Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Өөрийн аминаас илүү бусдын амийг хамгаалах тангарагтай баатрууд бол аврагчид. Ялангуяа уурхайн аврах багийнхан аюулгүй ажиллагаа, уурхайчдын тав тухтай ажиллах орчинг бүрдүүлдэг “амин сүнс” байдаг. Монголын анхны уул уурхайн шанг татсан Налайхын уурхайн анхны “Аврах алба”-ны аврагч удмын гэр бүлээс гаралтай Э.Бүжинхэн уурхайчны гэр бүлд торнисон нэгэн. Түүний өвөө Ч.Вандандорж, аав В.Эрдэнэбат нар удам дамжсан уурхайн аврагчид. Тэдний амьдрал уурхайтай нягт холбоотой.  Харин аав болон өвөөгийнхөө ажил үйлсийг үргэлжлүүлж яваа Э.Бүжинхэн өмнийн говьд шангаа татсан  Оюу толгойн уурхайн анхдагчдын нэг болж, удмынхаа нэрийг мөнхөлсөн уурхайн инженер бүсгүй. Тэрбээр одоо “Оюу толгой” ХХК-ийн ил уурхайн Баяжуулах үйлдвэрийн  Нунтаглан баяжуулах хэсгийн ахлах ажилтан. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа энэхүү аврагч удмын гэр бүлийг онцоллоо.

 

 “Уурхайдаа очих зам хамгийн гоё”

“...Өнөөдөр гэрээсээ гарч давхисаар Улаанбаатарт ирлээ. Маргааш үүрээр ниснэ. Өнөөдөр л уулзах зав гаргалаа” гэж утсаар ярих эмэгтэй бол манай нийтлэлийн зочин Э.Бүжинхэн. Түүнтэй  хотын зүрхэнд байрлах төв талбайн өмнөх  бидний хэлж заншсанаар “Заазууран” шилэн барилгад уулзахаар болзлоо. Биднийг царай зүс төгс, өндөр нуруутай шавилхан бүсгүй мишээл тодруулсаар угтсан юм. Уурхайчин гэхээр яагаад ч юм газар шорооны ажилд нухлагдсан эршүүд эмэгтэй байх болов уу гэсэн хэвшмэл ойлголт энэхэн зуур алга болж, өөрийнхөө бодлоос ичих шиг. Тэрбээр 14 хоногийн амралтаараа гэртээ ирчихээд уурхай руугаа явж буй нь энэ. Өмнийн говьд байрлах уурхайдаа 14 хоног ажиллачихаад  гэртээ ирэх сайхан байдаг ажээ. Эхэндээ Ханбогдоос нисээд Буянт-Ухаад газардан Орхон аймаг руу явах галт тэргэнд суухад гэртээ харих зам дэндүү хол юм шиг санагддаг байсан ч одоо энэ амьдралдаа дассан гэж байв. Нэг  л мэдэхэд  уурхайдаа ирж, буцаад харих болсон байдаг. Ингэж явсаар 12 дахь жилтэйгээ золгож байгаа юм байна. Монголын алт эрдэнэсийн уурхай болсон өгөөж арвин өмнийн говь нутагт газардах бүрдээ баярлаж “...намайг, бидний  амьдралыг тэтгэсэн  өгөөж арвин нутаг минь чамдаа үргэлж талархаж явдаг шүү” гэж сүсэглэн хэлээд мөргөдөг тухайгаа Э.Бүжинхэн онцлон ярьж байв. Хангайн охин нүд алдам нүцгэн говьд дэлхийд цуурайтах том  уурхайн шанг таталцахаар ирж байсан мөч саяхан мэт буюу 2011 оны зургадугаар сар ажээ. Говь нутагт ид халуу шатаж байсан үе. Яана даа гэж шантрах үе байсан ч өнөөдөр говь, хангайг хослуулан эх орныхоо үнэ цэнтэй хэсэгт ажиллаж, амьдарч байгаадаа баяртай байдаг гэнэ.  Э.Бүжинхэн анх Оюу толгойн уурхайд ажиллах мэргэжлийн шалгаруулалтад тэнцэж, нэг жил бэлтгэгдсэн үе тэнгийн  60 уурхайчин инженер нөхдийнхөө нэг нь болж, гадаад багшаар удирдуулан түүхэнд бичигдэх их үйлсэд гурван үеийн уурхайчин нэрээ мөнхөлсөндөө үргэлж бахархаж, омогшдог гэж бахархан өгүүлж байв. Ингээд бидний яриа түүний өвөөгийн тухай дурсамж яриагаар үргэлжилсэн юм

 

Өвөө Ч.Вандандорж нь Налайхын уурхайн анхны 10 аврагчийн нэг 

 

Ч.Вандандорж

Ардын хувьсгалтай чацуу Налайхын нүүрсний уурхай нээгдсэн нь Монгол Улсад  уул уурхай хөгжих эхлэл болсон түүхтэй. Э.Бүжинхэнийн өвөө Чулууны Вандандорж 1924 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд төржээ. Бага насаа аав ээж дээрээ мал маллан өнгөрүүлээд, цэрэгт татагдаж, Өмнөговь аймгийн Овоотын долдугаар заставт алба хаасан байна. Өвөө нь өмнийн говийн дархан хилийг хамгаалж явсан бол өнөөдөр ач охин нь эх орныхоо эдийн засгийн гол хөшүүрэг болсон Оюу толгойн уурхайд ажиллаж байгаа нь энэ удмынханд уудам цэлгэр, баян тансаг говь нутаг ээлээ өгсөн гэлтэй.  Нүдний ур, оюуны ур, гарын ураар илүүрхдэг Засагт хан аймгийн Сартуул хошууны удмын хүү Ч.Вандандоржид техник сэтгэлгээ илүү байсан тул цэргийн албаа хаагаад,  Налайхын уурхайд ажилчнаар орж, бага уурхайнуудын  техник, тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байжээ. Тэрбээр 1951 онд Монгол Улсын уул уурхайн анхны “Аврах команд”  Налайхын уурхайн дэргэд байгуулагдахад анхны 10 аврагчийн нэг болж, Аврах албаны шанг таталцаж явсан аж. Аврагчаас аппаратурын засварчин механикаар ажиллаж улмаар тус алба тэлж “Аврах алба” болон өргөжихөд анхны инженерээр нь томилогджээ. Тухайн үед уурхай гар ажиллагаатай байв. Таван кг жинтэй хүрз / налуу уклов штрек/ жоотуу, цахилгаан хөрөө, газар ухагч /молдок/ өрөмдлөг хийж, нүүрсээ морин тэргээр зөөвөрлөдөг байсан гэнэ. Аавынхаа тухай В.Эрдэнэбат ярихдаа “..Тухайн үед  би 10 орчим настай байсан. Аав маань  ямар ч амралтын цаггүй өдөр шөнөгүй ажилладаг байсныг санадаг. Ардын хувьсгал ялсны дараахан Монгол оронд бүтээн байгуулалтын үе эхэлж байсан болоод тэр байх. Аавынхаа барааг шөнө л хааяа харна. Уурхайн гэрлээ бариад гэртээ орж ирдэг байсныг нь бүүр түүрхэн л санадаг” гэсэн юм. Төрөөс Ч.Вандандоржийн хөдөлмөр бүтээлийг нь үнэлж “Алтан гадас” , Хөдөлмөрийн хүндэт тэмдэг, ойн медалиуд, “Тэргүүний уурхайчин”, Улсын ударник тэмдгээр шагнажээ. Хожим 1975 онд гавьяаныхаа амралтад суужээ.

Э.Бүжинхэн “Олон хүн уурхайн аврах багийг хүний амь нас аврах гэдэгтэй шууд холбож ойлгодог. Хүний амь нас аврах нь тус багийн гол үүрэг. Гэхдээ тэд аврах ажиллагааг үр дүнтэй явуулахад аврах багийн аюулгүй байдлыг хангах ёстой. Үүнээс гадна уурхайн гүнд гацсан ажилчдыг түргэн шуурхай аварч, гаргахаас гадна аюулгүй байдлыг нь хангах, гал, нуралт гэсэн учирч болзошгүй эрсдэлээс уурхайг хамгаалах, дараа нь үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах зэрэг олон чухал үүрэг хүлээдэг. Би ч ялгаагүй уурхайчин болохоосоо өмнө, болсон хойноо ч бас л дутуу ойлголттой байсан” гэв. Тэд бол уурхайчдын амь насыг эрсдэлт нөхцөл үүссэн үед өөрийн амиараа хамгаалах тангараг өргөсөн баатрууд билээ. Э.Бүжинхэний  аав В.Эрдэнэбат нь 1960 онд цэргээс халагдаж ирээд мөн Налайхын уурхайн “Аврах алба”-нд аврагчаар ажиллаж байсан удам дамжсан аврагч. Э.Бүжинхэн 1989 онд Налайхын уурхайд болсон том ослын талаар хожим сонсоод ааваараа бахархах, улам хайрлах  сэтгэл төрж байсан гэнэ. Тухайн үед аав нь осолд орсон уурхайчдаа аврах гэж явахдаа өөрөө  угаартаж, 29-хөн насандаа мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж, группт орсон ажээ. В.Эрдэнэбат  өдгөө Орхон аймагт амьдарч байгаа юм. 

 

Ухаан алдсан найздаа амьсгалын багаа зүүж өгсөн баатар

Налайхын их уурхайн баруун хээрийн штрект 214 метрийн гүнд. Аврагч В.Эрдэнэбат, Х.Өндөгөө, Ё.Батхүү нар. 1982 он.

Э.Бүжинхэнийн аав Вандандоржийн Эрдэнэбат 1960 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрж, дунд сургууль төгсөөд, техникумд суралцаж байгаад 1982 онд Зүүнбаянд цэргийн алба хаажээ. Халагдаж ирээд  аавынхаа ажиллаж байсан Налайхын уурхайн “Аврах алба”-нд аврагчаар орсноор уурхайтай амьдралаа холбосон гэдэг. В.Эрдэнэбат энэ тухай дурсахдаа ”...Тэр  үед манай Аврах алба хагас цэргийн зохион байгуулалттай учир ерөнхий бие бүрэлдэхүүн нь нэг салаа, дөрвөн үндсэн тасаг, нэг сорьц дээж авах тасгаас  бүрддэг байлаа.  Манайх авран хамгаалах II тасагт тасгийн дарга Ц.Эрдэнэ, аврагч н.Ренчинбадам, н.Чагнаадорж, н.Ганхуяг, н.Пүрэвдорж, н.Цэрэндорж, н.Пүрэвсүрэн, н. Осоржамаа болон миний бие багтдаг байлаа. Тэд надаас ахмад, би хамгийн залуу нь байсан. Ах нараасаа авран хамгаалах арга техник, ажлын арга барилаас нь суралцсан. Түүнээс тухайн үеийн аврах багийн ажлын онцлогийн тухай сонирхож асуутал “...Бид уурхайн гүн рүү  очихдоо гол их амаар, цахилгаан шатаар 285 метр гүнд ороод тал тал тийшээ ажлын байрлалдаа очдог байсан. Ил, ямар нэгэн битүү хаалт байхгүй. Учир нь хүн суудаг цахилгаан шатаар зөрүүлээд ачаа ачдаг байсан болохоор тэр. Тухайн үед уурхайн бүх техник, тоног, төхөөрөмж  хоол хүнс, хувцас хэрэглэл ахуй хангамж нь  ОХУ-ынх. Сарын үндсэн цалин 650 төгрөг. Энэ нь  тэр үеийн эмч, багш нарын цалингаас ч өндөр байлаа шүү дээ. Аваарын үеийн болон гал унтраах нэмэгдэл гээд зарим үед 10- 15 төгрөг нэмж өгнө. Бид авран хамгаалах үүрэг гүйцэтгэхдээ ихэвчлэн багаар хамтарч ажиллана. Уурхайн гүнд агааргүйтэж ухаан алдсан, нурангид даруулсан, нүүрсний угаарын хийд хордсон ажилчдыг гаргах, аврах  үндсэн зорилготой тангараг өргөсөн хүмүүс. Яг намайг ажиллаж байх үед буюу 1989 онд уурхайд том осол болсон юм. Уурхайн бэхэлгээ хугарч, нуранги үүссэнээс хагас даруулсан уурхайчин н.Жамбалдорж, н.Батсуурь нарын амийг аварч байснаа тод санадаг. Миний аварсан уурхайчид өдгөө эсэн мэнд гавьяаны амралтаа эдэлж, үр ачаа тойруулсан өвгөд болсныг сонсоод баярладаг” гэв.  Монголын уурхайн түүхэнд хар өдөр гэж тэмдэглэгдсэн 1989 оны арванхоёрдугаар сарын 17.  Энэ өдөр Монголын эх уурхай болсон Налайхын гүнийн уурхайн бэхэлгээ хугарснаар метан хий дэлбэрч, 19 хүн нас барсны найм нь аврагчид байсан гэдэг. Э.Бүжинхэн охин нь тэрхүү ослын талаар “... Тэр үед аврах багийнхан нурангид дарагдсан хүмүүсийг ямар нэгэн дохио, чимээ болон гэрлийн тусламжтайгаар эсэн мэнд хайж олоод дээш гаргасаар байсан гэдэг. Тэгээд огт чимээ аниргүй болж, буцахаар явж байтал хонгилын нөгөө үзүүрт гэнэт гэрэл гарчээ. Нэгэнт дээш гарч байсан учир аав минь бусдыгаа гар гэж хэлээд өөрөө доошоо буцсан гэдэг. Ингээд гэрэл гарсан газар руу мөлхсөөр очиход нэг найз нь нурангид дарагдаж, ухаан алдсан байдалтай олджээ. Тиймээс өөрийн зүүж явсан амь хамгаалах амьсгалын багаа /H-12 амь хамгаалах баг нь хоёр литрийн багтаамжтай 99.9 хувийн хүчил төрөгч ялгаруулдаг. Уурхайн гүнд 2-4 цаг ажиллах нормтой/  зүүлгээд өөрөө ухаан алдсан байна. Аавыг эргэж ирэхгүй удахад нөхөд нь буцаж, тэднийг эсэн мэнд олж дээшээ гаргасан гэдэг. Азаар амьд гарч ирсэн ч газар доорхи хонгилд метан дэлбэрч угаарын хий дүүрсэн нь амьсгалыг нь боогдуулж улмаар хордуулсан юм билээ. Аав минь түүнээс хойш группт орж, үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон. Цуснаас нь угаарын хийн хордлого одоо ч бүрэн арилаагүй. 2017 онд тархиндаа харвалт өгсөн ч олон жилийн эмчилгээ сувилгааны үр дүнд одоо хэвийн болсон” гэлээ. Хэдийгээр гунигтай, гашуун түүх ч  гэлээ өнөөдөр түүний аав ээж хоёр Эрдэнэт хотод үр, ачаа тойруулан аз жаргалтай амьдарч байгаа юм. Аавынх нь ажил хөдөлмөрийг үнэлж  В.Эрдэнэбатад “Тэргүүний уурхайчин”, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” гэсэн цол тэмдгээр шагнажээ.

 

Сэтгүүлч болох мөрөөдөл нь уурхайн инженерээр солигдсон нь

Оюу толгой далд уурхайд. Д.Оюун-Эрдэнэ, Э.Эрхэмбаясгалан, Э.Бүжинхэн.

Айлын ууган охин Э.Бүжинхэн 1985 онд Улаанбаатарт төржээ. В.Эрдэнэбатынх амьдралын шаардлагаар 1995 онд Налайхаас Орхон аймаг руу шилжин суурьшсан юм байна. Эднийх гурван хүүхэдтэй. Ээж Д.Байгалмаа нь нөхрөө асрах, хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөж, халамжлах гээд амьдралын бүхий л ачааг нуруундаа үүрч иржээ. Д.Байгальмаа ээрмэлийн үйлдвэрт ажиллаж, нөхөр нь  группт орсон ч “ГОК” буюу өдгөөгийн “Эрдэнэт” үйлдвэрт  засварын  мужаан хийдэг байжээ. Аав нь амарсан өдрөө зураг зурж, шүлэг бичээд охиддоо уншиж өгдөг байсан гэнэ. Э.Бүжинхэн хоёр дүүтэй. Эмэгтэй дүү Э.Туяацэцэг нь Эдэнэтийн Баяжуулах үйлдвэрт  мөн л уурхайчин. Эрэгтэй дүүг нь Э.Төгөлдөр гэдэг. Харин Э.Бүжинхэний хувьд сэтгүүлч болох мөрөөдөлтэй байжээ. Аавыгаа дуурайж шүлэг их их бичнэ.2002 онд сургуулиа дүүргээд хүссэн сургуульдаа элсэх гэтэл ээж нь “..Миний охин цалин, хангамж өндөр  ГОК-доо л ажилласан дээр дээ. Ирээдүйд уул уурхайн мэргэжил үнэ цэнтэй болно. Тиймээс инженер бол ” гэж зөвлөжээ. Хэдийгээр дургүй байсан ч ээжийнхээ зөвлөснөөр Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн  сургуульд Ашигт малтмал баяжуулалтын технологийн инженерийн ангид элсжээ. Уул уурхайн талаар ямар ч төсөөлөлгүй түүнд хааяа уйтгартай, хаяад явчихмаар үе олон байсан ч  тэвчээр гаргаж зүтгэсээр 2007 онд сургуулиа төгсжээ. Э.Бүжинхэн 2009 онд Орхон дахь Израйл Монголын хамтарсан “Шим-Тек” ХХК-нд Re/рени/цехэд оператороор   ажилд оржээ. Тус цехэд  Re /рени/ гэдэг химийн элементийг зэсээс ялгаж авдаг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хүдрээс зэсийг ялгаж авахдаа давирхайд наалдуулж авдаг. Энэ нь түүнд маш их таалагдаж, мэргэжилдээ дурлах эхлэл нь болжээ. Гэтэл удаа ч үгүй үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, ажилгүй болсон байна. Ингээд 2011 оны хоёрдугаар сард нагац эгч нь “Оюу толгой” ХХК ажилтан бэлтгэх сургалт зарлагдсаныг түүнд дуулгажээ. “ГОК”-д ажилд орохоор хүлээж байсан залуухан боловсон хүчин  Оюу толгойг сонгох уу “ГОК”-оо сонгох уу гэсэн сонголтын өмнө  ирсэн гэдэг. Ингээд 2012 оны зургадугаар сарын 27-нд “Оюу толгой” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш үйл ажиллагааны хэсэгт өдгөө 12 дахь жилдээ ажиллаж байгаа нь энэ юм. Оюу толгойд анхны хүрзээ хатгаж, хүчит техникийн дууг хадааж явсан анхдагчдын нэг нь өнөөдрийн нийтлэлийн эзэн Э.Бүжинхэн яахын аргагүй мөн. Тэднийг дагалдуулан уурхайчин болгосон гадаад мэргэжилтнүүд нутаг буцах болж монгол залуучууд бие даан уурхайн нүсэр ажлыг үргэжлүүлэх болсон тэр өдрүүд хариуцлагатай бөгөөд айдас болгоомжлол төрүүлж байсан гэдэг. Өнөөдөр тус уурхайн ажиллах хүчний 95 хувийг монгол залуучууд эзэлж байна. Үйлдвэрийн бүх үйл ажиллагаа нь автомат. ХААБ нь бусад уурхайнуудад жишиг болохуйц хөгжсөн учраас  тэдэнд ямар ч санаа зовох асуудал үгүй. Ковид-19-ийн үед тэрбээр уурхайдаа 80 хоног ажилласан гэдэг. Э.Бүжинхэн Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах хэсэг, удирдлагын өрөө, савлах үйлдвэрт оператороор ажиллаад нэг л мэдэхэд найман жил болжээ. Ингээд удирдлагууд нь дэмжиж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн үйлдвэрийн Тээрмийн хэсгийн багийн ахлахаар дэвшүүлсэн байна. Ийнхүү тэрбээр анхны эмэгтэй багийн ахлах болсон байна. Баяжуулах үйлдвэр гэдэг нь ил уурхай болон далд уурхайгаас ирсэн хүдрийг тээрэмдэж баяжуулан түүнээс алт, зэс болон бусад ашигт металлыг ялган авдаг хэсэг. Ийм хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг Э.Бүжинхэн ахалдаг ажээ. Мэргэжлийн инженер,техникчдийн ажилд мэргэшүүлнэ гэсэн зар Э.Бүжинхэнийн амьдарлыг уурхайчин болгох замналд эргэлт буцалтгүй хөтөлсөн нь энэ. Өнөөдөр тэрбээр Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн анхдагчдын нэг болж анхны баяжмал тээвэрлэгдэх тэрхүү торгон агшины товчлуурыг даралцаж явсан баярт өдрөө /2013.07.09/ хэзээч мартдаггүй гэсэн. Анхны цалин болох хоёр сая гаруй  төгрөг гар дээрээ аваад итгэж чадахгүй баярлаж яаж үрнэ дээ гэж бодож байсан гэв. Өнөөдөр тэрбээр хоёр хүүхдийн ээж, халамжит сайхан ханьтай.  Эрдэнэт хотын залуу гэр бүлийн нэг. Том охин нь дизайнерийн мэргэжил сонгож байгаа бол бага хүү нь зургаан настай. Нөхөр нь эхнэрээ дэмжиж ар гэрийн бүх ажлаа зохицуулдаг гэсэн. Э.Бүжинхэний уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж 2015 онд “Тэргүүний залуу инженер”, 2021 онд  Уул уурхайн яамны хүндэт жуух бичгээр шагнажээ. “Нэг л мэдэхэд өөрөө ч мэдэлгүй аав, өвөө хоёр шигээ уул уурхайн хүн болж, тэднийхээ хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлж яваа минь миний удмын бахархал юм даа” гэв. Энэхүү нийтлэлийн баатар болсон, аврагчийн удамтай, уурхайчин бүсгүй Э.Бүжинхэн эх орныхоо төлөө энэхүү мэргэжлийг эзэмшсэндээ хэзээ ч харамсдаггүй гэсэн. 

Нөхөр Э.Мөнхбаатар, охин М.Бүнжинлхам, хүү М.Тэнүүн. Эрдэнэт хот. 2021 он. 
Аав В.Эрдэнэбат, ээж Д.Байгальмаа, Э.Бүжинхэн хоёр дүүгийн хамт.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 246 (7231)