“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн санаачилгаар олон нийтэд хэвлэл мэдээллийн мэргэжлийн редакцуудын үйл ажиллагааг таниулан сурталчлах зорилгоор бүтээж буй “Редакцын буухиа” үргэлжилж байна. Энэ удаад E-guur.mn сайт Gogo.mn сайтыг сурвалжилсаныг хүргэе.

Жилийн төлөвлөгөө батална. Түүнийгээ хагас жил, сар, тэгээд долоо хоногийн төлөвлөгөө болгож “жижиглэнэ”. Сэтгүүлчид алсын гүйцэтгэлдээ хүрэхийн тулд өөрөө өөрсдөдөө зорилт тодорхойлно. Орой, амралтын өдөр ажиллах сэтгүүлч томилдог ч хуульд заасан долоо хоногийн 40 цагийг давахгүй. Ингээд илүү цагийн урамшууллыг амралтаар, эсвэл цалингийн нэмэлтээр олгоно. Цаашид орлогын бүтцээ улам төрөлжүүлж, уншигчдад сайтын орон зайгаа сурталчилгааны талбар болгохгүйгээр хөдөлмөрлөж, сэтгүүлчдээ цаг үеийн, үйл явдлын ачааллаас бага ч болов суллан чөлөөлж, нэжгээд хугацаанд нэг сэдвийн араас хөөх, даацтай бүтээл хийх боломжийг олгодог болно зэргээр GoGo.mn сайтын Ерөнхий редактор, менежер Р.Адъяасүрэн ярилаа.

16 жил тогтвортой ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагад, тэр дундаа вэб сайтад хурааж хуримтлуулсан туршлага, эрсдэл ба сорилтыг даван туулах, нөү-хау арвин байх нь дамжиггүй. Редакц редакцаа сурвалжлах “Редакцын буухиа” санаачилгын хүрээнд бид “GoGo”-өөс сурвалжилга бэлтгэснийг та яг одоо уншиж байна. Ний нуугүй хэлэхэд (тэднээс ч мөн ний нуугүй асуусан), “GoGo”-ийг адаглаад цалин, оффисын түрээст санаа зовохооргүй тогтсон, ардаа том компанитай, тийм ч учраас улс төр, цаг үеийн аливаа үйл явдалд хэт  төвийг сахисан байр сууринаас ханддаг гэж харах хандлага бий. Харин Монголын зах зээлд хэвлэл мэдээллийн байгууллага бүрийн туулдаг сорилт ижил. Юуны өмнө, GoGo.mn сайтын редакц орлогоо бүрдүүлдэг, бусдад тулгардаг л асуудлуудтай тэд ч мөн нүүр тулдаг, эдгээр сорилтыг даван туулахын тулд олон жилийн туршлагадаа үндэслэн, шинэ тутам санаачилгуудын дунд бужигнаж, буцалж байгаа талаар та унших болно.

“Монгол Контент” ХХК 2005 онд үүсгэн байгуулагдсан, гурван алба, долоон хэлтэстэй. Тэдний нэг нь GoGo.mn сайтын редакц. Дэргэдээ мөн өсвөр үе, залууст зориулан төрөлжсөн Yolo.mn сайтыг ч ажиллуулдаг. 16 жилийн өмнө, сошиал ертөнц хөгжөөгүй байх үед уншигчдад мэдээ уншихаас гадна энтертайнмент үйлчилгээнүүдийг санал болгодог байсан GoGo.mn одоо ч шинэлэг хэлбэр хийцээ алдаагүй. Монголын топ вэб хандалттай мэдээллийн сайтуудын жагсаалтыг iKon.mn-ийн хамт тэргүүлдэг. “GoGo” гэхээр уншигч ч, хэвлэлийнхэн ч танина. Харин тэд яг хэрхэн ажилладаг вэ?

Эхлээд та бүхэнд сүүлийн гурван жил “GoGo”-ийн Ерөнхий редактор, менежерийн албыг хашиж буй Р.Адъяасүрэнгийн ярилцлагыг сонирхуулах болно. Тэрбээр “Анх 2009 онд оператор ажилд авна гэсэн зараар “Монгол Контент” компанид хөл тавьж байлаа. Сонингоос сканнердсан материалын үг үсгийг засах, караоке үйлчилгээг бэлтгэх ажил хийдэг байсан. Япон, англи хэлний орчуулагч мэргэжилтэй учраас заваараа гадаад мэдээ орчуулдаг байв. Удалгүй компанийн зүгээс сургуульд сургаж, сурвалжлагч, сэтгүүлч, редактороор ажилласан. Харин гурван жилийн өмнө Ерөнхий редактораар томилогдсон” гэлээ.

-“GoGo”-ийн ялгарал яг юу вэ?

-Биднийг хурц биш гэж шүүмжилдэг л дээ. Угтаа хэвлэл, мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг бол тэнцвэртэй мэдээлэх. Олон талын эх сурвалжийг хангаж, уншигчдад шүүн тунгаах боломж олгох. Бид аль болох энэ чиг шугамаа алдахгүйг хичээдэг. Мөн жендэрийн болон хүний эрхийн мэдрэмжийг бодлогодоо тусгаж, мультимедиа хэлбэрийг ашигладаг нь ялгарал болов уу. Гэхдээ бидний ялгарлыг би биш, уншигчид илүү оновчтой тодорхойлох байх. 16 жил тогтож ирсэн соёлыг хадгалах, улам хөгжүүлэхийн тулд бид хичээж байна.

-Та өөрөө “GoGo”-ийн түүхийн ихэнх хэсгийг мэдэх, туршлагатай боловсон хүчин. Энэ хугацаанд олон редактор, шинэ тутам санаачилгуудыг үзсэн байж таарна. Одоо “GoGo” хуучнаасаа яг хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Би 14 жил ажиллахдаа гурван өөр редактортай ажилласан юм байна. Нэг редактор ирэхээр өөрчлөгддөг биш, тогтсон дүрэм журам, стандарттай маань л онцлог доо. 2022 онд бид Олон улсын медиа стандарт нэвтрүүлсэн. Ер нь одоо илүү компанийн засаглалтай, аливаа үйл явц хэн нэгний шийдвэрээр өөрчлөгддөггүй, дүрэм журамтай гэж ойлгож болно.

-Хэвлэлийн редакц яг хатуу төлөвлөгөөний дагуу ажиллахад үргэлж түүнийг эвдэх шуурхай үйл явдал гарч ирж таардаг. Та бүхэн өдөр тутмын мэдээллийн урсгалаа хэрхэн уян хатан зохицуулдаг вэ. Энэ нь мөнөөх цаасан дээрх дүрэм журам, стандартад хэрхэн туссан байдаг вэ?

-Редакцын бодлого, ёс зүйн зарчмууд юун түрүүнд туссан. Нэмэлтээр өдөр тутмын үйл ажиллагааны журам гэж бий. Өглөөний шуурхай хэдэн цагт эхлэх, үйл явдлыг яаж хуваарилах, тэднийг хэрхэн боловсруулж, нийтлэх зэрэг. Бид хоёр ярилцаад сууж байхад ч нэг үйл явдал өрнөж мэднэ шүү дээ. Эдгээрийг дүрэм, журмаараа зохицуулдаг.

Мөн Олон улсын медиа стандартад маань сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах агуулгууд ч туссан. Хэрэв аливаа үйл явдалд онцгой нөхцөл байдал үүсвэл удирдлагын зөвлөмжөөс гадна тухайн стандартаа барьж, өөрийн эрүүл мэнд, амь насыг хэрхэн хамгаалах нь тодорхой байх жишээтэй.

“GoGo” одоо нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эхэнд дурдсаны дагуу тэд жилийн төлөвлөгөөг баталж, түүндээ хүний нөөц, орлогын төсөөлөл, цуглуулах хандалт, үүсгэн тогтворжуулах шинэ тутам булангийн контентууд зэргээ тусгадаг байдаг. Үүнийгээ зургаан сар, сар, долоо хоногийн төлөвлөгөө рүү шахдаг. Энэ гүйцэтгэлээ тулгана, үнэлнэ. Мөн энэ гүйцэтгэлийн үнэлгээнд суурилан зургаан сар тутамд урамшуулал олгохоос гадна шилдэг ажилтнаа ч тодруулдаг байна.

Р.Адъяасүрэн “Зорилго тодорхойгүй үед зорилт “үсчиж”, хувь хүмүүс дээр стресс үүсдэг. Компанийн төлөвлөгөө хэлтэс рүү хэлтсийнх ажилтнууд руу буудаг. Энэ дунд сэтгүүлч, зураглаач нарын ажиллах ажлын ерөнхий багцаа гараад ирдэг гэсэн үг.  Тэгэхээр ойрын сар, хагас жил, энэ жилдээ ямар амжилт гаргахаа урьдчилаад харчихдаг. Түүндээ хүрэхээр ажилладаг. Ер нь яавал би сайн ажилласан гэж үнэлэгдэх вэ гэдэг тодорхой байх чухал” гэлээ.

“Сайн ажилласан” гэдэг үзүүлэлтэд, зөвхөн хандалтаас гадна шинэ тутам хөгжүүлсэн булангийн контентууд компанийн орлогын бүтцэд эерэгээр нөлөөлөх нь чухалд тооцогддог байна. Мөн ажилчдын харилцаа, хандлагыг чухалчилдаг нь анхаарал татлаа. Зөвхөн урдах ажлаа хийхээс илүү, ажлын байранд тодорхой манлайлал үүсгэх нь чухал. Тиймээс ажилчдын манлайлах чадвар, харилцаа хандлагын судалгааг редакц дотроо авдаг, энэ үнэлгээ ч мөн шилдэг ажилтан шалгаруулах үзүүлэлтэд жин дардаг аж.

“GoGo”-ийн өглөөний ээлжид ажиллах сэтгүүлч 08.00 цагт, харин редакцаараа 09.00 цагт ирдэг. Ингээд 09.10 цагт өглөөний шуурхай хурлаа хийнэ. Өглөөний ээлжийн ажилтан 16.00 цагаас, бусад нь 17.00 цагаас тардаг. Харин сэтгүүлчид ээлжлэн, долоо хоногт нэг удаа оройн ээлжээр ажиллах бөгөөд ингэхдээ тухайн өдрөө 22.00 цаг хүртэл үргэлжлүүлэн “жижүүрлэдэг” байна. Эдгээр нь хуульд заасан 40 цагаа давдаггүй. Мэдээж сэтгүүлчийн ажил яг ажлын цагт багтана гэдэг амаргүй. Сунаж ажиллах шаардлага бишгүй. Ийм үед илүү цагийн урамшууллыг заавал олгодог. Амралтаар эсвэл цалингийн нэмэгдлээр авах уу гэдгийг тухай бүрд шийддэг юм байна.

Мөн тэд лхагва гараг бүр дараа долоо хоногт нийтлэх даацтай контентуудаа төлөвлөдөг. Сонингоор бол гол материал юм. Редакц дундаа шэйр файл үүсгэж, сэтгүүлчид өдрөө сонгон, өөрсдийн бэлтгэх материалаа нэмж бичих маягаар төлөвлөгөө гаргадаг аж.

-“GoGo”-ийг том компанитай, олон жил ажиллаад тогтчихсон тул цалин, түрээст санаа зовдоггүй гэж хардаг. Нөгөө талаар, тийм ч болохоор “унтаа”, хурц биш гэж шүүмжлэх хандлага байдгийг бас асуумаар байна?

-Ашиггүй байгууллагыг 16 жил “тэжээнэ” гэж байхгүй шүү дээ. Бид бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Мөн аянуудад зохион байгуулагчаар оролцох, тендерт материалаа өгөх, олон улсын төсөл хөтөлбөрт өрсөлдөхийг бага багаар амжилттай нэвтрүүлж байгаа. Бид цэвэр өөрсдөө орлого, зарлагаа хариуцдаг. Гэхдээ хэт бизнес сурталчилгааны талбар болж болохгүй. Таван мэдээ тутамд нэг сурталчилгаа оруулаад байвал уншигч биднээс юу унших билээ. Мөн “Бид зар сурталчилгааны гэрээ байгуулсан тул шүүмжлэх үедээ шүүмжилнэ, бичнэ” гэдэг зарчмаар ажилладаг. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн байгууллагын үнэлэмжийг дээшлүүлмээр, нийтээрээ мөн л бизнес юм, хувийн ААН юм гэдгийг ойлгоосой гэж боддог. Бид олон нийтийн дуу хоолой болох чиглэлд илүү анхаарч ажиллах сонирхолтой. Юм яаж ч эргэж, өөрчлөгдөж болохоор байна шүү дээ. Буруу болж таарвал яах вэ. Манайд итгэдэг, уншдаг хүмүүс үнэн гэж хүлээж авбал яах вэ. Иймд зарим зүйл дээр ажиглалтын байр сууринаас хандах нь бий.

-Хэдий 16 жил тогтвортой ажилласан ч уншигчдын боловсрол, сошиал орчин хурдтай өөрчлөгдөж буйтай холбогдуулан сорилт, эрсдэлүүд хэр ирж байна. Тэр бүрд хэрхэн дасан зохицохыг эрмэлзэж байна вэ?

-Мэдээллийн хэт их урсгал дотор тодорхой ялгарал үүсгэх нь чухал болж байна. Туршаад л байна. Мэдээж орлогын асуудал тулгамдаж буй. Хүний нөөцөө тогтвортой хадгалъя, нэмье гэвэл мөн л орлого шүү дээ. Харин орлогоо олон төрөлт хэлбэрээр цуглуулдаг болохыг л эрмэлзэж байна. Их үйл явдал, булангийн тогтмол контентууд дунд 15 хүн хаанаа ч хүрэхгүй. Гэтэл контентоо төрөлжүүлж, хэрэглэгчдэд олон янзын үйлчилгээ санал болгодог болохыг зорьсоор байна. Орлого нэмэгдэж байж зарим сэтгүүлчээ үйл явдлаас суллаж, нэг сэдвийн араас тултал нь хөөлгөмөөр. Сэтгүүлчийн ажил стресстэйг ч хэлэх үү. Амьдралын хэмнэлийг нь аль болох алдагдуулалгүй ажиллуулах чухал. ХМБ гэхээр яагаад заавал цаг наргүй, цалин багатай байх ёстой гэж. Энэ хүртэл явж ирсэн бүтцийг илүү хөгжүүлж, тогтвортой хадгалахыг чухалчилж байгаа. 

“Сошиал зүй” хүчээ авч байгаа энэ үед хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн редакц хэрхэн тулхтай үйл ажиллагаа явуулж, ялгарахыг 16 жил ажиллаж буй “GoGo”-ийнхэн сайн “мэдэрдэг”. Р.Адъяасүрэнгийн хувьд “Манай салбарын нэр хүнд унасан гэгддэг ч үүнийг процессын асуудал гэж хардаг. Явц дундаа өснө, хөгжинө. Уншигчдын мэдээллийн боловсрол ч дээшилж байгаа. Сайн сайхан итгэл үнэмшил бий, байсаар ч байх болно. Зөв чиглүүлбэл бидэнд ямар их хүч байдаг билээ” гэсэн юм.

“GoGo”-д 12 дахь жилдээ тогтвортой ажиллаж буй, редакцынхаа туршлагатай боловсон хүчнүүдийн нэг бол сэтгүүлч Б.Нямдарь. Түүнийг одоо ажлаа солиод үзээч, хувь хүний хөгжлийн хувьд зогсож байгаа юм биш үү гэж зөвлөх нь цөөнгүй гэнэ. Гэвч тэрбээр “Манай байгууллага маш халуун дулаан уур амьсгалтай. Дээр нь ажилтнуудын хангамж, урамшуулал сайн. Сэтгүүлчийн мэргэжлийг алхам тутамдаа хөгжиж, дэвжих боломжтой гэж хардаг. Одоо давхар сурч байна. Би өөрийгөө “GoGo”-д ажилласан хугацаандаа тасралтгүй хөгжсөн гэж хэлнэ” гэлээ. Цаашлаад “GoGo”-ийн редакцын бодлогын талаар “Бид төвийг сахиж, алив мэдээлэлд нэг талыг баримталдаггүй. Эх сурвалжийн олон талт байдлыг хангахаас гадна маш шуурхай ажиллахыг хичээдэг. Мөн бүтээл хийе гэж эрмэлздэг, тогтмолжсон булангуудтай” хэмээв. Б.Нямдарь өмнө нь өсвөр үе, залууст зориулсан Yolo.mn сайтыг хэсэг хугацаанд хариуцан ажиллаж байсан. Тиймээс түүнийг шинэ, залуу ажилчдад хамгийн түшиг болдог  хүмүүсийн нэг болов уу гэж харсан. Харин энэ тухайд “Би залуу үед маш их хайртай. Тэдний эхэн үед урмыг нь хугалж болохгүй. Нэг магтахад л нүдэнд нь гал асдаг. Би шууд зааж, зааварлахаас илүү зөвлөдөг. Утсаар ярьж буйг нь сонсоод, дууны өнгөн дээр нь коммент хэлэх жишээтэй. Манайд залуусаа кофе, цайнд явуулдаг соёл байхгүй. Яг нэгэн ижил түвшнээс ажиллах бодлого баримталдаг” гэж ярилаа.

“GoGo” одоо хоёр шинэ сэтгүүлчтэй ажиллаж байна. Тэдний нэг болох Л.Амарцэцэг редакцынхаа нэг эд эс нь болоод жил болж байгаа аж. Түүний хувьд ажлын гараагаа “GoGo”-өөс эхэлсэндээ ихэд талархаж явдаг. Бүх ажил нь төлөвлөгөө журамтай, байгууллагын тогтсон дэг жаягтай, ёс зүйтэй бодлого баримталдаг зэрэг нь залуу хүний хувьд таалагддаг гэлээ.

Мөн “GoGo”-өөр овоглоод гурав дахь жилдээ ажиллаж буй сэтгүүлч Г.Тэгшсүрэнг уншигчид “Гутал” булангаар нь андахгүй. Тэр сүүлд үнэлсэн хагас жилийн гүйцэтгэлээр хамгийн өндөр хандалт цуглуулсан сэтгүүлчээр тодорчээ. Уртай бичдэг, хөдөлмөрч тэрбээр өмнө нь Shuud.mn сайтад ажилладаг байсан. Харин “GoGo”-ийг мөн ихээхэн ажилчдадаа ээлтэй, хамт олны дулаан уур амьсгалтай, тогтсон байгууллагын соёл, компанийн засаглалтай зэрэг шалтгаанд нь үндэслэн сонгосон байна.

Мэдээж мэдээ, мэдээллийн сайтыг медиа албагүйгээр төсөөлөхийн аргагүй. Сэтгүүлчийн хөдөлмөр зурагчин, зураглаач, эвлүүлэгчдийн баялаг сэтгэхүйгээр бүтээл болдог. “GoGo”-д ажиллаад жил гаруй болж байгаа Т.Бархасын эрмэлзлийг сонсох тун сонирхолтой байв. Бараг л камер барьж үзээгүй шахуу залуу “GoGo”-д өөрийгөө сорихоор хөл тавьсан. Харин одоо зургаа ч авна, дүрсээ ч бичнэ. Шууд дамжуулалтад ч явна, видео эвлүүлгээ ч хийнэ. Ерөнхий редактор Р.Адъяасүрэн “Медиа албанд хүн авах л хүндрэлтэй байсан. Энэ салбарын залуус тогтвортой ажлын байр сонирхох нь бага байдаг” гэсэн. Үнэхээр редакцуудад тулгамддаг асуудал энэ мөн. Харин Т.Бархас тэргүүтэй хөдөлмөрч залуус “GoGo”-ийг хийц талаас нь өнгөлдөг. Мөн шаардлагатай үед “Монгол Контент” ХХК-ийн маркетингийн албаны залуус зураг зурах, нарийн график дизайн хийх ажилд нь туслалцдаг байна.

16 жилийн туршлага, зангаргыг компанийн засаглалын соёл, ёс зүйтэй редакцын бодлого, орчин үеийн хэлбэр хийцээр “өнгөлж” яваа “GoGo” редакцыг товчхон танилцуулахад ийм байна. “GoGo”-ийнхэн илүү оновчтой менежментээр ажиллаж, орлогын бүтцээ төрөлжүүлж, хүчирхэгжих замаар Монголын сэтгүүл зүйд нэгэн тод жижиг тогтоохоор хөдөлмөрлөсөөр.

Мэнджаргалын ТЭНГИС

Эх сурвалж: Eguur.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 248 (7233)