Т.САЙХАН
Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өчигдөр “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой дөрвөн сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалсан юм.
Өнөөдрийн сонсголоор,
- Газар олголт;
- “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа;
- “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.
Энэ өдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан нийтдээ 168 гэрчийг дуудсан байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдөр дөрвөн асуудлын хүрээнд болох бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-нд болно.
Эх сурвалж:www.polit.mn