Т.САЙХАН

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойг тохиолдуулан УИХ хүндэтгэлийн чуулган зохион байгуулав. Хүндэтгэлийн чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, үе үеийн  УИХ-ын дарга нарын төлөөлөл, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, НҮБ, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд  уригдан оролцсон юм.Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “World Justice Project”-ээс дэлхийн улс орнууд хууль дээдлэх ёсыг хэрхэн хангаж буй талаар гаргадаг индексээр Монгол Улс хаана явааг таван жилийн өмнөх болон дараах байдлаар харьцуулсан үзүүлэлтийг танилцуулав. Тухайлбал, Хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 56-д орж байсан бол 2023 онд 142 орноос 69-д,  2023 онд 142 орноос 86-д бичигджээ.  Мөн энэ үеэр УИХ-ын дарга “Хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох боловч тэр нь зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлагаас л хийгддэг. Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Үүний нөгөө талд ял завших байдал хэрхэвч байж болохгүй” гэдгийг онцлов.  Мөн чуулганд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар, ноён Фолкер Тюрк цахимаар мэндчилгээ ирүүлсэн байв.  Тэрбээр “Одоогоос 75 жилийн өмнө дэлхийн хоёр дайн, геноцид, цөмийн аюул, их хямралд нэрвэгдсэн улс орнууд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хамтдаа баталж, хүн бүрийн эрхийг хамгаалж, баталгаажуулах үүргийг хүлээсэн. Хүйтэн дайн намжиж, дэлхийг хамарсан цахим сүлжээ тэлэх шинэ эрин цагт дэлхий ертөнц дахин нэгдэж 1993 онд Венийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хоёр түүхэн үйл явдлыг энэ жил тэмдэглэж байгаа нь өндөр ач холбогдолтойг онцолсон юм. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы  дарга, ноён Деннис Фрэнсис, НҮБ-ын суурин зохицуулагч, ноён Тапан Мишра, “Эмнести Интернэшнл” Олон Улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард нар мэндчилгээ илгээсэн байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 246 (7231)