П.АМГАЛАНБАЯР

Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөөд 1.5 жилийн хугацаа өнгөрч буй. Уг үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тус салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, санал солилцсон юм. Энэ үеэр  Х.Нямбаатар “Нийслэлийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж буй. Цаашид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулна. Мөн хүлэмжийн аж ахуй, агуулах, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудлыг тэргүүн ээлжид судлан, боломжит байдлаар шийдвэрлэнэ. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс хүнсний хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан санал хүсэлтүүдийг ямагт дэмжин ажиллана. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх талаар хамтран ажиллах боломжтой” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn