Н.Жаргалмаа
Франц улсын нийслэл Парис хотод бямба гарагт хутга, алхаар зэвсэглэсэн этгээд Германы жуулчны аминд хүрч, хоёр хүнийг шархдуулсны нэг нь Их Британийн иргэн байжээ. Францын ерөнийлөгч Эммануэль Макрон тус хэргийг "террорист халдлага" гэдгийг тодотголоо.
Терроризмын эсрэг прокурор Жан-Франсуа Рикар ням гарагт халдлага үйлдэгч сэжигтэн 26 настай Исламын улс бүлэглэлийн гишүүн байсан хэмээн мэдэгдлээ. Сэжигтэн нь цагдаагынханд баригдах үеэрээ Исламын улсад үнэнч байхаа тангарагласан байна. Прокурор Рикард хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Энэ хэрэг нь терроризмтэй холбоотой. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн баг хэрэг энэхүү халдлага, хүн амины хэрэг дээр ажиллаж байна. Сэжигтний гэр бүл болон ойр дотны гурван хүн цагдаагийн байгууллагад хоригдон шалгагдаж байгаа” гэжээ. Тус сэжигтэн нь 2016 онд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр шалгагдаж дөрвөн жилийн хорих ял авсан бөгөөд Францын аюулгүй байдлын албаны хяналтын жагсаалтад байсан гэдгийг дотоод хэргийн сайд Жералд Дарманин мэдэгджээ.
Хамас-Израилийн мөргөлдөөний улмаас лалын шашинтнуудын халдлага үйлдэх эрсдэл нэмэгдсэн хэмээн Европын аюулгүй байдлын албанаас анхааруулга хүргүүлсээр байна. Тус халдлагад Германы канцлер Олаф Шольц цахим сүлжээнд “цочрол орлоо” хэмээн нийтэлсэн байна. Мөн Их Британийн гадаад хэргийн яам Францын эрх баригчидтай хамтран шархадсан иргэнд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгджээ.
Өнгөрсөн аравдугаар сард Францын нутгийн хойд хэсгийн сургуулийн багшийн амийг халдагчид хөнөөсөн хэргээс хойш Франц улс аюулгүй байдлын бодлогоо чангатгаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн юм. Гэсэн хэдий ч энэ удаагийн халдлага Францын нийслэл хотод болсон нь наймхан сарын дараа болох зохион байгуулагдах дэлхийн спортын хамгийн том арга хэмжээ болох Олимпын наадмын аюулгүй байдалд эргэлзээ төрүүлж болзошгүй юм. Үүнд Парисын хотын цагдаагийн дарга Лоран Нунез “Сүүлийн үед Франц улсыг ихээр заналхийлэх болсон терроризмын аюул яаралтай арга хэмжээ авч, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангахаар ажиллаж байна. Олимпын нээлтийг ёслолын аюулгүй байх үүднээс бүх хүчээрээ ажиллана” гэжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн цахим хуудсанаа “Парис хотод болсон террорист халдлагын үеэр нас барсан Германы иргэний гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. Бид шархадсан хүмүүст асаргаа сувилгааг нэн даруй үзүүлэх болно” гэж нийтэлжээ. Мөн ерөнхий сайд Элизабет Борне "Бид терроризмд бууж өгөхгүй" хэмээн цахим сүлжээнд нийтлээд байна.
Эх сурвалж : www.zms.mn