С.ХӨВСГӨЛ

 

Д.Нацагдоржийн шагналт судлаач, доктор (Sc.D), профессор

 

(Зохиолчдын байгууллага нэгдсэн үйл ажиллагаанд зориулсан хурлын илтгэлээс)

 

Жүжгийн зохиол нь уран зохиолын нэгэн аймаг бөгөөд тайзан дээр тоглогдсон жүжгийн эх үндэс болдгоороо өвөрмөц юм. Нэгэн жүжгийн зохиолыг тайзан дээр тавих бүрдээ найруулагч нь өөрийн үзэл бодлын толь болгон өөрчилдөг бол хэвлэгдсэн жүжиг нь тухайн зохиолчийн бүтээл бөгөөд бичмэл хэлбэрээрээ үлддэг билээ.

Монголын жүжгийн зохиолын түүх нь өөрийн гэсэн өвөрмөц замыг туулсан бөгөөд 1831 оны алдарт “Саран хөхөөний намтар”-аас эхлээд, өнөөгийн XXI зууны эхэн үеийн зохиолуудыг хүртэл 200 орчим жилийн түүхийг туулсан нь одоогийн судалгаанаас харагдаж байна.

Жүжгийн зохиолын бичлэгийн хувьд  олон үе шатыг туулсан байна. 19-р зууны V Ноён Хутагтын “Саран хөхөөний намтар” гэхэд л бурхан шашны намтарын хэлбэрийг иргэний утга санаагаар баяжуулан, бас шашны зан үйлийн тоглолтыг өрнө дахины театрын тайз засал зэрэг дэвшилтэт арга техникээр өргөжүүлэн “дуулж” олны хараа сонорыг мялаан, үзэл бодолд нь нөлөөлж байсан байна.

ХХ зууны хориод оны эхэн үеийн жүжгүүд нь монголын хуучны бичгийн зохиолтой амин холбоотой байж, “Саран хөхөөний намтар”-аас уламжилсан бичлэгийн хэлбэрийг хадгалсаар байсан нь Ш.Аюушийн “Амьд сонин”, Ганболдын “Бадам хөвгүүний жүжиг” зэрэгт тусгалаа олсон байдаг. Жүжгийн дүр нь тайзан дээр “бичиг бичих дүр үзүүлэх” зэргээр тайлбар бичсэн байдаг нь өнөөгийн жүжгийн зохиолд байдаг “зохиолчийн тэмдэглэл”- ремарктай агаар нэг юм. Энэхүү онцлогуудыг зарим судлаачид “туульсын театр”-ын нэгэн онцлог хэмээн үзсэн байдаг нь бас үндэстэй юм.

ХХ зууны эхэн үеэр Азийн олон орнуудад ардын хувьсгал өрнөн, барууны соёлыг хүлээж авах болсноор уран зохиолын сэдэв, агуулгад их хувирал гарснаар зогсохгүй бас хэлбэрийн хувьд их өөрчлөлт гарсан нь манай шинэ үеийн жүжгийн зохиолыг ч бас тойроогүй юм. Ялангуяа 1930-аад онд Нийслэл хүрээнд Оросоос ирсэн найруулагчийн удирдлаган дор мэргэжлийн театр байгуулагдсан нь дээрх шинэчлэлүүдийг бүр хурдасгасан гэж болно. Энэхүү шинэчэлүүд нь Ш.Аюушийн “Яг 18” жүжгээс тодорхой харагддаг.

Жүжгийн зохиолын чухал төрөл болох хошин шог жүжгийн төрлийг хөгжүүлэх эхний алхмууд нь Далан худалчийн яриа зэрэг аман зохиолын бүтээлээс үзэгдэл болгон тайзан дээр тогож байсан явдал юм. Эдгээрээс өнөө үед зохиол нь уламжлан ирээгүй, зохиолч, үзэгчдийн дурсамж ярианд үлджээ. Харин анхны бүрэн хэмжээний хошин жүжиг нь Ч.Ойдовын “Далан худалч” бөгөөд ардын шог яриануудыг үйл явдлыг нэгэн утсанд хэлхэж, тухайн цаг үеийн үзэл бодлыг тусган, хошин жүжгийн сонгодог хэлбэрийг бүтээсэн байдаг билээ. Энэхүү жүжгээс “ядарсан цагт Пагмаа ч яахав” хэмээх хэллэг нь ард түмний дунд хэлц үг болон үлдсэн байдаг. Дараа үеийн хошин жүжгүүдээс Ч.Лодойдамбын “Итгэж болно” хэмээх жүжгийг “Энэ хүүхнүүд үү” кино болгон амьдруулснаараа мөн алдартай болж, Жамц даргын “уул шугамандаа бол...” хэмээх хэллэг мөн хэлц үг болон мөнхөрсөн байдаг.

2000 оноос хойш жүжгийн зохиолын хөгжил саарсан хэмээн зарим судлаачид бичсэн байдаг. Гэхдээ энэ нь харьцангуй ойлголт бөгөөд сэдэв, төрлийн хувь өргөжин, жүжгийн зохиолыг хөгжүүлэхийн тулд уралдаан тэмцээн их зохиох болсон нь бас нэг их зогсоогүйг илтгэх бизээ. Харин жүжгийн зохиол хэвлэгдэх нь цөөхөн болсноор хүмүүс хэвлэсэн зохиолтой танилцах боломж бага байгаагаас эдгээр дүгнэлт гарсан болов уу.

Тухайлбал, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг нь Хүн гүрний 2220 жилийн ойгоор, “Ай нан аа” түүхэн дуулалт жүжиг нь Үндэсний хувьсгалын 100 жилийн ойгоор үзэгч олны хүртээл болсон юм. Энэ мэтчилэн “Үнэний хаан Будда”, “Хаадын хаан. Андгай”, “Асарын өндөр”, “Дуртмал сайхан”, “Цэнхэрлэн харагдана” зэрэг түүхэн жүжгүүд манай жүжгийн зохиолын түүхэнд мөн шинэ үзэгдэл болон орж ирсэн юм. Түүний “Тэнгэрийн хүү” хэмээх жүжиг нь тухай үедээ сайн бүтээл болж, олны анхаарлыг гойд татаж байсан бол 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор “Хаадын хаан. Андгай” хэмээх жүжиг нь тоглогдсон юм.

“Хаадын хаан. Андгай” 11 үзэгдэлт жүжигт “Жүжгийн гол үзэл санаа бол Монголчуудын мөн чанар, нэн ялангуяа эр хүний нөхөрлөлийн үнэт зүйл бөгөөд энэ нь Чингис хаан, Гүр хаан Жамух хоѐрын андлалын дуулал гэж болно. Тэд Монгол овогтныг нэгтгэх тэмцлийг идэр залуугаасаа эхлэн хэлэлцэж, талын нүүдэлчдийг хамтран хурааж чадахгүй аваас хоѐр талд гарч хуваан нэгтгэх улс төрийн үйл ажиллагааг чигээ болгоно. Хэн нь хаан болохыг тэнгэр газрын ивээл, түмэн олны хүрээлэл харуулна хэмээн тангараг өргөдөг. Эцэстээ Чингис хаан даяар олны сэтгэлийг хурааж, Их төрийн эзэн, Хаадын хаан болсноор өндөрлөнө”.

Дүрүүд нь: Тэмүжин   /Чингис хаан/, Жамух, Бөртэ хатан нар голлох бөгөөд мөн Өүлэн эх, Хасар, Боорчи, Мухулай, Тоорил хаан, Бэлгүтэй, Соёухай нар. Туслах дүрд: Нэгүдэйн Цагаан гоо, Алунгоо эх, Сорхон шар, Алтан улсын элч, Мүнлиг эцэг, Хөхөчү бөө, Хорчи ноён ноён нарын танил мэт боловч цоо шинээр урласан дүрүүд болно.

“Тэнгэрийн хүү” жүжигт Хүннү улсын хаад болох Түмэн шаньюй, Модун шаньюй нарын түүхийг өгүүлж буй ч өнөөгийн бидний түүхийг бас тусгасан байдаг. “Хадны завсар хавчуулагдсан Хүн улсын иргэд хэдэн зүгт боол мэт хураагдаж, илжиг мэт зарцлагдана” /тал 253/ хэмээх гашуун үгс өнөө бидний чихэнд цууриатсаар байгаа юм. Түмэн шаньюй хоёр хатнаасаа хоёр хүүтэй бөгөөд их хатны хүү Модун бол эрэлхэг дайчин, эх нутгаа хамгаалах чадвартан байдаг. Харин бага хатан Шунхуй болон түүний нагац Лүүсүү ван нар бага хүү Арваадайг элдвээр эвдэн, атаархуу, хаан ширээнд санаархагч болгон хүмүүжүүлсэн байдаг. Лүүсүү ноён өмнө зүгийн Хан улсаас бэлэг сэлт аван сүлбээлдэж, Хүн-гийн төрийг булаах санаа сэдэн, дүү бүсгүй- бага хатан Шунхуйгаар нууц газрын зураг хулгайлуулдаг. Жүжгийн гол дүр болох Модун төрийн зарлигийг даган, Кушан улсад барьцаанд одож байгаа нь гүн утгатай. Тэнд очоод, тэрсэлдэж, хичнээн тамлуулсан ч Буни гүнжийн тусламжаар мултран гарч чадсан. Модуныг нутаг орондоо буцан ирэх цагт Хүн улсын хүч сулран, эцэг Түмэн шаньюй нь зугаа цэнгэлд живэн, бага хатан Шунхуй болон Лүүсүү вангийн нөлөө ихэссэн байдаг. Тэрээр эхлээд тусгай түмэн цэрэг сургаж өөрийн армитай болоод, дараа нь дайснуудаа даран эрх дархаа авч, Хүн улсаа мандуулж байна. Гэхдээ тэрээр сул дорой зангаасаа болж улс орноо доройтуулсан эцгээ хөнөөн, урвагч Лүүсүү ван, эцэг нэгт дүү Арваадай нарыг устгасан нь бас харгис хэрцгий хэмээх нэрийг авчирдаг.

Энэ жүжигт Хан улсын нарийн бодлогыг дүрсэлсэн нь өнөөгийн бидэнд ч санаж явах зүйл юм гэсэн месежийг хүргэжээ. Хангийн элч Модунаас “Хүн явдаггүй, шувуу л нисдэг уулыг өгөх үү, хайртай хатнаа өгөх үү?” гэхэд Модун хаан эх нутгийнхий шорооны ширхэг бүрийг хамгаалан, хатнаа өгч явуулдаг.      

Энэхүү жүжиг нь  уран яруу, цэцэн цэлмэг үг хэллэгээр бичигдсэн нь сүүлийн үеийн жүжгийн зохиолд бас ховор үзэдэл гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. “Хэмжээ хязгаарыг үл ойшоогч нэгэн төр барьдаггүй. Хэлсэн хийсэн нь тэнцэгч, хэлэх хийхийн төлөө тэмцэгч сайн хүмүүсээр нөхрөө хийж явагтун. Аливаа улсын мандал бадрал, буурал доройтол нь өөр өөрийн цаг хугацаатай буюу. Мандал бадралын өрхийг татаж, өлөн хөх галыг асаан чадаж, газар шорооныхоо ширхэг тоосыг ч үл алдаж, гал амиа өргөх зоригтны гарт л төрийн жолоо атгаастай байх ёстой буюу? Би цаг хугацаа, орон зайн хамаарыг даван туулж, энэ их үйлийг эрчлэн зангидаж чадсан билээ” /тал 279/ гэсэн Модун шаньюйн үг нь түүний төр улсын тухай үзлийг илтгэдэг. Жүжиг нь хэдий харилцан ярианаас голлон бүтдэг ч уран сайхантай бичигдсэн үг хэллэг нь хүмүүсийн чихийг мялааж, хүүхэд залуучуудад эх хэлнийхээ яруу сайхныг хүргэхэд тустай билээ.

Ийнхүү өнөөгийн жүжгийн сэдэв нь бидний амин чухал асуудлуудыг хөндөн, бас шинэ хэлбэр, дүр дүрслэлийн эрэл хайгуул хийсэээр байна. Жүжгийн зохиолыг хөгжүүлэхэд цаашид анхаарах зүйлүүд бол цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, цаг үеийнхээ амин чухал асуудлуудыг тусгасан, одоогийн ХХ зууны уншигчдын эрэлт хэрэгцээг хангасан шинэ маягийн бүтээлүүд гараасай хэмээн хэлэх байна. Жүжгийн зохиол бол бусад уран зохиолын төрлийг бодоход богинохон, нуршуу хүүрнэлгүй, амьд яриа, харилцааг тусгадгаараа илүү уншигчдад илүү ойр төрөл билээ. Тэрчлэн найруулагч уран бүтээлчдэд цааш нь хөгжүүлэн, өөрчилж баяжуулах боломжийг олгодгоороо “хөрвөх” чадвар сайтай төрөл юм.

Улаанбаатар 2022-06-27

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 247 (7232)