Н.Жаргалмаа
Филиппиний хоёр дахь том арал болох Минданаод өнгөрсөн амралтын өдрүүдээр үргэлжилсэн газар хөдлөлт болж хоёр хүн амиа алджээ. 44 мянга гаруй оршин суугчтай хотод газар хөдлөлтийн улмаас цахилгааны саатал үүсэж олон тооны барилга байгууламж нурсан хэмээн гамшгийн албаныхан мэдээллээд байна.
АНУ-ын Геологийн алба бямба гарагийн орой эхний чичиргээг 7.6 магниутын хүчтэй хэмээн мэдээллэсэн. Үүний дараагаар дарааллан дөрөв гаруй чичиргээ үүссэн нь 6.0 баллаас давсан байна. Мөн Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээлснээр тус бүс нутагт 20 гаруй удаа чичирхийлэл бүртгэгдсэнээс хамгийн ихдээ 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр Токио хотоос өмнө зүгт орших хэд хэдэн арлуудад 0.4 метрийн цунамийн давалгаа ажиглагдсаны улмаас иргэдийг эх газарлуу нүүж аюулгүй байдлаа хангах сэрэмжлүүлгийг хүргүүлжээ. Одоогийн байдлаар Филиппиний галт уул судлал, газар хөдлөлт судлалын хүрээлэн нийт 600 гаруй газар хөдлөлтийг бүртгээд байна. Эдгээрээс хамгийн хүчтэй нь 7.4 балл байсан бол үлдсэн нь 1.4-6.2 баллын хүчтэй байсан гэв.
Түүнчлэн Флиппиний Минданао арал орших тус хэсэг нь Номхон далайн “Галын цагираг” гэгдэх хагарлын шугамтай буюу дэдхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүс ажээ.
Эх сурвалж : www.zms.mn