Т.БАТСАЙХАН

 

Ирэх онд Монгол Улс126 гишүүнтэй болно. Ингэхдээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар Үндсэн хуульдаа заасан.  Парламент ирэх хоёрдугаар сарын 1-ны дотор сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог тогтоох учиртай. Тэгвэл саяхнаас тойрог батлах асуудал тун сонирхолтойгоор яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоож, санал хураах тухай яриа юм.  Ингэхдээ зүүн бүс буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг нэг тойрог,  хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл нэг тойрог,  Дархан, Сэлэнгэ нэг тойрог, Баруун бүс буюу Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан нэг тойрог, Говийн бүс буюу Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр нэг тойрог нэмээд Улаанбаатар,  Төв аймаг 3-4 тойрог, нийт 10 орчим тойрогтой байх эхний зураг гарчээ.  

Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг  баталсан.  Тэгвэл сонгуулийн тойргийг энэхүү үзэл, баримтлалтай нийцүүлэн хуваах асуудал ч яригдаж байна.  Ер нь тойргийг ингэж  хуваах асуудал гэнэт яригдаж эхэлсэн сэдэв биш юм.  Өмнө нь Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн удаа энэ талаар байр сууриа илэрхийлж байсан удаатай.   Тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох нь хөрөнгө оруулалт, төсвийг үр ашигтай зарцуулах, нутгархах буюу дов жалганы  үзэл байхгүй болох, бүсчилсэн үзэл баримтлалаа хэрэгжүүлэх, мега төслүүдээ хөдөлгөх томоохон дэвшил болно гэж үзэж байгаа юм байна.  Мөн 126 гишүүнтэй болж, Үндсэн хуулийн өөрчлөлт утгаараа хэрэгжиж, нутаг дэвсгэрийн реформ болно хэмээн зүтгүүлж эхэллээ.  Үнэхээр тойрог багассанаар, дээрх асуудлууд шийдэгдэж эхэлбэл иргэдэд хэрэгтэй л юм.

Гэхдээ тойргийг бүсчлэн тогтоох асуудал дөнгөж яригдаж, эхний хар зураг нь гарсан төдий л байна.  Цаашид хэрхэн үргэлжлэх нь анхаарах сэдэв. Магадгүй зарим нэг улс төрийн нам, улстөрчид эсэргүүцэх нь тодорхой.  Тойрог цөөрөх нь нэр дэвшигчдэд оногдох сонгогчдын тоо нэмэгдэнэ. Газар нутгийн хэмжээ томорно. Тэгэхээр тухайн нэр дэвшигч илүү их  хичээж, илүү олон хүнд танигдсан байх шаардлагатай болж байна.  Энэ утгаараа улстөрчдөд халтай хуваарилалт байж болох юм.  Мөн улс төрд хоёр гурван жилийн өмнөөс горилж, тойргоо сонгоод бага багаар усалж эхэлсэн  горилогчдод бас л таатай санагдахгүй нь ойлгомжтой.

 Одоогоор хэд хэдэн гишүүн дэмжсэн байр суурь илэрхийлээд байгаа.  Тодруулбал,  өнгөрсөн долоо хоногт болсон чуулганы хуралдаан дээр анх удаа энэ асуудал яригдсан.   УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Бид  алийн болгон хулгай зэлгий ярих юм.  Ирэх жил сонгууль болно.  УИХ сонгуулийн тов тогтоох ёстой.  Одоо бидэнд нэг сарын хугацаа л үлдээд байна.  Сонгуулийн тойргуудын асуудлыг оруулж ирж тодорхой болгохгүй бол  зарим нэг нь сонгууль нэр дэвших гээд энд тэнд мөнгө тараагаад эхэлсэн байна.  Тойргийн асуудлыг хэлэлцэхдээ задалж том болгож өгмөөр байна.  Тэгэхгүй жижиг тойргоор явбал эргээд нөгөө эдийн засгийн хуваарилалт хийгээд гажуудал үүсэх гээд байна.  Улс нэг тойрог гэж болохгүй, Үндсэн хуультай учраас.  Харин баруун, зүүн төв гээд бүс бүсээр нь хувааж болно.  Тэгвэл тухайн бүс нутгийн эдийн засгийн асуудлууд шийдэгдэнэ.  Тэгэхгүй бол өнөөдрийнх шиг ялих ялихгүй зүйл ярьж, бие биенээ хуссан, захиалгаар гөвүүлсэн, дайруулсан ийм асуудал Монголын улс төрөөс салахгүй нь ээ.  Дэлхийн улс орны геополитикийн нөхцөл байдал хүндрээд байгаа энэ цаг үед Монгол Улс нэгдмэл бодлого хэрэгжүүлж байж хөгжинө” гэсэн байр суурь илэрхийлэв.  Түүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар  “Тойрог тогтоох асуудлыг бид ирэх хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх ёстой.  Гэхдээ цаг хугацааг тулгаж байгаад шийдэх биш одооноос хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.  Тойргыг тогтоохдоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баримталж оруулж ирж болно. Энэ асуудлаар улс төрийн намуудаас санал авч, намын бүлгүүд саналаа нэгтгээд, ажлаа яаравчлан оруулж ирье.  Бүлгийн дарга нарт энэ ажлыг үүрэг болголоо.  Мөн Засгийн газарт бүсчилсэн хөгжлийн асуудлыг оруулж ирэхийг чиглэл болгож байна” гэсэн юм.

Тэгвэл энэ асуудал мөн өчигдөр МАН-ын бүлэг дээр яригджээ.  Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Сонгуулийн хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын хуваарилалт, сонгуулийн тов тогтоох асуудлыг хэлэлцэн батална. Тиймээс сонгуулийн тойрогтой холбоотой асуудлыг одоо хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа.  Улс орны хөгжлийг бодсон, хувь нэмэр болсон тогтолцоо хэрэгтэй байна гэж үзсэн. Мөн сонгуульд нөлөөлдөг мөнгө, нутаг усны нөлөөллийг байхгүй болгох шаардлагатай. Тиймээс сонгуулийн тойргийг бүсчилж тогтоох нь зөв гэж үзэж байна. Гэхдээ энэ асуудлыг бусад улс төрийн намтай зөвшилцөх нь зүйтэй гэж. Тиймээс бусад намуудтай зөвшилцсөний дараа төсөл боловсруулж оруулж ирнэ.  Монгол Улс баруун, зүүн, хангайн, говийн, төвийн гэсэн таван бүстэй. Харин сонгуулийн тойргийг энэ бүсээр тогтоох уу, эсвэл жижигсгэх үү гэдгийг бусад намтай ярилцаж шийднэ.  Таван бүсэд хуваана гэхээр сурталчилгааны 15 хоногтой учраас арай томдоно гэдэг саналыг хэлж байгаа. Одоо ярьж байгаагаар орон нутагт 7, хотод 4-5 тойрог байж болно гэж байна. Явцын дунд өөрчлөгдөх байх. Газар нутаг, засаг захиргааны нэгжээс хамаарч мандатын тоог хуваарилна. Баян-Өлгий аймгийнхан үндэсний цөөнх учраас хөндөхгүй байх чиглэлтэй байна гэлээ. 

Ямартай ч Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн хүрээнд дараагийн нүүдлээ ийнхүү бүсчилсэн тойргоор хийлээ.  Сонгуулийн тойргийг бүсчилбэл сонгогчдод хэрэгтэй, улстөрчдөд халтай болох учраас хэрхэн шийдэгдэх нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 247 (7232)