Т.САЙХАН

УИХ-ын чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нүүрсний сонсголыг удирдсан, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг уучлал гуйх ёстой гэлээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр нүүрсний сонсголын үеэр “Нүүрсний хулгайн хэргээр хоригдож буй Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Сонсголыг  зогсоох гэсэн сонирхлоо таслан зогсоох хэрэгтэй. Иймэрхүү ажлыг нүүрсчид идэвхтэй зохион байгуулж байгаа” гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “УИХ нүүрсний сонсголыг орон даяар зохион байгуулснаар ард түмэн юу болсныг ажиглаж байна. Миний хувьд нүүрсний хулгай луйварт оролцсон хүмүүсийг илрүүлэхийн тулд 26 гишүүнээр гарын үсэг зуруулж, нүүрсний сонсгол байгуулах Түр хороог байгуулах шийдвэрийг албажуулсан. Түр хороо байгуулагдсан цагаас “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр юу болсон юм бэ гэдэгт хууль хяналтын байгууллагын анхаарлыг хандуулахын төлөө хүчин зүтгэж ажилласан. Гэтэл нүүрсний сонсголыг тодорхой шалтгааны улмаас явуулалгүй хойшлуулсаар эцэст нь Б.Энхбаяраар ахлуулж энэ асуудлыг хэлэлцэх үеэр тэр намайг ор үндэсгүй гүтгэлээ.  Ш.Адьшаа гишүүн Б.Ганхуягийн  дүү, төрөл төрөгсдийг Төрийн ордонд оруулж, мэдээлэл хийлгэсэн гэж гүтгэсэн. Б.Энхбаяр аа, уучлал хүсээрэй.  Тэр хүмүүсийг С.Ганбаатар гишүүн авч ирсэн. "Эрдэнэс Тавантолгой" төрийн өмчит компанид олон хулгай луйвар байгаа ч илрүүлэхийг хүсэхгүй байна. Харин ч энэ хулгайг илрүүлэхийн төлөө шударгаар ажилласан хүмүүсийг ор үндэсгүйгээр гүтгэх,  төрөл төрөгсөд ах дүүг нь нүүрсний хулгайд холбоотой мэт буруу ташаа зүйл цацаж байгаад харамсч байна.  Нүүрсний сонсгол анхны зорилгоосоо хазайж, олон хүний нэр хүндэд халдаж байгаад харамсч байна. Би 2020 онд УИХ -ын гишүүн болсон, нүүрсний хулгайд холбогдоогүй” гэв.

Эх сурвалж:www.polit.mn