Н.Жаргалмаа
Арабын нэгдсэн Эмират улс өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд “Газын зурваст нэн даруй гал зогсоох хүмүүнлэгийн тогтоолын төсөл”-ийг өргөн барьсан.Энэ үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш зөвлөлд хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн дайны байдлыг намдаах, гал зогсоох тодорхой арга хэмжээ авахыг сануулсан юм.
Харин баасан гарагийн зөвлөлийн хуралдаанаар гишүүн 15 орноос 13 нь дэмжиж, Англи улс түтгэлзүүлж, АНУ хориг тавьсан байна. Олон улсын ажиглагчид Вашингтоны энэ шийдвэрийг холбоотноо хамгаалах гэсэн арга хэмээн шүүмжилж байна.
Туркын ерөнхийлөгч Т.Эрдагон бямба гарагт АНУ-ын дээрх шийдвэрийг эсэргүүцэн “Газын зурваст гал зогсоох шийдвэрийг зөвхөн АНУ хориг тавьснаар цуцлагдсан. Энэ шудрага ёс мөн үү” гэж Истанбулд болсон хүний эрхийн бага хурал дээр хэлэв. Мөн тэрбээр “Энэ бол олон мянган хүмүүсийн аюулгүй байдал, бүс нутгийн хэмжээний томоохон асуудал. Үүнд Аюулгүйн зөвлөлийн гаргасан шийдвэр хангалттай бус байна. Тиймээс цаашид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх шаардлагатай” гэжээ.
Эх сурвалж: www.zms.mn