Баатарын НЯМСҮРЭН

 

Монгол Улсын ЭМЯ, ХСҮТ, Швейцарийн “Roche” компани хамтран ажиллахаар болов. Тэд хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, “Roche” компанийн бүсийн дарга Адриано Треве нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

 

Хөнгөлөлтийн “PACE” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Монгол Улсын ЭМЯ, ХСҮТ хамтран хорт хавдрын эмчил­гээний стратегийг оновчтой болгох, монгол хүн эх орондоо, эдийн зас­гийн дарамт ачаалалгүйгээр дэлхийн шилдэг технологи бүхий оношилгоо, эм­чилгээг хийлгэх, элэг бүтэн амьдрах бо­ломжийг бүрдүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн. Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хорт хавдрын эмчилгээ, судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Швейцарийн “Roche” компани Монгол улсад элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн элбэг тохиолддог 15 эрхтэний үсэрхийлсэн хорт хавдрын үед хэрэглэдэг бай болон дархлаа эмнүүдийг хамгийн бага, нэг үнээр буюу “Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр” нийлүүлэх “PACE” тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм” гэсэн юм.

 

"Монголд элэгний хорт хавдрын хүндэрсэн шатыг эмчлэх болмжгүй байсан"

 

“Roche” компанийн Төв зүүн европ, Турк, ОХУ, Энэтхэг улсын бүс хариуцсан захирал Адриано Треве “Монголд элэгний хорт хавдрын эсрэг дархлаа эмчилгээг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байсан. Тиймээс Монгол Улсын ЭМЯ болон холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, энэхүү эмчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх гэж байгаад баяртай байна. Дөнгөж яригдаж эхэлснээс хойш богино хугацаанд хэрэгжих гэж байгаад талархууштай. Бидний зорилго бол хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн дархлаа эмчилгээгээр эмчлэх ажлыг эхэлнэ. Өмнө нь элэгний хорт хавдрын хүндэрсэн шатанд орсон хүн эмчилгээгүй байсан юм билээ. Харин дархлаа эмчилгээг нэвтрүүлснээр олон хүн эдгэрнэ гэдэгт найдаж байна. Швейцарийн “Roche” компани цаашдаа энэхүү төсөл дээр олон жил хамтран ажиллана” гэлээ.

ДЭМБ-аас Монголд хүүхдийн хавдрын өвчлөл өндөр түвшинд байгааг тогтоожээ. Мөн хавдрын эмчилгээний зардал өндөр, эмийн хүрэлцээ муутай байдаг. Тиймээс ДЭМБ хүүхдийн зургаан төрлийн хавдрын эсрэг уух 30 гаруй эмийг үнэгүй олгохоор болжээ. Үүний хүрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллах албан бичгийг Засгийн газарт өргөн барих гэж буй тухайгаа ЭМЯ-наас дуулгасан юм. Засгийн газар хүлээн зөвшөөрвөл Монголд хүүхэд хавдрын өвчлөлд уух шаардлагатай  30 гаруй эм орж ирэх юм байна. 

 

"Дархлаа эмчилгээ дэлхийд эрчимтэй хөгжиж байна"

 

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Бид иргэдийн эрүүл мэндэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд хичээж байна. Хавдрын  өвчлөлд хэрэгжүүлсэн ажлын үр дүнд ахиц гарсан. Дэлхийд шинэ технологи үүсэж байна. Бид үүний араас явах бус гүйцэж ажиллах хэрэгтэй. Тиймээс дархлаа эмчилгээг нэвтрүүлснээр Монголын эрүүл мэндийн байгууллага дэлхийн түвшинд хүрч байна. Өөр улсад очиж, өндөр үнээр энэ эмчилгээг авахгүйгээр эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэж байгаа нь сайхан. Дархлаа эмчилгээ нь хүний биеийн дархлааг идэвхжүүлж, хавдрын эсрэг тэмцэх үйл ажиллааг нэмэгдүүлэх юм. Тус эмчилгээ нь сүүлийн 10 жил эрчимтэй хөгжиж байна. Үүнийг Нобелийн шагналтай эрдэмтэд судалж, гаргасан түүхтэй” гэв.

 

Монгол Улс элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг

 

Монгол Улс хорт хавдрын ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид төдийгүй дэлхийд тэргүүлж буй. Манай улсад өнгөрсөн онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсны 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэй байжээ. Тэгвэл элэгний хорт хавдраар 1714 хүн нас барсан нь нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байгаа юм. Элэгний хорт хавдар 2021 онд 1956 тохиолдол, өнгөрсөн онд 2289 тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа  орсон үедээ оношлогдсон байна.  Энэ нь аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100000 эрэгтэйд 77.6, эмэг­тэй­чүүдэд 59.5 тохиолдол байгаа юм. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсад элэгний хожуу шатанд оношлогдсон хавдар болон уушги, хөх, ходоод, өндгөвч, умайн хүзүү, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээний хөгжил, чанар, хүртээмжид том алхам  болох ажээ. Учир нь эдгээр эмүүд их өндөр өртөгтэй бөгөөд элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг тунгаасаа хамаарч  8000-9392 ам.доллар буюу монгол мөнгөөр 20-32 сая төгрөгөөр  хийлгэдэг бол үүнийг манайд хамгийн доод үнэ буюу 1000 орчим ам.доллараар  нийлүүлэхээр санал тавьж байгаа аж.

Монголд нэвтэрч буй бай болон дархлаа эмчилгээ нь системийн бусад эмчилгээтэй харьцуулахад гаж нөлөө багатай төдийгүй хувь хүн бүрт өвөрмөц нөлөөлдгөөрөө онцлог. Монгол улсад 2021 оноос бай эмчилгээний зарим эмүүдийг эрүүл мэндийн даатгалд 100 хувь хамруулснаар ходоод, хөх, өндгөвч, бүдүүн шулуун гэдэс, мэнгэний хорт хавдрын эмчилгээнд нэвтэрч олон хүний амь насыг аварчээ.  Хэдийгээр бай эмчилгээ нь эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан боловч дархлаа эмчилгээ хараахан даатгалд хамрагдаагүй тул энэхүү хоёр эмчилгээг өвчтөнүүдэд хавсран хийх боломжгүй юм байна. Тиймээс дархлаа эмчилгээг бай эмчилгээний нэгэн адил эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, өвчтөнд дэлхийн дэвшилтэт эмчилгээг санхүүгийн дарамтгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэхийг зорьж байгаа  тухайгаа ЭМЯ-ныхан онцолж байсан юм. Мөн Швейцарийн “Roche” компани 2018 онд анх Монгол улсад шилдэг эмийн бүтээгдэхүүнээ танилцуулж, хорт хавдрын эмчилгээнд Бай эмчилгээг анхлан нэвтрүүлжээ. Улмаар 2019 онд Монгол Улсын ЭМЯ, ХСҮТ-тэй хөхний болон бусад хавдрын эмчилгээнд бай эмчилгээг нэвтрүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байсан түүхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 243 (7228)