Банзрагчийн ОЮУНЧИМЭГ

 

Монгол Улсын Гавьяат багш, сэтгэл, ёс суртахуун судлаач, доктор (Ph.D)

 

Дотоод хувьсал өөрчлөлт хүн төрөлхтний эрхэм дээд зорилго.

Улс орны хөгжил дэвшлийн үндэс нь ёс суртахуунтай иргэд атал манайхны ёс суртахуун улам бүр доройтсоор байна. Ус урсахгүй бол өмхийрдөг, хүн урагш ахихгүй л бол ухарч урууддаг жамтай. Урагшлах, ахиж дэвшихэд удирдлага болгох хамгийн оновчтой баримтлал бол ёс суртахуун. Ёс суртахуун мөн чанараараа байгалийн хуулийн хэм хэмжээ. Ёс суртахуун нь хүнд хүнийх нь хувьд байгалийн тавьдаг шаардлага. Ёс суртахууны үндэс нь байгаль-эхийн зарчмууд. Байгальд буруу зүйл үгүй.

Чухам иймийн учир монголчууд бид ёс суртахууныг ашиглан хувьсан өөрчлөгдөх шаардлагатай байна. Уг хувьсал өөрчлөлт Чарльз Дарвинийн хувьсалаас ялгаатай. Энэ нь хүний биед бус, харин сэтгэл, ухамсар, зан чанарт гарах мөн чанарын дэвшилтэт өөрчлөлтүүд юм. 

Хүмүүс амьдралын чанарыг материаллаг талаас нь үнэлж, материаллагийг эрхэмлэж, ая тухтай, элбэг хангалуун байхыг амьдралын зорилго болгож, таван мэдрэхүйн жаргалыг хүсэж, хүн төрөлхтний хамгийн гол зорилго бол хувьсаж өөрчлөгдөх, боловсрох явдал гэдгийг анзаарахгүй, ёс суртахууны доройтлоос даруй ангижрах шаардлагатайг ухаарахгүй, гадаад материаллаг ертөнц бус, харин хүний дотоод ертөнц хамгийн гол үнэт зүйл болохыг ч ойлгохгүй байна. Жинхэнэ хөгжил дэвшил хүний дотоодод эхлэн явагдах учиртай. Дотоод хөгжил дэвшлээр өнөөгийнхөн гавихгүй байна. Ухамсар дорой, ёс суртахуунгүй, хүн чанаргүй, сэтгэл муутан бишгүйдээ болж буй. Бид ёс суртахууныг мөрдөж байж ухамсраа дээшлүүлнэ, сэтгэлийнхээ хир буртгийг багасгана, сална, зан чанарын сөрөг шинжүүдийг засаж залруулна. Ёс суртахууны шаардлагыг биелүүлдэг, зарчим, хэм хэмжээг нь сахин мөрддөг хүнийг ёс суртахуунтай нэгэн гэдэг. 

Бидний өдөр тутам танин мэддэг зүйлс, олж авдаг туршлага дотоод мөн чанарын шаардлагыг хангадаггүй тул өдөр бүрийн ердийн үйл ажиллагаа маань хүний жинхэнэ хувьсал өөрчлөлтийн өмнөх үе шат л болдог аж. Өөрийгөө хувьсган өөрчлөх, боловсрох зам хүн бүрт нээлттэй.

Хүн хувьсан өөрчлөгдөх, сэтгэлээ сайжруулах, ухамсраа дээшлүүлэх, зан чанараа засаж залруулахад зайлшгүй ашиглах шаардлагатай зүйл бол ёс суртахуун, өөрөөр хэлбэл ёс суртахууны шаардлагууд. Ёс суртахууны мөн чанар, үнэт зүйлсийг танин мэдэж, ач холбогдлыг нь ухааран ойлгож, зарчим, хэм хэмжээг нь сахин мөрдөж, сэтгэлээ боловсруулж, ухамсраа дээшлүүлж, зан чанараа засан залруулахыг хүний хувьсал өөрчлөлт, дотоод хувьсал өөрчлөлт гэж ойлгох учиртай. Гэтэл өнөөгийн хүмүүс:

- Ёс суртахууны тухай зөв зүйтэй, шинжлэх ухаанч ойлголтгүй;

- Ёс суртахууныг үл тоодог, ач тустай зүйл гэж үздэггүй;

- Ёс суртахууны мөн чанар, үнэт зүйлсийг мэддэггүй;

- Сэтгэлийн сайн сайхан чанарууд, ухамсрыг эс хэрэгсдэг. Ёс суртахуунтай болох нь сэтгэл, ухамсартай холбоотойг ухаардаггүй;

- Боловсролын тогтолцоо нийгмийн болон мэргэжлийн ажлыг л сайн гүйцэтгүүлэхийн төлөө оршиж ирсэн;

- Сургалтын явцад аль болох их мэдээлэл өгөхөд анхаарч, хүнийг ёс суртахуунтай болгох, сэтгэлийг нь сайжруулах, ухамсрыг нь дээшлүүлэх ажлыг орхигдуулж байгаа.

Хүн дотооддоо тухайлбал, сэтгэл, ухамсар, зан чанартаа эерэг өөрчлөлтүүдийг бодитой гаргаж  байж  жинхэнээр хөгжиж дэвшинэ, боловсорно, хүн шиг хүн болж төлөвшинө. 

Хүн юугаа хувьсгаж өөрчлөх ёстой вэ?

Нэг. Сэтгэл. Өнөөгийн хүмүүсийн хамгийн эхэнд зайлшгүй хувьсган өөрчлөх ёстой зүйл бол сэтгэл. Хүмүүст байгаа бүхий л зүйлээс хамгийн үнэ цэнтэй нь сэтгэл. Сэтгэл гэгч юү болохыг, ямар мөн чанартайг ухаарч ойлгох нь сэтгэлээ зөв хөгжүүлж боловсруулахад ихээхэн ач холбогдолтой. Сэтгэлийнхээ мөн чанарыг сайтар судалж, танин мэдсэн  хүн  л түүнийг боловсруулж, хувьсан өөрчлөгдөж чадна.

Хүн бие, оюун, сэтгэлээс бүрддэг. Сэтгэл олон чанар, чадвартай. “Сэтгэл нь тодорхой байх чанар, танин мэдэх чадвартай” гэж Будда тодорхойлсон нь бий. Сэтгэл аливааг, түүний шинж чанартай нь хамт тусгаж авдаг. Энэ нь түүний тодорхой байх чанар. Танин мэдэх чадвар нь сэтгэлийн үйлдлийн чанар. Сэтгэл аливаагийн тухай мэдэж авахын зэрэгцээ тэр аливааг хэрхэн хүлээн авч байгааг мэдэрдэг. Сэтгэл мөн чанараараа тодорхой ч буруу бодол санаа түүний тодорхой чанарыг бүрхсэний уршгаар тусгасан зүйлээ нөлөөтэй толь шиг буруу болгон гуйвуулах нь бий. Сэтгэл нь танин мэдэхүйн эрчим (энерги) бөгөөд түүний идэвхтэй бүрэлдэхүүн бол бодол санаа. Сэтгэл өөрөө өөрийгөө боловсруулах чадвартай. Сэтгэлийг боловсруулагч нь сэтгэл өөрөө бол боловсрогдохуун буюу боловсрох зүйл нь мөн л сэтгэл. Ертөнцийн бүх юм, үзэгдэл сэтгэлийн бүтээгдэхүүн, сэтгэлийн чанар. Аливааг юу гэж үзэх, түүнд хэрхэн хандахаа сэтгэл шийддэг.

Сэтгэл орох, гарах сувагтай, багтаамжтай. Сэтгэл нь  хязгаар, хаалт үгүй, бүх хүнийг мөн чанарын хувьд адил болгох чадвартай зүйл. Сэтгэл хэзээ ч бүрэн ханадаггүй.

Юмс, үзэгдлүүд сэтгэлд үзэгдэж, сэтгэл тэдгээрийг танин мэддэг. Юмс, үзэгдлүүдийг танин мэддэг сэтгэлийн чадвар нь түүний үндсэн, суурь чанар. Сэтгэлийн бүрдэл нь атом, молекултай холбоогүй танин мэдэхүйн эрчим. Сэтгэлийн эрчим нь эд эсэд нэвтэрч, бие махбодод тэнцвэр тогтоодог. Өвчлөх үед сэтгэлийн эрчмийн урсгал саарч, их хэмжээгээр тасарч, бие махбодын үйл ажиллагаа сулардаг.

Хорт муу сэтгэл, сөрөг мэдрэмж, сандарч тэвдэх, айх, цочирдох, түгших, сэтгэл санаагаар унах зэрэг сэтгэцийн тааламжгүй байдал сэтгэлийн эрчмээ алдах, дархлаагаа муутгах, улмаар үрэн таран хийхэд хүргэдэг. Жишээ нь, айдас хүний гэрлэн бүрхүүлийг эвдэж, бие махбодын дархлааны механизмыг бүсэлж, тааламжгүй нөхцөл байдлыг эсэргүүцэх чадварыг эрс бууруулж, сэтгэлийн эрчмийг хөнөөдөг. Сэтгэлийн эрчимтэй зөв харилцах гол арга бол ямар ч нөхцөлд амгалан тайван, хүлээцтэй, сэтгэлийн хаттай байх, сэтгэлийн хөдөлгөөнөө зөв удирдах явдал. Сэтгэлийн хөгжил дэвшил нь ахиц дэвшлийн дээд нь. Хүн шиг хүн болохын тулд хүсэж тэмүүлэх ёстой хамгийн гол зүйл бол ёс суртахуунд суурилсан сэтгэлийн хөгжил дэвшил. Хүн ертөнцөд мэндэлсэн цагаасаа хүн төрөлхтний гол зорилго болох сэтгэлээ сайжруулах замаар замнаж болно, замнах ч ёстой. Хүнд байх ёстой бүхий л эрхэм чанарыг мөн чанараа болгох замаар сэтгэлээ хөгжүүлнэ.

Ёс суртахуун, сэтгэлийн шүтэлцээ барилдлага. “Ёс суртахуун бол номхроогүй хүмүүний хазаар. Догшин морь шиг зүтгэх буруу сэтгэлийг хазаарлан зогсоож, зөв зүгт хандуулах зүйл бол ёс суртахууны хэм хэмжээ, түүнийг хичээнгүйлэн дагавал сэтгэл хэмээх догшин морь номхорно” гэж Богд Зонхов “Бодь мөрийн зэрэг” номынхоо “Айлдварын утгыг тодруулах”  бүлэгт айлдсан байдаг. 

Ёс суртахууны хэм хэмжээг даган мөрдөж байж сэтгэлийг номхотгоно. Сэтгэлийг номхотгохын тулд ёс суртахууны болон сэтгэлийн боловсрол эзэмших учиртай. Сэтгэлийн боловсролын илэрхийлэл нь хүмүүжил, хэмжүүр нь ёс суртахуун. Сэтгэлийн боловсрол хэдий чинээ өндөр байна хүн төдий чинээ хүмүүжилтэй байна. Хүн муу сэтгэлээ засаж залруулж чадсан цагт зөв сайхан сэтгэлтэй болно. Уураг тархийг гаднаас боолчилж болдог бол мөн чанар нь болох сэтгэлийг хүн өөрөө л мэднэ.

Хоёр. Дээд ухамсар.  Хүний дотооддоо гаргах хувьсал өөрчлөлтийн нэг нь дээд ухамсраа хөгжүүлэх явдал. Оюуныг дээдэлж, түүнийг хүний хамгийн үнэ цэнтэй чадвар хэмээн баталж, ухамсар, сэтгэлээс ангид авч үзсээр ирсэн. Өнөөгийнхөн ухамсар, түүний чадваруудын талаар огт дурсахгүй, ашиглахгүй байгаа. Хүний чухал чадвар болох дээд ухамсар, түүний түвшнүүдийн тухай ойлголтгүй байна, бид. Манай соёлд “ухамсар” хэмээх үг ач холбогдол тун багатай, толь бичгүүдэд хүртэл уг үгийн хамгийн гол, суурь утга санааг орхисон байдаг. Энэ явдал ухамсраа хөгжүүлж, илүү дээд түвшинд хүргэх тухай ойлголттой болох боломжийг үгүй хийж буй.

Олон чухал үгийн жинхэнэ утга санааг хүмүүс мэдэхгүй үлддэг. Жишээ нь: ухамсар, сэтгэл, “би”, хүний мөн чанар, үл ухамсарлахуй буюу ухамсаргүй, далд ухамсар, дээд ухамсар. Сэтгэл судлалын шинжлэх ухаан ухамсрыг хүртэхүйн үндсэн үр дүн, уураг тархины үйл ажиллагааны субъектив тал, “Би”-гийн хүрээлэн буй орчинтой харилцах харилцаа гэж үздэг. Эдгээр тодорхойлолтод буруу зүйл үгүй боловч “ухамсар” хэмээх үгийн үндсэн, гол утга санааг нээж чадаагүй гэж хэлж болохоор. Гэтэл Испанийн Хатан хааны Академийн гаргасан толь бичигт “ухамсар”-ыг “Хүний дотоодод гарах өөрчлөлтүүд, аливаагийн гол, үндсэн шинжийг ойлгох, ухаарах сэтгэлийн чанар” хэмээн тодорхойлжээ.

Ухамсар хэд хэдэн түвшинтэй. Ердийн ухамсар гарваль шинжтэй бол бидэнд төдийлөн танил биш дээд ухамсрыг сэтгэлийн чанд хатуу сахилга батын дүнд л төлөвшүүлнэ. Ердийн ухамсрыг “нойрмог, зүүрмэглэсэн байдал” гэж тодорхойлж болох.

Хүний эрхэм чанар бол дээд ухамсар. Бид дээд ухамсар гэж юу болохыг ойлгох, түүнийг гол үнэт зүйл гэж хүлээн зөвшөөрөх учиртай. Хэд хэдэн их дээд сургууль төгссөн, боловсролын магистр, докторын зэрэгтэй хэрнээ бурууг, мууг үйлдээд явдаг хүн олширсоор. Жишээ нь, Улсын Их Хурлын зарим эрхэм гишүүн.  Ухамсаргүй “ухаантнууд” олширсоор. Энэ нь дээд ухамсраас ангид оюун ач холбогдолгүй гэдгийг тод томруун харуулж буй жишээ. “Оюуны суутнуудаар” бахархахын оронд “ухамсрын суутнуудыг” төрүүлэх ёстой. Ухамсрын суутан нь ухамсраа дээд түвшинд хүргэсэн, сэтгэлийн сайн сайхан чанаруудыг өөртөө суулгасан хүн юм. Улс оронд маань ийм хүмүүс хэрэгтэй байна. Хүний амьдралын гол зорилго бол ухамсрын дээд түвшинд хүрэх явдал. Дээд ухамсар нь сэтгэлийн хөгжил дэвшлийн хамгийн боловсронгуй хэлбэр.

Хүнийг хүн болгодог зүйл бол өндөр дээд ухамсар. Дээд ухамсар оюунд биш, хүний дотоод агуулга буюу мөн чанар, сэтгэлд тулгуурлан бий болдог. Ёс суртахуунтай байхын ач тусыг мэдүүлдэг, “хүн шиг” хүн болгодог зүйл бол дээд ухамсар. Гэтэл өнөөгийнхний ухамсрын тухай ойлголт, хандлага дараах байдалтай байна. Үүнд:

- Хүний чухал чадвар болох дээд ухамсар, түүний түвшний тухай ойлголтгүй;

- Хөгжсөн ухамсраас ангид оюун нь усны урсгал даган удирдлагагүй хөвж буй хөлөг онгоцтой адил атал оюуныг хүний хамгийн үнэ цэнтэй чадварт тооцож, ухамсрыг үл хэрэгсэж, оюунаас ангид авч үздэг;

- Мэргэжилтэн бэлтгэхэд тавьдаг шаардлагад ухамсраа дээшлүүлэх замаар хүн зөв хөгжиж, боловсрох шаардлагыг оруулдаггүй;

- Их, дээд сургуулиуд хүний хамгийн үнэ цэнтэй баялаг болох ухамсрыг үл хэрэгсэж, мэргэжлийг чухалчилдаг. Мэргэжил нь уураг тархины чадвар. Мэргэжил хүний эзэмшсэн чадвар, дадал болохоос биш, түүний мөн чанар биш. Эмч мэргэжилтэй хүн эмчийн ажлыг гүйцэтгэж байгаа яг тэр үедээ л эмч байна;

- Тархины чадвар хүний “Би”-г гаднаас авсан мэдээллийн механик зарц болгон хувиргадаг. Тархины чадвар төдий мэдлэг, дадал нь хүний “Би”-д захирагдахаа больдог, улмаар хүний мөн чанарт нэвчиж, эцэст нь түүний сэтгэцийг бүхэлд нь эзлэн авдаг гэдгийг мэдэхгүй байна;

- Чадвар амьдралд зохих үр дүн үзүүлэхгүй, цаг хугацаа өнгөрөхөд магадлагдан батлагдахгүй бол өнөөгийнхний дээд зэргээр хүсэж тэмүүлдэг элдэв цол, зэрэг, хэргэм юу ч биш гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Алдаа дутагдал ихтэй, нийгэмд ач тус муутай “диссертацархуу” юмаар боловсролын зэрэг гээчтэй болсон магистр, доктор гэгдэх хүмүүс ганц олигтой нийтлэл бичиж чадахгүй байх нь олонтоо. Мэргэжлийн чадвараа нэмэгдүүлэхийг хүн чанараа сайжруулахтай хольж хутгах учиргүй.  Мэргэжлийн чадвараар хүн чанарыг тодорхойлохгүй.

Гурав. Зан чанар. Ёс суртахууныг ашиглан хувьсган өөрчлөх өөр нэг зүйл бол зан чанар. Зан нь хүний аашлах төрх байдал. Аашлах төрх байдал буюу занг хүний зангийн төрөлх шинж болох зан араншин, олдмол шинж болох зан төлөв хоёр илэрхийлдэг. Зан араншин, зан төлөв хоёрыг хамтад нь зан чанар гэнэ.

Хүн төрөлхтөн зан араншинг эрт үеэс судалж ирсэн. Зан араншин хүний сэтгэцийн шинжүүдийн нэг. Зан араншин сэтгэцийн бусад шинжээс харьцангуй тогтвортой нь. Зан араншингийн хэв шинжүүдийн ерөнхий нэрийг темперамент гэдэг. Темперамент нь “хольц, нэгдэл” гэсэн утгатай латин гаралтай үг. Темпераментыг хувь хүнд байдаг зан араншингийн шинжүүдийн хольц, нэгдэл гэж ойлгож болно. Темперамент бүр өөрийн онцлогтой. Темпераментыг мэдрэлийн тогтолцооны байгалийн төрөлхийн онцлог (генотип) бөгөөд дээд мэдрэлийн үйл ажиллагааны хөөрөл, саатал гэсэн хоёр үйл явцын байдал (энэ нь 1. хоёрын хүч, 2. харьцаа буюу давуу, дутуу байдал, 3. хөдөлгөөн буюу нэг нь нөгөөгөө халж солих хурд) -аар тодорхойлж ирсэн.

Зан төлөвийг олон улсад “характер” гэдэг. Характер нь шинж байдал, зан чанар, онцлог гэсэн утга агуулгатай грек гаралтай үг. Зан төлөв нь орчин ахуй, хүмүүжил, сургалт, нийгмийн нөлөөгөөр бүрэлддэг, чиглэл зорилго, зориг, ёс суртахууун, зан үйлийн байнгын тогтвортой үндсэн шинжүүдийн өвөрмөц нэгдэл, хүний үйл хэрэгт учир шалтгааны тодорхой дарааллаар илэрдэг сэтгэцийн гол шинж. Зан төлөв янз бүрийн шинжээс бүрддэг ч тэдгээрийн механик нийлбэр биш, бүх хүнд нийтлэг байдаг хоорондоо холбоо хамааралтай чанарууд юм. Зан төлөв хүний өөртөө, бусдад, нийгэм, эд юмс, ажил хөдөлмөр, үйл ажиллагаа, байгальд хандах хандлагуудаар илэрдэг. Сүүлийн үед  хүмүүсийн хандлагын тухай их ярьж байгаа ч буруу, хүнлэг бус, өөриймсөг биш, байгалийг хайрладаггүй зэрэг сөрөг муу хандлагууд юунаас үүдэлтэй, тэдгээрийг хэрхэн засах талаар олигтой ойлголтгүй байгаа нь ажиглагддаг.                               

Хүнд зан чанарын эерэг хийгээд сөрөг шинжүүд байдаг. Сөрөг шинж олонтой хүн ёс суртахуунтай болох нь хялбар биш. Ийм хүн зан төлөвөө хатамжилж, зоригийн шаргуу, тэвчээртэй байх чанарыг тууштай барьж байж ёс суртахуунтай болно.

Зан суртахуун нь хүн зан чанараа ёс суртахууны шаардлагад нийцүүлэн тохируулж буй байдал, түүний үр дүн. Зан суртахуун хэмээх нэр томьёоны зан гэдэг үг нь хүний аашлах төрх байдал, суртахуун гэдэг нь сурч мөрдвөл зохих ёс гэсэн утга санааг илэрхийлдэг. Ёс суртахуун нийт хүн төрөлхтнийх бол зан суртахуун хувь хүнд хамаатай зүйл. Хүний зан суртахууныг өөрөөс нь өөр хэн ч бий болгохгүй, зан суртахууны цорын ганц зохиогч нь хүн өөрөө. Үнэнч шударга, ёс жудагтай сэтгэл өег явах, “муу хүн”, “өөдгүй амьтан” гэж адлуулж амьдрахын алийг сонгохоо хүн өөрөө шийддэг. Зан чанарын шинжүүдээ ёс суртахууны шаардлагад нийцүүлж, засан өөрчилж, хэвшүүлж, зан суртахуунаа бүтээнэ, ёс суртахуунтай болно. Энэ нь хүн болж төрсний утга учир, зорилго. Зан чанарын муу муухайг ёс суртахуун засна. Ёс суртахуун нь баримтлах зарчим, хэм хэмжээ бол зан суртахуун нь хувь хүний чанар.

 Хүн дараах зүйлийг хийж байж сэтгэл, ухамсар, зан чанараа хувьсган өөрчилж, хөгжин боловсорч, ёс суртахуунтай болно. Үүнд:

- Өөрийгөө танин мэдэх. Гэм буруу, алдаа дутагдал, сул талаа танин мэдэх хэцүү түвэгтэй зам туулахгүйгээр хүн сэтгэлээ өөрчлөн боловсорч, дээд ухамсартай болж эс чадна. Өөрийгөө танин мэдэж байж хүн зан чанараа өөрчилж, ёс суртахууны шаардлагад нийцүүлнэ гэдгийг ойлгох. Хүн өөрийгөө танин мэдэх нь ертөнцийг бүхэлд нь танин мэдэхээс илүү ач холбогдолтой;

- Энэ бүхнийг хийхэд саад учруулж байгаа зүйлтэй тэмцэх. Саад учруулж байгаа зүйл бол хүний өөрийн нь дутагдлууд. Дутагдлууд хүнийг эзэлж, удирдан залж, ухамсар, сэтгэл, зан чанараа хувьсан өөрчлөхөд саад тотгор учруулж байдаг сөрөг муу хүч гэдгийг ухаарах;

- Хүн хувьсан өөрчлөгдөж, хөгжиж дэвшихийг хүсвэл дутуу дулимаг гэдгээ хүлээх;

- Өөрийгөө болон бусдыг хуурахад ашиглахаар бүтээсэн зохиомол дүр төрхөөс татгалзах;

- Сул талуудтай гэдгээ хүлээн зөвшөөрөх. Ингэснээр сэтгэлээ боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатайг ухаарч ойлгоно, дутагдлаа засах сэдэл төрнө. Сул талтай, дутуу дулимаг гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс айдаг явдал өөрийгөө дөвийлгөдөг, чадвараа хэтрүүлэн үнэлдэг, өөрт тохиолдож буй саад бэрхшээлийн шалтгааныг гаднаас, бусдаас хайхад хүргэдэгийг ухаарах;

- Сэтгэлээ хөгжүүлж дэвшүүлэх. Хүн шиг хүн болохын тулд хүсэж тэмүүлэх хамгийн чухал зүйл бол ёс суртахуунд суурилсан сэтгэлийн хөгжил дэвшил гэдгийг сайтар ойлгох;

- Дээд ухамсраа хөгжүүлэх. Ухамсар нь ухаарч ойлгох чадвар. Дээд ухамсрыг сэтгэлийн хатуу чанд сахилга батын дүнд л хөгжүүлж төлөвшүүлнэ. Ухамсар нь оюунд биш, хүний дотоод агуулга буюу мөн чанарт, сэтгэлд суурилдаг. Мэдлэг, мэргэжилтэй ч дээд ухамсраа хөгжүүлэхгүй бол сэтгэлээ сайжруулж, ёс суртахуунтай болж чадахгүйг ойлгох. Мэдлэгтэй ч ёс суртахуунгүй, ухамсар дорой хүнийг ишгүй хутгатай зүйрлэдэг;

- Ёс суртахууны ач тусыг ойлгох, шударга, аз жаргалтай, сайн сайхан амьдрахын тулд ёс суртахуунтай болох шаардлагатайг, ёс суртахуунгүй бол хүн шиг хүн биш гэдгийг ухаарах. “Ёс суртахуунгүй хүн муу хүн, бүр хүн биш” гэсэн Жан Жак Руссогийн үг бий.

Сэтгэлийн гоо сайхан болох ёс суртахууныг эрхэмлэн тэмүүлцгээе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 249 (7234)