Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Дэгийн тухай хуульд зааснаар долоо хоногийн Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батална гэж заасан.Мөн Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн баталж санал хураалт явуулж болно гэж заасан" хэмээв.
Ийнхүү санал хураалт явуулж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн дагаж өөрчлөлт оруулсан Зөрчлийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын 8 дахь хэсгийг "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана.
Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх. эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлана.” гэж өөрчлөн найруулах, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь заалтын 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Мөрдөн шалгах" гэсний өмнө “Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч," гэж нэмсэн байдаг.
Эх сурвалж:www.polit.mn