Т.САЙХАН

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ерөнхий танилцуулга, нүүрсний үйл ажиллагаатай холбоотой найман компанийн асуудлын хүрээнд шинжээчийн дүгнэлт тайланг сонссон. Үүний дараа тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүсээс Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Том уурхай эхлүүлэх амаргүйг ойлгож байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК тухайн үед 79 тэрбум төгрөгөөр авсан техник, ажилчидтай нь тамгатай компанид өгсөн юм байна. Үүнийг эрүүл ухаанаар ойлгоход төвөгтэй юм. Жирийн ажиллаж байсан техник, ажилчдаа "Ти Ти Жи Ви Ко" ХХК орж иртэл яагаад ажиллуулаагүй юм.  79 тэрбумаар авсан техникээ элэгдэл тооцуулаад 65 тэрбум төгрөгөөр "Ти Ти Жи Ви Ко" ХХК-д өгсөн юм байна. Энэ компанид 62 хувийн өндөр өртөгтэйгөөр гэрээ хийсэн байна. Тухайн үед үндэсний компаниуд нь нэг куб метр шороонд 3,000 төгрөгөөр хөрс хуулалт хийж байсан. "Ти Ти Жи Ви Ко" ХХК анх 94 тэрбумын гэрээ хийсэн бол одоо 2.4 их наядын гэрээ хийж байна. Дараа нь гэрээг сунгаад явчихсан. Энэ боломжуудыг яагаад олгоод байгаа юм. Өнөөдөр хүртэл хөрс хуулж байгаагийн шалтгаан юу байна вэ?

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: -Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах гэж байсан учраас Засгийн газраас олон улсад гэрээт олборлогчийн тендер зарла гэсэн. Ингэж явсаар байгаад Австрали, Германы консорциумыг шалгаруулсан. Монгол компани орж болох байсан. Гэхдээ Засгийн газрын шийдвэрийг бид яах билээ. Бид өөрсдийнхөө ажилчдаа сул зогсоохгүй байхын тулд "Ти Ти Жи Ви Ко" ХХК-ийн далбаан дор ажиллуулах болсон.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:-Миний бие тус компанийн гүйцэтгэх захирлаар 2012-2015 он хүртэл 2.4 жил ажилласан. Тухайн үед зүүн Цанхийн уурхайг нээгээд "Макмахон Лимитэд" ХХК-аар олборлолтоо явуулдаг. Олборлосон нүүрсээ бүгдийг нь Чалкогийн өрд төлдөг байсан. Тухайн үед нээлттэй тендер зарлахад Монголын гурван компани орж ирсэн. 6,000 гаруй төгрөгийн хямдхан үнэ орсон. Бүгдийг нь баруун Цанхийн уурхай руу оруулсан. Нэг тонн нүүрсийг 10 гаруй ам.доллароор гаргаж ирж байгаа юм. Гэтэл Хятадын талд нүүрсний үнэ огцом унасан. Чалкод нийлүүлж байсан нүүрсний үнэ 70 ам.доллар байсан. Гэрээний дагуу Хятадын нүүрсний зах зээлийн индексээр унахаар гэрээ хийсэн учраас үнэ нь 20 ам.доллар болсон. Тиймээс зүүн Цанхийг зогсоогоод баруун Цанхийг явуулж эхэлсэн. Тиймээс гүний гааль байгуулж нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр зарж эхэлсэн нь хамгийн зөв байсан. Ийнхүү баруун Цанхи өндөр ашигтай ажиллаж эхэлсэн. "Эрдэнэс Монгол" ХК нүүрсээ пүүлж зараад мөнгөө тоолоод суудаг байсан. Ямар нэгэн тээвэрлэлт хийхгүй. Асар хэмжээний зардал гарч, Хятадын компаниуд манай нүүрсийг буулгаж зараад ашиг олж байсан учраас Цагаан хадыг хаалгасан.  Шинжээчийн дүгнэлтэд "Эрдэнэс Монгол" ХК 2016, 2017 онд алдагдалтай ажилласан гэж байна. Энэ компани нэг ч жил алдагдалтай ажиллаагүй. Чалкод төлөх өрийг алдагдал, зардал гэж тооцоод байдаг. Зүүн Цанхийг оператор компани авсныг буруутгаад байх шиг. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 хувийг Лондоны бирж зарна гэсэн шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газраас байнга шахалт үзүүлдэг байсан. Олон улсын хөрөнгийн бирж дээр зарахын тулд барууны орнуудын том менежмент бүхий компаниудыг авч ажиллах шаардлагатай. Тухайн үед "Эрдэнэс Тавантолгой" ХК-д эзэн суух, авах гэсэн санаархал томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм" гэсэн Пи Ар-ыг маш хүчтэй явуулсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол, Хятадын тус бур нэг компанийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхэлсэн. Би ажлын хэсэгт томилогдоод, эрс эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан, сарын дараа эрүү үүсгэж хорьсон. Хоёр сарын дараа "Шинхау Энержи" компанид 99 жилийн хугацаатай оператор оруулж Тавантолгойн ордыг өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д орсон. Энэ бүхэн анхнаасаа Тавантолгойн ордод эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа явж, биднийг хэлмэгдүүлсэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Боломжтой бол ямар бүлэглэл, хэн оролцоотой талаар ярьж болох уу?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: -Ер нь бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Тавантолгойн ордыг хамтарсан консорциумд шилжүүлэх урт хугацаатайгаар ашиглуулах яриа хэлэлцээрийг эрчимтэй явуулсан. Илүү нарийн зүйлийг яримааргүй байна.

Эх сурвалж:www.polit.mn