаа хашуулсан 10 жил”, МҮОНТ-ийн MM агентлагийн сэтгүүлч Д.Баяржаргал, Э.Отгонцэцэг нар “Дахин төлөвлөлт удааширч иргэдийн эрх зөрчигдөж байна” сурвалжилга, чөлөөт сэтгүүлч А.Уянга “Золиослогдсон эрх” бүтээлээрээ тус тус эзэллээ. Тусгай байранд “Миний өглөө” подкастыг санаачлагч, сэтгүүлч Э.Ганхуяг, МҮОНР-ийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Золжаргал нар орлоо.
“Телевиз, сонин, сайт, подкаст, чөлөөт сэтгүүлч гээд хэвлэл мэдээллийн бүх төрлийн төлөөлөл оролцсон, оролцогчид нь мэдээллээ бодит баримт, кейс дээр тулгуурласан, эх сурвалжлийн тэнцвэрт байдлыг хангахад анхаарсан гээд 10 хоногийн хугацаанд чамбай, цааш нь хөөн сурвалжлах бүтээлүүд гарлаа” гэж шүүгчээр ажилласан сэтгүүлч Б.Болд, “Зууны мэдээ” сонины тоймч Ц.Мягмарбаяр нар дүгнэлээ.
Монголын Эмнести Интернешнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, “Дахин төлөвлөлт-Иргэдийн оролцоо” эвслийн тэргүүн Б.Нямжав нар уралдаанд оролцсон сэтгүүлчдэд баяр хүргээд богино хугацаанд асуудлыг ул суурьтай сурвалжилж, мэргэжлийн түвшинд гаргаж тавьсныг онцоллоо. Мөн бичиж нийтэлснээ олон нийтэд, бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгчдэд хүргэх нь мөн чухал гэлээ. Орон байртай байх, шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрх Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд суурь нь болохыг ч хэлж байлаа.
“Гурван талын хамтран зохион байгуулсан “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” аяны хүрээнд сэтгүүлчдийг дээрх чиглэлээр сургаж, мэдээллээр хангахад анхаарч ажилласан нь сэтгүүлчдийн идэвх оролцоо, бүтээлийн чанарт нөлөөлснийг тус клубын ерөнхий зохицуулагч, сэтгүүлч Д.Даваадулам онцоллоо. “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб үүсэн байгуулагдаад хоёр жил гаруй хугацаанд сэтгүүлчиддээ тогтвортой хөгжлийн боловсрол олгох, тэрдундаа хүний эрхийн мэдлэг мэдээллээр хангах, чадавхжуулахад анхаарч ажиллаж байна гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 250 (7235)