Баатарын НЯМСҮРЭН

 

Энэ жил томуугийн дэгдэлт өмнөх үетэй харьцуулахад хожуу эхэлсэн. Хүүхдүүдийн дунд дэгдээд буй хүнд хэлбэрийн ханиад, томуу, томуу төст өвчний талаар ЭМЯ-наас холбогдох байгууллагуудтай хамтран долоо хоног бүр мэдээлэл хийж байна. Энэ удаад томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө өглөө. 

 

ОДООГООР 2345 ХҮҮХЭД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

 

ЭМЯ болон холбогдох албаны байгууллагууд томуугийн өвчлөлийн тархалтын түвшинд тохирсон хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа.  Ханиад томуу их байгаа энэ үед шаардлагатай тохиолдолд  хэвтэн эмчлүүлэх ор, ажиллах хүний нөөц, эм эмнэлгийн хэрэгслийг ханган байна. ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний улирлын үед  нөхцөл байдлыг тандах, орон нутгийн засаг захиргааны байгууллагад хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, шаардлагатай зүйлээр хангах, оношилгоо эмчилгээний эрх зүйн зохицуулалтыг шийдэж ажил­ладаг. Тиймээс энэ сарын 1-нээс хариу арга хэмжээний багийг байгуулжээ. Энэхүү баг нь  өдөр бүр эрүүл мэндийн байгууллагын ор, ачаалал, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд, эрчимт эмчилгээнд эмчлүүлж буй иргэдэд шинжилгээг хийх зэргийг хянахаас гадна мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Нийслэ­лийн хэмжээнд одоогоор нэмэлтээр 1255 ор дэлгэсэн байна. Өчигдрийн байдлаар нийт 2345 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Энэ нь яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдийн 20-40 хувь нь гэсэн үг. Харин эрчимт эмчилгээний тасгаар 70 хүүхэд үйлчилгээ авчээ. Энэ сарын 11-ний байдлаар нийслэлийн 103 түргэн тусламжийн утсанд 1413 дуудлага иржээ. Үүнээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой 483 дуудлага бүртгэгдсэн бол нийт дуудлагын 238 нь томуу, томуу төст өвчнийх байсан байна. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэм­булган “Нийслэлийн хэмжээнд томуугийн өвчлөл нэмэгдэж байна. Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн нийслэлийн эрүүл мэндийн газ­рын энэ  оны А203 дугаар тушаалаар дүүр­­гүү­дийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийг арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс томуугийн өвчлөл буурах хүртэл ажиллах цагийг уртасга­сан. Ингээд ажлын өдөр 21:00 цаг, бямба гарагт 18:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжсэн. Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд энэ сарын 4-ний өдрөөс ажлын өдөр 20:00 цаг, ням гарагт 15:00 цаг хүртэл  ажил­лах шийдвэр гарсан. Тиймээс иргэд өөрт ойр байгаа эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэй. Шаардлагатай тохиол­долд дараагийн эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна” гэсэн юм.

 

"АЛАГ ЦООГ" ДЭГДЭЛТ ДӨРВӨН АЙМАГТ ТАРХЖЭЭ

 

Нийслэлийн хэмжээнд улирлын томуу, цар тахлын үнэлгээ, улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт энэ оны 48 дахь долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд хүрсэн. Энэ хугацаанд амбулаторийн үзлэгээр 274.334 хүн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 15.330 нь томуу, томуу төст өвчнөөр өвджээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар их байгаа юм. Харин нийт 8610 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1902 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Өвчлөлийн түвшин идэвхжилт өндөр байгаа учир эмнэлэгт хэвтэх нь их байна. Мөн "алаг цоог" дэгдэлт Булган, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул аймагт их байгаа юм. Булган аймгийн 16 сумын 1103 хүн амбулаториор үйлчлүүлсний 100 тохиолдлыг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Үүнээс аймгийн төвд  өвчлөлийн 50.3 хувь нь бүртгэгдсэн байна. Мөн Тэшиг сум 52 хувь, Хялганат суманд 42.1 хувьтай байна. Тэгвэл Хэнтий аймгийн 21 сумын 14 сумын ирүүлсэн мэдээгээр 1069 хүн амбулиоториор үйлчлүүлсний 81 тохиолдлыг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм. Аймгийн төвд өвчлөлийн 75 хувь нь бүртгэгджээ. Харин Баян-Овоо суманд өвчлөл харьцангуй өндөр байгаа бол бусад сумдад 12 хувиас доош байна. Сүхбаатар аймгийн  12 суманд 1165 хүн амбулаториор үйлчлүүлсний 16.1 ху­вийг томуу, томуу төст өвчин эзэлж буй мэдээлэл бий.  Аймгийн төвд өвчлөлийн 69.4 бүртгэгдсэн аж. Харин хамгийн өвчлөл өндөртэй нь Эрдэнэ­цагаан сум. Дархан-Уул аймгийн төвд нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь бүртгэгджээ. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор 85.2 хувийг 15, үүнээс 56.4 хувийг дөрөв хүртлэх насныхан эзэлж байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалт­гаан­тай хэвтэн эмчлүүлэгсдийн 91.4 хувь нь 15 хүртлэх насныхан  байна гэв.

 

“ТОМУУ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ”

 

Томуу, томуу төст өвчний олон улсын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа “Томуу, томуу төст өвчнийг таван түвшинд хуваадаг. Идэвхжилийн гэдэг  нь хоёр дахь түвшинд хамаарна. Манай улсад идэвхжилийн үе аравдугаар сарын эхээр эхэлсэн. Харин дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст хамрагдаж байгаа улс орнуудад томуугийн улирал эхэлсэн. Тухайлбал, манай хөрш БНХАУ болон Солонгос  улсад манайхтай ижилхэн вирус бүртгэгдэж байна. Үүнд томуугийн H3N2, амьсгалын замын вирус өргөн тархалттай байгаа юм. Иргэдэд хандаж хэлэхэд томуугийн үе нэгдүгээр сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Тиймээс иргэд дотоод орчин, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүгээрэй. Өөрийгөө хамгаалах энгийн аргыг томуугийн үед мөрдөх шаардлагатай” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 248 (7233)