Т.САЙХАН
МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Сонгуулийн хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын хуваарилалт, сонгуулийн тов тогтоох асуудлыг хэлэлцэн батална. Тиймээс сонгуулийн тойрогтой холбоотой асуудлыг одоо хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа.
2024 оны сонгуулийн тойргийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Улс орны хөгжлийг бодсон, хувь нэмэр болсон тогтолцоо хэрэгтэй байна гэж үзсэн. Мөн сонгуульд нөлөөлдөг мөнгө, нутаг усны нөлөөллийг байхгүй болгох шаардлагатай. Тиймээс сонгуулийн тойргийг бүсчилж тогтоох нь зөв гэж үзэж байна. Гэхдээ энэ асуудлыг бусад улс төрийн намтай зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс бусад намуудтай зөвшилцсөний дараа төсөл боловсруулж оруулж ирнэ.
Монгол Улс баруун, зүүн, хангайн, говийн, төвийн гэсэн таван бүстэй. Харин сонгуулийн тойргийг энэ бүсээр тогтоох уу, эсвэл жижигсгэх үү гэдгийг бусад намтай ярилцаж шийднэ.
Таван бүсэд хуваана гэхээр сурталчилгааны 15 хоногтой учраас арай томдоно гэдэг саналыг хэлж байгаа. Одоо ярьж байгаагаар орон нутагт 7, хотод 4-5 тойрог байж болно гэж байна. Явцын дунд өөрчлөгдөх байх.
Газар нутаг, засаг захиргааны нэгжээс хамаарч мандатын тоог хуваарилна. Баян-Өлгий аймгийнхан үндэсний цөөнх учраас хөндөхгүй байх чиглэлтэй байна. Бусад аймаг, орон нутгийн тойргийг нэгтгэж, нийлүүлнэ" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn