Т.САЙХАН
АЗХ-ны гишүүн М.Амгаланбаатартай ярилцлаа.
-АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 18-нд болно. Та энэ сунгаанд орохоор нэрээ дэвшүүлжээ. Ер нь энэ намд хэзээ гишүүнээр элсэж, өнгөрсөн хугацаанд ямар үзэл баримтлалыг нь хамгийн ихээр дэмжиж ажилласан бэ?
-Би 2008 онд их сургуулиа төгсөөд АН-д элссэн. Ер нь намд элсэх хүсэл тэмүүлэл бол түүнээс эртнийх. Би ардчиллын өлгий нутаг Хөвсгөл нутгийн хүн. Энэ маань нөлөөлсөн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд намын шат шатны байгууллагад ажиллаж байна. Сүүлийн долоон жил АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллалаа. Энэ хугацаанд Б.Баттүвшин, С.Дэмчиг, С.Эрдэнэболд гэсэн гурван Ерөнхийлөгчтэй хамтран ажилласан байна. Бүгдтэй нь гар сэтгэл нийлж ажилласан. АН бол нэгдмэл үзэл баримтлалтай, иргэддээ илүү эрх мэдэл өгье, итгэе л гэдэг нам. 1990 оноос хойш энэ үзэл баримтлал өөрчлөгдөөгүй.
-Залуучуудыг намд элсэх, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг олон нийт төдийлөн нэр хүндтэй хүлээж авдаггүй болжээ. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Улс төр бол яг хүсээд, итгэл үнэмшлээ зориулаад явбал их гоё талбар шүү дээ. Хүнтэй ажиллаж сурна. Шинэ мэдээлэл, мэдлэг дунд хөгжинө. Улс төр мөн чанараараа муухай зүйл байсан бол дэлхий нийтийн хөгжил өдий түвшинд хүрэхгүй. Тиймээс залуус улс төрд идэвхтэй оролцоосой. Залуучууд улс төрд орохыг ойлгож, дэмжиж байгаасай. Олон нийтийн дунд дургүйцэл байгаа нь ёс суртахуунтай холбогдоно. Түүнээс улс төрд дургүйцсэн хандлага биш байх. Ялангуяа улс төр ахуйн хэмжээнд хүрч жижгэрээд байгаа нь бидний хамгийн том зовлон. Хувийн эрх ашиг, ахуй амьжиргаа, орлогын үндэс сууриа улс төр гэж хардаг хүмүүс л улс төрийг муухай харагдуулдаг.
-Яг үнэндээ АН сүүлийн найман жил сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна. Дотооддоо нэлээд тэмцэлтэй байж ирсэн. Зарим гишүүн намын үйл ажиллагаанаас шантарч, орхисон, идэвхгүй болсон тал бий. Таны энэ намд үлдсэн шалтгаан, бүүр залуусын байгууллагын ерөнхийлөгчийн сунгаанд оролцох болсон шалтгаан юу вэ?
-Бид тэмцэлддэг шигээ нэгдэж сурах хэрэгтэй. Ардчилал гээд өдөр шөнөгүй гөвөлцөөд байж болохгүй. Ерөөсөө шүүмжлэхийг, мэтгэлцэхийг ардчилал гэж ойлгож огт болохгүй. Энэ бол олонхоо дагаж, цөөнхөө хүндэтгэх зарчим. Хэрэгжүүлэхэд асар өндөр соёл, тэсвэр тэвчээр шаарддаг тогтолцоо. Үүнд бид суралцах ёстой юм даа. Намын үйл ажиллагаанаас шантарсан холдсон зүйл нэг хэсэг байсан уу гэвэл байсан. Гэхдээ намын дотоод хагарал тэмцэл нэг талдаа гарч шийдэгдсэнээс хойш идэвх оролцоо эрс сэргэж байна гэж би хэлнэ. Ялсан үед дагаж намираад, ялагдсан үед өөр тийшээ хуйларч гүйдэг явган жижиг эрх ашиг хөөж явдаг хэсэг хүмүүс бас байна. Тэдний холдохыг гишүүдийн шантарсантай хутгаж болохгүй. Тос усаараа л ялгарч байгаа хэрэг. Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн хоёр үндсэн шалтгаанаа би маш товч хэлье. Нэгдүгээрт, ардчилал тогтолцооныхоо хувьд хүндхэн сорилтод ороод байна. Ийм ээдрээтэй цаг үед хураасан мэдлэг, туршлага, итгэл үнэмшил байдаг юм бол түүнийгээ хийж хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх ёстой. Хоёрдугаарт, өнгөрсөн долоон жилийн хугацаанд ардчиллаа орхиогүй итгэл үнэмшилдээ хатуу, нягт зогсож ирсэн журмын нөхдийн маань зөвлөгөө, хүлээлт, дэмжлэг байна. Тэднийхээ итгэл, зүтгэлийг хөөдөх эрх надад байхгүй.
-Энэ намыг залуу үедээ зай тавьж өгдөггүй гэх шүүмжлэл бий. Магадгүй намын дотоод асуудал байх л даа. Гэхдээ залуучуудаа хэр дэмждэг юм бэ?
- Тийм шүүмжлэл олон жил явсан. Харин одоо цаг үе өөр болж байна. АН-д залуучуудын цаг ирж байна. Эхнээсээ нийслэл, зарим аймгийн АН-ыг залуучууд удирдаж эхэллээ. АН-д үеийн шилжилт урт удаан төвөг сорилт ихтэй боловч органикаар явагдаж байна. МАН-ыг залуучууддаа эрх мэдлээ өгдөг гэж ярьдаг. Гэтэл хөшигний ард хуучин дарга нар нь бүхнийг хянасан хэвээрээ л байна. Тэд хүүхдүүдээ боловсролын сангаар сургаад, төрийн албанд даргаар томилуулаад, сууж байна шүү дээ. Энэ бол механик дүр эсгэсэн шилжилт. Харин АН-ын үеийн шилжилт бол өөрийн гэсэн ээдрээ, сорилтыг даван туулсан учраас нийгэмд маш хүчтэй, нөлөөтэй тэсрэлт үзүүлнэ гэдэгт итгэдэг.
-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж бий байх. Ер нь нэр дэвшиж, Ерөнхийлөгч болвол хамгийн түрүүнд таны хийж хэрэгжүүлэх ажил юу вэ?
-Нэн түрүүнд дотоод эв нэгдлээ илүү чамбайруулж, нэгнээ ойлгодог дэмждэг бүтээлч орчин бүрдүүлэхэд онцгой анхаарна. Нэгдмэл байж бид нэг цул багийг бүрдүүлж чадна. Баг бүрэлдсэн цагт залуучуудын оролцоог бүх шатанд хангуулж чадна. Удахгүй болох УИХ, аймаг, нийслэл дүүрэг, орон нутгийн сонгуульд шат шатанд АЗХ-ны төлөөллийг квотоор дэвшүүлэхийн төлөө ажиллана. Залуучуудын мэдлэг боловсрол, нөөц бололцоог байгаа бүх хэмжээгээр нь бүрэн дүүрэн дайчлах нь АН-ын ялалт, амжилтын том үндэс суурь гэдгийг онцолмоор байна. Мөн том зургаар харж, нийгэм эдийн засгийн гажуудлуудыг засах тал дээр хүчтэй, идэвхтэй дуу хоолой болж ажиллана. Эрх баригчдын дур зорго, авилга, хулгай, хууль шүүхийн дарангуйлал, төрийн албаны дампуурал, нийслэлийн иргэдийн амьдралын чанар, агаар орчны бохирдол, түгжрэл, гадаадруу дүрвэж байгаа залуусын мэдлэг, ур чадвар, бизнесийн таатай орчин гээд бидэнд ярих, анхаарах шийдэл гаргах ёстой. Энэ мэт салбар тус бүрээр бодлогын зөвлөлүүдээ байгуулж, байгаагаа шинэчилж үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 249 (7234)