Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин хүүхдийн сурч боловсрох тэгш эрхийг хөндсөн цуврал сурвалжилгуудаа хүргэсээр байна. Бид өмнөх дугаартаа “Эмээлтийн хүүхдүүд сургуульгүй, эцэг эхчүүд ажилгүй байна” гарчигтэй сурвалжилгыг нийтэлсэн билээ. Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт юм. Нийслэлийн төвөөс 40 гаруй км зайд худалдаа, үйлчилгээний цогцолбор байдлаар бие даан хөгжиж, суурин болтлоо оршин тогтнож буй энэ өртөөнд сургуулийн насны 700 гаруй хүүхэд бий. Гэвч эдгээр хүүхдүүдэд харьяаллын сургууль байхгүй. Тиймээс өдөр бүр 20 гаруй километр зам туулан сургуульдаа явдаг. Эмээлт сургуультай болох асуудал таван жилийн өмнөөс яригдаж байгаа  ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Тэгвэл бид энэ удаа мөн л улсын сургуульгүй хороог зорилоо. Хотын төвийн гэж хэлж болохоор Баянгол дүүргийн XXIX хороонд төрийн өмчийн нэг ч сургууль нээгдээгүй. Харин орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай өндөр барилгууд өдрөөс өдөрт сүндэрлэсээр буй юм.

Баянгол дүүргийн XXIX хороо НИТХ-ын 2010 оны тогтоолоор СХД-ийн XXIII  хорооноос хуваагдан шинээр байгуулагджээ. Нийт 45 га талбайг хамран төрийн үйлчилгээг хүргэж ажилладаг. Энэхүү хороо нь 6000 гаруй хүн амтай 1700 гаруй өрхтэй. Бүрэн “байшин” хороолол гэж хэлж болно.

Хорооны хэмжээнд 80 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг  бөгөөд “Драгон холдинг”, “Сүлжмэл” ХХК, “Мандах бүртгэл” дээд сургууль, “Сонгинохайрхан худалдааны төв” “Талх чихэр” ХХК, Эрдэнэт, Дархан, баруун аймгууд руу явдаг нийтийн тээврийн төвлөрсөн байгууллага Авто вокзал зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд байрладаг. Мөн христийн сүм, 4-5 хувийн цэцэрлэгтэй. Гэвч дээр дурдсанчлан улсын сургууль байхгүй.

XXIX хороонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд бүртгэлтэй. Эдгээр хүүхдүүд хаана суралцаж буй талаар хорооны зохион байгуулагч З.Уянгаас тодрууллаа. Тэрбээр “Эрдмийн өргөө цогцолбор, 19 дүгээр сургуульд хамран сурах тойргийн хүрээнд суралцдаг. Манай хороонд төрийн өмчийн сургууль баригдаагүй. Сургууль барих гэхээр газар олддоггүй. Хорооны бүхий л газар хувь хүний нэр дээр байдаг. Тиймээс сургууль барих боломжгүй. Эцэг эхчүүд СХД-т хүүхдүүдээ сургаж буй нь өөрсдийнх нь сонголт” гэлээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд бусад хороо руу, бүр дүүрэг дамжин сургуульдаа явж байна.

Хорооныхонтой уулзах үеэр зарим нэг иргэдийн байр суурийг сонслоо. Эцэг, эхчүүд төрийн өмчийн сургуульгүй учраас дүүрэг, хороо дамжиж хэдэн арван автобусны буудлын зайтай сургуульд хүүхдүүдээ явуулж байна. Хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, эрүүл аюулгүй байдлаас эхлээд үнэхээр хүндрэлтэй гэдгийг хэлж байлаа. XXIX хорооны иргэн Х.Дулам “Манай хороонд эргэн тойрон өндөр байшин ихтэй. Эрин, Өнөр, Хархорин гэх мэт хорооллоор дүүрэн. Улсын сургууль нэг ч баригдаагүй. Хойшоо зам гарч СХД-ийн  сургуулиудад хөөгдөн туугдан хүүхдээ өгдөг. Миний нүдэн дээр бага ангийн сурагч охин гарцаар гарч яваад дайруулж амиа алдаж байсан. Өглөө хүүхдээ төв зам гаргаад ажилдаа явдаг. Өдөр нь хэрхэн зам гарч гэртээ харьдаг бол гэж бодоход сэтгэл түгшээстэй байдаг. Улсын сургууль барихад газар олдохгүй байна гэдэг ганц хариу өгдөг. Харин олон өндөр барилга одоо ч нэмж баригдсаар л байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 242 (7227)