Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн анхны хэлэлцүүлгийг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  Үүнээс хоёр хоногийн өмнө, 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас  нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Түүнд УИХ-ын таван гишүүн багтсан. Тэдгээр болоод УИХ-ын бусад гишүүд нүүрсний хулгайтай холбоотой байр суурийг тус чуулган дээр илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар “Жинхэнэ хулгайч нараа зарла”, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Жинхэнэ хулгайчдаа зарла”, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Жинхэнэ нүүрсний хулгайчдаа зарла”, “...“Меланж” нүүрсний уурхайг шалга”, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хамаарал бүхий “УИХ-ын гишүүд”-ыг шалга” гэсэн лоозонг ширээн дээрээ байрлуулсан байв. Чуулганы хуралдааны тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь Б.Баттөмөр: Зүгээр хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү, жинхэнэ хулгайч нараа зарла

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Одоо О.Цогтгэрэл гишүүн.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Юуны өмнө эхлээд өнөөдөр УИХ-аар хэлэлцэх төрийн өмчит аж ахуйн нэгжийг шинээр байгуулах уу гэсэн тогтоолын төсөлтэй холбоотойгоор би төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой гэсэн тогтоолын төслийг аль дөрөвдүгээр сард Засгийн газраас санал авсан юм. Үүнийг өнөөдөр хамтатгаж хэлэлцэж өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байгаа. Төр бизнест оролцохгүй байх оролцох аж ахуйн нэгжүүдийн дээд хэмжээг тогтоох гэдэг. Яг үүнтэй холбоотой асуудлууд өрнөж байна л даа. Монгол Улсад төр, төсөв, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нь нийлээд эдийн засгийнхаа 50-иас дээш хувийг сүүлийн жилүүдэд эзэлдэг болчихлоо. Үүнийг дагасан худал хулгай Монгол Улсад нүүрлэчихсэн. Өнөөдөр төрийн өмчит болоод орон нутгийн өмчит 380 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн томоохон нэг аж ахуйн нэгжийн хөнжлийг сөхөхөд юу гарч ирж байгааг монголчууд өнөөдөр хараад бараг улсаа сүйтгэх хэмжээнд хүрч байна. Нөхцөл байдал ямар байгааг, бүгдээрээ гайхаж бас балмагдаж байна. Зөвхөн Тавантолгойн нүүрстэй холбоотой гэхэд тонн тутмаас нь гурван долларын авлига авдаг юм гэнэ, таван долларын авлига авдаг юм гэнэ гэдэг яриа зүгээр л ердийн соёл болоод л тогтчихсон байсан шүү дээ. Улсын начин авахад найраагаар мөнгө өгдөг, авдаг гээд бүгдээрээ мэддэг мөртлөө зөвшөөрдөг шиг нүүрсний хулгайг чинь бүгдээрээ л мэддэг байсан шүү дээ. Ярьдаг байсан шүү дээ. Хэлдэг байсан шүү дээ. 30, 40 хүн гээд зарлачихлаа пү па гэж байсан. Бараг бүгдээрээ ч байгаа. Маш олон хүн байгаа юм энэ дээр. Тэгэхээр бас асуудал энэний цаана дарагдаж байна аа. Зөвхөн 380 аж ахуйн нэгж цаана нь маш олон аж ахуйн нэгжүүд энд бий. Тэгээд энэ асуудлыг ингээд намжаачихна гэж ойлгож байх шиг байна. Ард иргэдэд болоод энэ жагсаж байгаа залуучуудад яагаад гэсэн маш олон асуудал асуулт үлдэж байна. Яагаад энэ олон аж ахуйн шинжтэй гэрээнүүдийг нууцлав аа. Яагаад энэ гэрээнүүдийг ил болгоход ийм их хойрго хандаад байна аа. Яагаад цаана нь дахиад нууц гэрээ үлдсэн байж магадгүй гэхэд хариулт өгөхгүй байна аа. Яагаад яагаад гэсэн маш олон асуулт байна. Яагаад энэ шийдвэр гарахад оролцсон ҮАБЗ-ийн гишүүд нь байгаа мөртөө тэр бичиг цаас яагаад ил гарахгүй байна аа. Яагаад хамгийн гол нь засаг, төр барьж байгаа, дээд, дунд, анхан бүх шатанд хүчээ нэгтгэчихсэн эрх баригчид улсынхаа эдийн засагтай тэнцүү хэмжээний хулгай байна гээд бүхэл бүтэн зургаан жил засаглахдаа яагаад илрүүлдэггүй юм бэ. Аль эсвэл ийм ур чадваргүй менежерүүд энийг чинь удирдаад байна уу. Хэрэв нэг компанийн захирал зургаан жилийнхээ борлуулалтыг тэр чигээр нь хулгайд алдчихаад сууж байвал тэр захирлыг яах ёстой билээ. Яагаад гэдэг асар олон асуулт байгаа юм. Гэтэл үүний хариулт нь эрх барьдаггүй намын хэдэн гишүүн ч орчихсон байх шиг. Тэр сайдыг нь хийж, тамга дарж, гарын үсэг зурж байгаагүй хэдэн гишүүн ч орчихсон байх шиг. Энэнд чинь ард иргэд жинхэнэ хулгайч нь ард нь сугарч үлдэж байна гэсэн ойлголттой байна. Энэ яагаадуудыг засахгүй аргалж өнгөрнө гэвэл нэ төр ард иргэдийн хооронд үл итгэлцэл, үл ойлголцол улам гүнзгий үлдэх гээд байна. Энд цаасан дээр хуулийн дагуу засаглаж байгаа, Төрийн ордонд засаглаж байгаа гэж байгаа. Одоо энэ парламент энэ бүгдийн чинь хооронд тэр л хууль ёсны гэж үзэхэд бараг эргэлзэх хэмжээнд ард иргэд чинь байна. Тэгэхээр энэ олон яагаад гэдэг асуултад эрх баригчид маш яаралтай, даруй тэр жинхэнэ хулгайчдаа зарлаж хариулт өгөх ёстой. Энэ бол гарцаагүй шаардлага шүү. Энэ бүгдийг тал талдаа харгалзаж үзэж шийдвэрүүдээ гаргах ёстой.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Н.Наранбаатар гишүүн асуудал нэмэх тул үг хэлэх зөвшөөрөл олгоно уу гэсэн байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Үг хэлэхээр санал өгсөн гэхээр энэ АТГ-аас бас нүүрсний хулгайтай холбогдуулаад 17 хүний нэр зарласан. Нэгэнд нь миний бие орсон учраас тодорхой байр сууриа илэрхийлж үгээ хэлье гэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөндөө ярьсан. Өнөөдөр албан ёсоор чуулганы танхимд өөрийнхөө байр суурийг хэлье гэж үг авсан. Энэ нэр зарлагдсан хүмүүсийг ямар шалтгаанаар юунд холбогдуулж нэр зарласныг АТГ-аас хэлээгүй. Нэр нь зарлагдсан зарим УИХ-ын гишүүний зүгээс АТГ тайлбар мэдүүлэг аваагүйгээр яагаад нэр зарлав гэдэг асуудлыг асуухаар очсон боловч яг холбогдох албан тушаалтнууд нь байхгүй байгаад бид тодорхой хариулт авч чадаагүй буцсан. Тийм учраас өнөөдөр Хууль зүйн сайд болон АТГ-ын удирдлагуудад УИХ-ын гишүүдийн зүгээс асуулга тавья гээд ингээд бэлдчихсэн. Энэ хурлын дундуур бид холбогдох улсуудад нь хүргүүлэхээр байгаа. Албан ёсоор асуулгынхаа хариуг авна гэж тооцож байгаа юм. Би бодохдоо яагаад намайг холбогдуулсан бэ гэхээр өмнө нь намайг дуудаж барьж асуугаагүй учраас үнэхээр битүү мэдэхгүй байна. Өөрөө бодохдоо Өмнөговь аймагтай хамаатуулж л энэ хулгайн асуудал яригдаад байгаа, ордууд Өмнөговьд байгаа учраас л хамаатуулж байгаа байх. Миний бие 2016-2020 оны хооронд бол аймгийн Засаг дарга хийж байсан. Тэгээд энэ үед бас энэ хулгайн асуудлууд нь, тодорхой асуудлууд нь бол яригдаж байгаа. Тийм учраас холбогдуулж байгаа болов уу гэж бодож байгаа юм. Би энэ олон сонгогчдоо харж байгаад энд энэ чуулганд ганц зүйлийг баттай хэлье. Энэ хулгайн асуудалд миний бие оролцоогүй ээ, та бүхэн баттай итгэж болно оо. Хууль хяналтын байгууллагуудаар шалгуулна, татгалзахгүй. Хууль хяналтын байгууллага жинхэнэ нь холбогдож уу, үгүй юу гэдгийг тодорхой гаргаад ирэх байх гэдэгт найдаж байгаа. Би дуудсан цагт нь гаргаж өгөх ёстой бүх материалаа гаргаад тултал нь өөрийгөө шалгуулна. Нэгмөсөн шалгуулаад олон түмний энэ эргэлзээг байхгүй болгоно. Харин бидний ард нуугдаж байгаа жинхэнэ хулгайч нарыг илрүүлэхийг илрүүлж, ил тод болгож, хариуцлага тооцуулахын төлөө энэ шударга жагсагчидтай, ард иргэдтэйгээ цаашдаа хамтарч ажиллах болно. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК бол 100 хувь төрийн, бүх удирдлагууд нь дээрээсээ ЗГХЭГ Уул уурхайн яамнаас томилогддог. Ингээд ТУЗ нь гүйцэтгэх удирдлагаа томилдог, гүйцэтгэх удирдлага нь цаашаа гэрээ хэлцлээ хийгээд явдаг. Энэ яриад байгаа оффтейк гэрээ, нууц гэрээнүүд чинь ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шийдвэр нь гарч Засгийн газраас үүрэг чиглэл өгөгддөг. Энэ бол Өмнөговь аймагтай ямар ч хамаа байхгүй. Энэ олон цаашаа байгуулагдсан туслан гүйцэтгэх гэрээ, тээврийн гэрээ бүх зүйлүүд энэ компанийн удирдлагуудын хэмжээнд хийгддэг. Тиймээс Өмнөговь аймгийн орон нутгийн удирдлагууд энд оролцдоггүй ээ гэдгийг тодорхой хэлье. Мөн орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн хувьд бол нээлттэй зах зээл дээр хувьцаа нь арилжаалагдсан 2700 гаруй хувьцаа эзэмшигчидтэй ийм аж ахуйн нэгж байгаа юм аа. Бүх үйл ажиллагаа нь нээлттэй явагддаг. 51 хувийн орон нутгийн өмчлөлийн эзэн нь ИТХ байдаг. ИТХ-аас ТУЗ нь томилогддог. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажиж ТУЗ-ийн есөн гишүүн томилогддог. Тэндээсээ гүйцэтгэх захирал нь томилогддог. Ингээд цаашаа үйл ажиллагаагаа явуулдаг. Ийм аж ахуйн нэгж байдаг. Тийм учраас энэ дээр бол аймгийн Засаг дарга үйл ажиллагаанд нь шууд оролцоод, үүрэг чиглэл өгөөд,  компанийн дотоод ажилд оролцоод байдаггүй гэдгийг та бүхэнд хэлье. Мөн дараагийн асуудал, боомт дээр үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагууд аймаг орон нутгаас хамааралгүйгээр дээд газраасаа томилогддог. Тийм учраас энэ нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хүмүүс бол төрийн өмчит байгууллага, боомт дээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг томилдог, нууц гэрээ байгуулсан зөвшөөрөл өгдөг хүмүүстэй холбоотой гэдгийг би хатуу хэлье ээ. Тэгээд миний хувьд шалгуулахад бэлэн байна. Хулгайч нарыг олох ёстой.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 248 (7233)