Т.САЙХАН
УИХ-ын Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэж байна.
Шинжээчийн дүгнэлт: "Алс групп" ХХК нь 2007 онд байгуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт 11 удаа шалгарч, 12.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Тендер шалгаруулалтыг уламжлалтаар гурав, цахимаар найман удаа зохион байгуулсан. Үүнээс зургаан худалдан авах ажиллагаа нь зөрчилтэй хэмээн тогтоогдсон. Мөн 2024 оны нэгдүгээр сарын 10-нд байгуулах 364 сая төгрөгийн төсөвт өртөгтэй "чулуулгийн дээж шинжилгээний ажил" гэх тендерт тус компани татварын өртэй байхад шаардлага хангасан байна хэмээн шалгаруулсан байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх гэрээ хэлцэлд гарын үсэг зурж байсан Б.Ганхуяг захирал байхгүй байна. Өмнөх өдрийн сонсголуудаас ажиглахад хэрэгт татагдсан хүмүүс ирээд мэдээлэл өгсөн. Тэгэхээр гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цахимаар оролцуулах арга байгаа юу. Эзэнгүй хэдхэн газрын мэргэжилтнүүдээс асуугаад нэмэргүй. Гүйцэтгэх удирдлага нь хариулт өгөх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: - Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Энэхүү сонсгол ашиггүй, зогсоох гэсэн сонирхлоо таслан зогсоох хэрэгтэй. Иймэрхүү ажлыг нүүрсчид идэвхтэй зохион байгуулж байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ асуудлыг нүүрсний хоёр дахь сонсголд гарч ирэх том нүүрсчид хамтран зохион байгуулсан. Үүнийгээ зогсоо, нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал оролдлогод автахгүй, зогсохгүй гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn