Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор Т.ТӨМӨРХҮЛЭГ

Түүхч Р.Болд “Стратегийн судалгаа” сэтгүүлийн 2023 оны эхний дугаарт түрэг хэлтэй орнуудын латин үсэгт шилжиж буй үйл явцын тухай нийтлүүлсэн өгүүлэлдээ Монголд мөн “энэ талаар судалж үзэх шаардлагатай” гэсэн нь хэлэлцүүлэг өрнүүлэх санаа юм гэж ойлгоод, бас манай зарим нэг хүн олон нийтийн сүлжээгээр латин үсэгт шилжихийг уриалсныг эрхбиш түүх, соёлоо мэргэжлээ болгосон хүний хувьд үүнийг бичигч санал бодлоо хэлэхээс өөр аргагүйд хүрлээ.

Гуч гаруй жилийн өмнө тусгаар тогтнох эрхээ олж авсан Казахстан, Узбекистанд хуучин ЗХУ-ын үеийн кирилл бичиг үсгээ латинаар орлуулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь энэ хоёр орон орос хэл, соёлын нөлөөнд нэлээд гүн автсаны илрэл гэж үзэх шалтгаан бий. Харин Киргиз, Тажикт иймэрхүү шинэтгэл чимээгүй байгаа нь энэ хоёр улс Зөвлөлтийн Холбоонд багтаж ахуйдаа Москва төвөөс алслагдсан төдийгүй хүн ам нь сийрэг таруу, үндэсний хэл соёл нь харьцангуй бие даан хөгжиж ирсний тусгал мөн байж болзошгүй. Нөгөөтэйгүүр эдгээр улсын эрдэмтэн сэхээтэн, зохиолч, хэл соёлын хүмүүс хийгээд удирдах бүлэг нь аль нэг бичиг үсгийг зөвхөн “хэрэгсэл” гэж үзээд чухам мөн учир нь эх хэлээ эсэн мэнд авч үлдэх нь л эцсийн зорилго гэдгийг илтэд ухаарсан хэрэг байж ч болно.

Угтаа аливаа нэг улс үндэстний хэл соёлоороо дэвжиж дээшлэх нь өргөн олны сурахад дөхөмтэй, жинхэнэ шинжлэх ухаанд тулгуурласан дүрэм бүхий бичиг үсэгтэй эсэхээс шалтгаалдаг нь түүхийн туршлагаар тов тодорхой. Европын Холбооны улсууд бараг цөмөөрөө латин үсэг хэрэглэдэг гэхэд тус бүрийн үндэсний хэл нь аль нэгнийхээ соёлын нөлөөнд өртсөн юм ер үгүй.

Монгол Улс 70-аад жил хуучин ЗХУ-ын цэрэг-улс төрийн ойрын холбоотон, нийгмийн амьдралын олон салбарт тэр гүрний нөлөөнд оршсон хэр нь эрхбиш тусгаар улсын хувьд үндэсний хэлээрээ шинэ цагийн соёл урлаг, боловсролоо босгож чадсан нь түүхэн үнэн. 1942 онд манай улс кирилл бичигт шилжсэн нь тэр цагаас хориод жилийн өмнө Турк араб үсгээ латин бичгээр сольсон, бүр дээр үеийн жишээгээр ярьвал XII зуунд Герман гот үсгээ халж илүү дөхөмтэй Ромын цагаан толгой зээлдэж хэрэглэсэнтэй адил шинэтгэл болсныг эрхбиш эргэн санууштай. Юмыг төвөгтэйгээс энгийн рүү, бэрхээс хялбар руу чиглүүлэх нь аливаа хөгжлийн дотоод жам хууль гэдэг байх аа. Энэ нь бичиг үсэгт ч хамаатай. 1950-иад оны дунд үеэс Монголд боловсрол, соёлын хувьд огцом дэвшил гарсан нь чухамдаа шинэ үсэг авч хэрэглэсний үр нөлөө гэдгийг тухайн цаг үеийн эрдэмтэн сэхээтнүүд цөм онцгойлон дүгнэж ярьж байсан юм шүү. Юутай ч тэр үеэс олон зүйл шинжлэх ухааныг эх хэлээрээ хөгжүүлэх зам нээгдсэн. Нэг үгээр шинэ үеийн монгол хэлэнд гарсан хувьсал хөгжил чухамдаа энэ бичиг үсэгтэй уялдаатайг хэн ч үгүйсгэж чадахгүй биз. Монгол хэлний хэтийн хөгжлийн үүднээс шинэ үсэгт шилжих шаардлага бодитойгоор тулгарсныг 1920-иод оны сүүлээр тэр үеийн эрдэмтэй мэргэдийн хэвлэл сонинд нийтлүүлж байсан санал санаачилгыг эргэн санууштай.

1990-ээд он болоход Монголд хэл шинжээч эрдэмтэд болон төрөл бүрийн мэргэжлийн сэхээтний түмэн алжаал зүтгэлээр нийгмийн ухааны төдийгүй техник-технологи, хими, физик, биологи, математик зэрэг шинжлэх ухааны мундахгүй олон салбарт холбогдох 150 000 гаруй нэр томьёо шинээр зохиож нэвтрүүлсэн нь Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэх сурах бичгээс өгсүүлээд судлаач эрдэмтдийн үй олон ном зохиол эх хэлээрээ туурвин гаргахын таатай хөрс суурь болжээ.

Үүний сацуу манай уран зохиол, урлаг, соёлд Орос улсаар дамжиж реализм нэвтэрч зохиолчид хэдэн мянгаар тоологдох роман, тууж, өгүүллэг, жүжиг, яруу найраг туурвисан нь бахархууштай бөгөөд зарим нэг нь тухайн үеийн үзэл суртлын хүлээсэнд баригдсан хэдий ч дийлэнх нь амьдралын бодот үнэнийг нээж харуулсан, уран сайхны чанар чансаа, гоо зүйн шаардлагад нийцсэн, эдүгээ ч ард олны дурлан уншдаг оюун сэтгэлгээний бүтээл хэвээр байгаа нь судлаачдын дүгнэлт зэргээс илэрхий.

Сүүлчийн 80 гаруй жилд Орос, Баруун Европ, Америк болоод Ази, Дорно дахины сонгодог хийгээд орчин үеийн хэдэн зуун зохиолчийн олон мянгаар тоологдох уран зохиол, түүх, гүн ухаан, хэл шинжлэл, соёл урлаг, анагаах ухаан зэрэг олон салбарт хамаарах шилдэг зохиол бүтээл эх хэлээрээ орчуулж хэвлэсэн нь боловсрол, соёлын ахицад төдийгүй монгол хэлээ улам баяжуулах үйлсэд үлэмж нөлөө үзүүлжээ. Франц зохиолчдын бүтээл л гэхэд 500 гаруй бие даасан уран зохиол, түүх, гүн ухааны холбогдолтой ном зохиол монгол хэлээрээ хөрвүүлсэн ажээ.

1990-ээд оноос хойш дөрвөн уулын дунд шинэ амьсгаа, шинэ сэтгэлэг нэвтрэн орж ирснээр улс төр, нийгэм-соёлын арвин их бичиг номын хэрэглэгдэхүүн кирилжин монгол бичгээр бий болгожээ. Оксфорд англи-монгол хэлний томоохон бичиг бүтээжээ. Бас, Британника хэмээх нэвтэрхий толь бичгийг ч орчуулаад гаргачихсан байх жишээтэй.

Эрт цагт худам монгол үсгээр барласан юмуу гар бичмэлээр үлдсэн түүх, аман зохиолын ихэнхийг кирилл бичгээр буулгачихсан бололтой. Тэр ч байтугай монгол Ганжуур, Данжуурыг ч саях үсгээр хэвлэчихсэн байна шүү. Бас урьд өмнө бичигт хараахан тэмдэглэгдээгүй ардын аман зохиолын олон төрөл зүйлийг хэл зохиол судлаачид эрэн сурвалжилж олоод монгол кирилжин бичгээрээ хэвлүүлснийг тоогоор ярьвал лав хэдэн арван боть болох биз. Нэг ёсондоо өнгөрсөн 80 гаруй жилийг эцэг өвгөдийнхөө туулсан дундад зуунтай харьцуулбал хэдэн зуун, хэдэн мянга дахин илүү оюуны соёл бүтээжээ. Бичиг үсгээ солилоо гэхэд энэ бүхэн яваандаа үхмэл өв болж хувирах нь маргаангүй.Аль ч улс түмний соёл гэгээрэл өмнөх үеийнхээ ололтоор тэжээгдэж явдаг жамтайг эрхбиш ухаарч тэр их бичиг соёлын өвийг латин үсгээр буулгах нүсэр ажилтай тулгарах юм гэхэд ямархан цаг хугацаа шаардагдах, үүнийг улсын маань сан хөмрөг дааж чадах эсэхийг бид мэдэхгүй. Чадах юм гэхэд тэрбум тэрбум төгрөгөөр биш лав хэдэн их наядаар тооцогдох нь мэдээж. Үсэг бичгээ сольсноор соёл, гэгээрлийн тухайд ухралт бий болж, жирийн ард олны оюуны хөгжилд арав, хорин жилээр биш, бүр урт удаан хугацаанд гацаа үүсэн, иргэд маань хэдэн үеэрээ хохирохыг мөнгө цаасны гарз сүйтгэлтэй зүйрлэхийн аргагүй. Тийм гацаа саадын дэргэд Улаанбаатарын автозамын өнөөгийн түгжрэл бол юу ч биш.

Үсэг бичгийг солих нь аль нэг шинжээчийн дур зоргын хэрэг биш, ихэд нарийн тунгааж олон талаас нь нягталж шийдэх учиртай ажил байх болов уу. Европ түмний хэлээр иероглиф гэж нэрлэгддэг ханз үсэг зохиож 3000 гаруй жилийн нүүр үзсэн өмнөд хөрш, барагцаагаар 1500-аад жилийн өмнө уул ханзыг үндэслэн бичиг үсгээ зохиосон Наран улс, мөн өөрийн гэсэн авианы бичигтэй солонгосчууд мэдээллийн энэ шинэ эрин үед латин үсэгт шилжинэ гэж цуурахгүй байгаа биздээ. Европын Холбоо болон Умард Атлантын эвсэлд багтсан Балканы орон Болгари хийгээд кирилл бичиг үсэгтэй нэлээд хэдэн улс орон латинд орно гэж дагаж баясахгүй байгаа биздээ. Ингэх юм бол уламжлалт нийгэм, соёлынхоо тогтвортой байдлыг эвдэн бусниулаад зогсохгүй улс үндэстний зорилгод ч харшилна гэдгийг тэдгээр улсын эрдэмтэн мэргэд, улс төрийн зүтгэлтнүүд сайн мэддэг хэрэг. Нөгөөтэйгүүр боловсронгуй бичиг үсэг тухайн хэлээ тээж явдаг тул хэлний хэтийн хөгжлийн үүднээс ч соёлтой улс үндэстэн бичиг үсгээр хамаагүй оролддоггүйн цаад утга учир ийм ажээ.Латин үсэг хүн төрөлхтөний бичиг соёлын нэг томоохон ололт гэдгийг хэн ч няцаахгүй. Эл бичигт тулгуурласан франц хэлний цагаан толгой 22 тэмдэгттэй, үүн дээр англи, герман хэлнээс h үсгийг зээлдэн авсан, тэгвэл энэхүү 23 тэмдэгт нь уул хэлний язгуур 30-38-аар тоологдох авиа хийгээд аман аялгууг бүрэн тусгаж чаддаггүй нь илэрхий гэж хэл шинжээчид нь үздэг.

Ерөөс ямар ч авианы үсэг бичиг тухайн үндэстний хэл ярианы аялгуу, дуудлагатай тэр бүр нарийн авцалддаггүй нь ганц франц хэлэнд ч байдаг үзэгдэл биш гэж судлаачид зохиол бүтээлдээ тэмдэглэснийг дурдаж болно.

Монголын кирилл бичиг 33 тэмдэгттэй, үүн дээр бид ө, ү үсгийг нэмж авч хэрэглэснээр халх монгол хэлний авиалбарт ихэд ойртуулсан гэж энэ бичгийн дүрмийг зохиогч Ц.Дамдинсүрэн гуай 1964 оны хавар бидэнтэй уулзахдаа учирлаж ярьж байсан юмдаг. Улмаар уг үндсээр нь хөөвөл кирилл бичиг ч, латин бичиг ч эртний герег үсгээс эхтэй, үүнд энэ хоёр бичгийн нэг язгууртайг Хэнтийн салбар уулсаас эх авдаг Хэрлэн, Онон хоёр голын ус ялгаагүйтэй адил гэж зүйрлэж хэлээд байгаа юм. Үүгээр улс төрийн ямар нэг эчнээ бодол өвөрлөсөн юм огт үгүй. Хэлний шинжлэлтэн, түүхч, зохиолч, орчуулагч нарын заавал эзэмшвэл зохих худам монгол бичгийг сэргээхтэй ч цаагуур учир холбогдсон юм үгүй. Харин кирилжин монгол үсгийн дүрмийг шинжлэх ухаанч аргаар аль болох тогтолцоонд (системд) оруулах ажил бол тусдаа хэрэг. Бүр нарийн ярьвал латин үсгээс цэрвэсэн хэрэг ч биш, хэрэв манайхан 1930-аад оны эхээр анх латин үсэг нэвтрүүлснээ хаяагүй өдий хүртэл хэрэглээд ирсэн бол өнөөдөр юунд ингэж кирилжин үсгийг хамгаалах яриа хөөрөө гаргах вэ дээ.

Монгол бол нүүдэлч удамтай, шинэ цагийн соёл иргэншилд хожуу хөл тавьсан, энэхэн хугацаанд олсон боловсрол, соёл, гэгээрлийн ололт амжилтаа “салхины аясаар” алдагдуулж болохгүй, цөөн хүн ам бүхий, даяаршлын энэ үед эмзэгхэн ч гэж хэлж болох бага орон. Бичиг үсэг солихыг хялбархнаар төсөөлж хөнгөмсөг загнахаас бид аль болох зайлсхийх учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 249 (7234)