Б.ТУУЛ

Орчин үед хүн төрөлхтөн өөрт хэрэггүй бүхнээ хог хаягдал хэмээн үзсээр, үүнийхээ үр дүнд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт, хорт хавдрын  өвчлөл зэрэг олон асуудалтай нүүр тулж байгаа билээ.  Тиймээс  дэлхийн тэргүүлэгч улс орнууд   хог хаягдлыг дахин боловсруулах замаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн ашиг  хүртэх, эх дэлхийгээ хамгаалах боломжийг эрэлхийлдэг болсон.

Тэгвэл “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д өнгөрсөн пүрэв гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр  иргэн Н.Сүмбээ  бидний хог хаягдал хэмээн нэрлэдэг хэрэггүй болсон гялгар уут, хуванцар сав,  хуруу зай буюу батерей, гар утасны тэжээлийн авдатор, повер банк, сахлын машин, хүүхдийн тоглоом зэргийг хэрхэн дахин ашиглаж болох вэ гэдгийг өөрийнхөө хийсэн зарим бүтээлээр харуулав.

Хамгийн сонирхолтой нь тэрээр гар утасны батерейг дахин цэнэглэж, хөдөлгөөнт тоглоом, ширээний гэрэл, мини оёдлын машин, сахлын машин, электрон жин зэргийг дахин цэнэглэж, бүгдийг нь  дахин ашиглаж болохыг харуулжээ.

Ус ундааны пластик савыг бүсэндээ богц маягаар зүүгээд, хэрэггүй цаас, амны сальфетика, бохь, чихрийн цаас зэргийг хийгээд дүүргэх боломжтой гэв. Ингэхдээ эртний арга шиг богцтой аяга, дашмаг шиг гадуур нь даавууны өөдсөөр даалин урлаад оёж болно гээд хийсэн бүтээлүүдээ дэлгэн харуулав. 

Мөн хот хөдөөгүй хог хаягдал хэмээн нэрлэдэг эдгээр зүйлсийг хэрэглээнд дахин нэвтрүүлж чадвал байгаль дэлхий, хөрс шороо, ан амьтанд ээлтэй байхаас гадна иргэн та  гэр бүлийнхээ эдийн засагт хэмнэлттэй хандаж, санаа сэтгэл өөдрөг сайхан амьдрах боломжтой хэмээн уриалав.

Эх сурвалж: www.zms.mn