Б.АЛТАНГЭРЭЛ
Иргэн Л.Ганхөлөг “Түүхий нүүрсийг нунтаг хэлбэрт оруулан барьцалдуулагч ашиглан шахмал түлш гэж хийдэг. Олон улсын стандартын дагуу өмнө нь үнэлдэг байсан журмыг өөрчилснөөр эрүүл мэндэд хортой агаарын чанарын үзүүлэлтийг бууруулж, ангиллыг байхгүй болгосон. Үүгээрээ сайжруулсан шахмал түлш хоргүй, үр дүнтэй гэж ард түмний тархийг угаагаад байна.
Олон иргэд угаартаж нас бараад эхлэхэд албаныхан угаасаа угаартдаг юм, галлагаагаа буруу хийж байна хэмээн тайлбарладаг. Сүүлийн 45 хоногт 349 хүн угаартсан байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар шахмал түлшний нөлөөгөөр Монгол Улсын иргэдийн дунд уушгины хорт хавдрын эрсдэл 10 дахин нэмэгдсэн гэж гарсан.
2019 оноос хойш хэрэглэж байгаа шахмал түлшийг үйлдвэрлэх зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрт нэг тэрбум ам.доллар зарцуулсан. Гэтэл Тавантолгой түлш компанийн алдагдал нь 553 тэрбум төгрөг болсон байна.
Үүнийг шийдэхийн тулд шинэ цахилгаан станц барих шаардлагатай. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болсноор 100 жил цахилгаанд санаа зовнихгүй амьдрах боломжтой. Хоёр цахилгаан станц барих хэмжээний мөнгөөр сайжруулсан түлш нэртэй хор үйлдвэрлэсэн байна”.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, Анагаах ухааны доктор Н.Одонгуа “Агаар орчны аюулгүй байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр 2017 онд анх батлагдсанаас хойш долоо дахь жилдээ орж байна. Хөтөлбөрт тусгасан шалгуур үзүүлэлтийн дагуу нэг ч үзүүлэлт сайжраагүй. Сайжруулсан түлшинд агуулагдаж байгаа хар тугалга зэрэг хүнд металлын улмаас нас баралт, өвчлөл нэмэгдэж байна. Ялангуяа, бага насны хүүхдийн цусны хавдар ихэссэн. Энэ жилийн байдлаар шинээр 140 хүүхэд хавдраар оношлогдож бүртгэгдсэн. Шалтгаан нь хүнд металл элементүүд байдаг. Эрүүл мэндийн салбар дангаараа энэ өвчлөл, нас баралтыг бууруулах боломжгүй. 2023 оны арван нэгдүгээр сарын байдлаар 91 хүн угаартаж нас барсан” хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж: www.zms.mn