Б.ТУУЛ

Монгол Улсын ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, Швейцарийн F.Hoffmann-La Roche компани хамтран хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Санамж бичигт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, “Roche” компанийн Турк, ОХУ, Иран, Төв Ази, Кавказ, зүүн Европ болон Энэтхэгийг хариуцсан бүсийн дарга Адриано Треве нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Монгол Улсын хүн амын дунд 2022 онд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгджээ. Зонхилон  тохиолдох  хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 33.2 хувь, ходоодны хорт хавдар 17.1 хувь,  уушги гуурсан хоолой хорт хавдар 7.6 хувь, улаан хоолой 5.0 хувь, умайн хүзүүний хорт хавдар 4.6 хувийг тус тус эзэлж байгаа бөгөөд  нийт хорт хавдрын 67.5 хувийг  дээрх хорт хавдрууд эзэлж байна.

2022 онд хорт хавдрын өвчлөлийн улмаас 26347 хяналтад байгаагийн 525 0-19 (2.0 хувь) насны хүүхэд байна. Хорт хавдрын хяналтад байгаа  хүмүүсийн 43 хувь нь 5 ба түүнээс дээш жил амьдарч байна.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар хорт хавдрын эмчилгээ, судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Швейцарийн  “Рош” компани Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн элбэг тохиолддог 15 эрхтэний үсэрхийлсэн хорт хавдрын үед хэрэглэдэг бай болон дархлаа эмүүдийг хамгийн бага, нэг үнээр буюу “Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр” нийлүүлэх PACE тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” гэдгийг  албаныхан хэлэв. 

Эх сурвалж: www.zms.mn