Баатарын НЯМСҮРЭН
Нийтийн цэнгээнт бүжгийн урлаг нь үндэсний дархлаа, өв соёл, түүх билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Нийтийн цэнгээнт бүжиг, хөгжмийн үндэсний нэгдсэн холбооны ерөнхийлөгч, “Эрхэмсэг элит” бүжгийн клубын тэргүүн Б.Булганбаярыг урилаа.
Гуравдугаар ангийн бяцхан бүжигчин
Б.Булганбаяр нь нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэжээ. Энэ л эрдмийн өргөөнөөс урлагийн томоохон төлөөллүүд “төрсөн” нь бий. Энэхүү сургуульд гавьяат багш Л.Галмандах багшилж, олон ч хүүхдийг урлагаар хүмүүжүүлж, энэ салбарт “дурлуулж” орхисны нэг нь өнөөдрийн нийтлэлийн баатар Б.Булганбаяр юм. Тэрбээр сурагч байсан он жилүүдийнхээ тухай “Манай сургуульд гитар тоглодог, дуулдаг сурагч олон байсан. Дуу хуур цалгисан, гэгээн орчинд сурч хөгжихөөр өөрийн эрхгүй урлагт татагддаг юм билээ. Би өөрийгөө авьяасгүй гэж бодож явсан. Их мяраалаг хүүхэд байсан болохоор гэр бүлийнхэн минь барилдахыг зөвлөнө. Нэгдүгээр ангийн сурагч байхдаа бөхийн секцэнд хамрагддаг байлаа. Ингээд чөлөөт бөх, самбогоор бэлтгэл хийж эхэлсэн. Харин гуравдугаар ангид байхдаа сургуулийнхаа бүжгийн дугуйлангийнхныг анх хараад энэ урлагт татагдаж эхэлсэн” гэсэн юм. Харин тухайн үед Монголын хүүхдийн ордоны бүжгийн багш В.Жаргалсайхан бяцхан Б.Булганбаярыг хараад их олзуурхсан гэдэг. Ингээд түүнийг шалгаж дугуйландаа авчээ. Бага ангийн сурагч байх үеэсээ бүжгээр хичээллэсэн нь өнөөдрийн алдар нэр, замналынх нь эхлэл болсон түүхтэй. Түүнийг долдугаар ангид байхад нийтийн цэнгээт бүжгийн тэмцээн нийслэлийн сургуулиудын дунд болж. Энэхүү тэмцээнд 20 гаруй сургууль өрсөлдсөнөөс 52 дугаар сургууль өндөр амжилт гаргасан гэдэг. Мөн жил бүр болдог бүжгийн тэмцээнүүдэд үеийн болон өөрөөс насаар ах сурагчдад бүжиг зааж байсан нь Б.Булганбаярын хүүхэд насны мартахын аргагүй сайхан дурсамж болж сэтгэлд нь үлджээ. Энэ үед түүнийг бүжиг заахад пеонерын дарга, бүлгэмийн тэргүүн сурагчид тусалж, сурагчдыг дэг журамтай байлгадаг байсан тухай гэгээн дурсамжаа онцлон ярьж байв.
Бүжгийн Азийн аваргад түрүүлжээ
Б.Булганбаяр 1992 оноос Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч С.Сүхбаатар багшид шавь оржээ. Ингээд 1998 онд “Түмэн Эх” чуулгын гоцлол бүжигчин болж, ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. Мөн Үндэсний урлагийн их театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байсан гэнэ. Эдгээр он жилүүдэд тайзнаа өв соёлоо хадгалсан “Нарны домог”, “Таван баатар”, “Монгол цам”, “Бөхийн дуулал”зэрэг бүжгийг бүжиглэж, үзэгчдийн хүртээл болгож байжээ.
Үүнээс гадна Б.Булганбаяр зөвхөн Монголдоо бүжиглээгүй юм. Солонгос улсад 10 жил багшилжээ. Тус улсад ажиллаж, амьдарч байхдаа үндэсний бүжгийг нь зааж байсан гэнэ. Хэдийгээр Монголдоо нийтийн цэнгээт бүжиг заах хүсэлтэй байсан ч үндэсний соёлоо дээдэлдэг улс учраас боломжгүй байжээ. Тиймээс өөрөө эхэлж үндэсний бүжгийг нь сураад их сургуулийн оюутануудад заадаг байв. Энэхүү хугацаа түүнд ур чадвараа дээшлүүлэх, бүжигчний хувьд өсөж дэвших их туршлага болсон байна. Ийнхүү харийн оронд 10 жил болж ирээд эх орондоо нийтийн цэнгээт бүжгийг дэлгэрүүлэх ажилд ханцуй шамлан оржээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд 2008 онд Монголд анхны бүжгийн шоу буюу “Та бүжиглэж чадах уу” контентыг санаачлан, ерөнхий шүүгчээр ажилласан байдаг. Үүний дараа жил “ТВ5” телевиз болон СУИС-ийн оюутнуудтай хамтран “Бүжгэнд хайртай хүмүүс” шоу тоглолтыг зохион байгуулж байсан түүхтэй. Харин 2010 онд “Нийтийн цэнгээнт бүжиг” гэж ахмадуудад зориулсан телевизийн шоуг санаачлан энэхүү урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулжээ. Чухам энэ үедээ өдгөөгийн “Эрхэмсэг элит” клубээ байгуулж үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилсээр өнөөдрийг хүрсэн юм. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамтран улсын хэмжээнд стандарт, латин америк, нийтийн цэнгээнт, монгол бүжиг. Мөн хүүхдийн ангиллаар “Бүжгийн гайхамшиг” тэмцээнийг цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд амжилттай зохион байгуулжээ. Харин 2019 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газартай хамтран нийтийн цэнгээнт бүжгийн сургагч багш бэлдсэн байна. Үүнд орон нутгийн 500 гаруй бүжгийн багш хамрагдсан гэдэг. Мөн 2021 онд МБСХ-той хамтран цахим болон танхимын багш, дасгалжуулагч бэлдсэн байна. Б.Булганбаяр бүжгийн спортод дурласан эдгээр он жилүүдэд бүжиг, хөгжим шүүгчдийн сургалт, семинарыг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн бахархам гавьяатай хүн. Тэрбээр нийгэмд нийтийн бүжгийг хөгжүүлэхийн тулд олон багш бэлдсэн юм. Өнөөдрийн энэ хар бараан нийгэмд ёс зүйтэй боловсон хүчин бэлдэж, бүжгийн спортоор дамжуулан иргэдэд эерэг бодол, эрүүл мэнд бэлэглэнэ гэж инээмсэглэл цацруулан ярих нь сайхан. Б.Булганбаярын санаанаас гардаггүй нэг дурсамж амжилт нь тэртээ 20 жилийн өмнөх бүжгийн ААШТ ажээ. Учир нь тус тэмцээнд тэрбээр солонгос эмэгтэйтэй партнёр болж оролцоод, түрүүлж байсан гэнэ. Булганбаяр одоогоор өөрийн урын сандаа 60 гаруй бүжигтэй. Түүнийг бүжгийн урлагийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж 2009 онд “Соёлын тэргүүний ажилтан” цолоор энгэрийг нь мялаажээ. Харин 2013 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2018 онд “Алтан гадас” одонгоор шагнасан байна.
Анхны “Бөртэ чоно” жүжгийн гол дүр
Б.Булганбаяр “Бөртэ чоно” жүжгийг анх монголд тавихад гол дүрийг нь бүтээжээ. Энэхүү жүжигт 200 гаруй уран бүтээлч оролцож, тайзнаа гурван цаг үргэлжилсэн байна. Бүжгийг гавьяат жүжигчин Б.Лхамжав дэглэжээ. Харин зохиолыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичсэн юм. Энэ үед гол дүрийн төлөө 100 гаруй бүжигчин шалгуулж, шилдэг эрэгтэй 30 бүжигчин эцсийн шатанд үлдсэн байна.
Тэднээс сонгогдож, гол дүрд бүжиглэх эрх авна гэдэг хүссэн бүжигчин бүхэнд олдохгүй ховор боломж байсан нь лавтай. Б.Булганбаярын хувьд бүжигчний ур чадвар сайнаас гадна фитнессээр тогтмол хичээллэж, биеэ чийрэгжүүлсэн нь энэхүү дүрд сонгогдох давуу тал болжээ. Тэрбээр тус бүжгэн жүжгийн тухай “Жүжигт бүжиглэхдээ цээж нүцгэн байх хэрэгтэй учир бие бялдрын хөгжлийг харж шалгаруулсан. Тухайн үед цаг үе амаргүй, хөрөнгө босгоход хүндхэн үе таарсан ч уран бүтээлчид бид шантралгүй энэ том бүтээлийн ард гарч чадсандаа баярладаг. Миний партнёр буюу Гоо маралд ҮУИТ-ын гавьяат жүжигчин Ш.Одонтуяа бүжиглэж байлаа” хэмээн дурсамж дэлгэсэн юм.
Хүний амжилт, хийж хэрэгжүүлсэн бүхэн нь гэр бүлтэй нь салшгүй холбоотой. Нийтлэлийн баатар Б.Булганбаярынх ам бүл зургуулаа. Түүний хоёр хүүхэд нь аавынхаа авьяасыг өвлөсөн бүжигчид. Тэд ааваасаа үлгэр дуурайлал авч бүжгийг сонгохдоо орчин үеийн бүжгээр хичээллэж байгаа юм. Түүний эхнэр нь Б.Булганбаярын ажлыг ойлгож, ар талыг нь бат даадаг гэнэ. Сайн ханийн буянаар өнөөдөр ихийг хийж бүтээсэн нь лавтай.
Багш нь үеийнхнээсээ залуу харагдаж байгааг нь сайшаажээ
Нийтийн цэнгээнт бүжгийг хүмүүс спорт гэж ойлгодог. Энэ талаар Б.Булганбаяр “Нийтийн цэнгээнт бүжиг 100 гаруй жилийн өмнө үүсэж, бид уламжлан хөгжүүлсээр байгаа. Монголын уламжлалт бүжигт хүмүүн төрөлхтөн, задгай цагаан, гурван тамирын уянга, ёохор зэрэг багтдаг. Энэ дөрвөн бүжгээр нийтийн цэнгээнт бүжиг үүссэн түүхтэй. Тиймээс спорт бус урлаг гэж ярих нь зүйтэй. Урлаг спорт хоёр хоорондоо их ялгаатай. Спортын техник, элемент нь өөр. Дэлхийн олимпын хорооноос тогтоосон дүрмээр шүүдэг. Харин нийтийн цэнгээнт бүжгийг шүүхдээ ур чадварыг нь харна” гэв. Бүжиг бүр өөрийн гэсэн онцлог, соёлтой ажээ. Анх үүссэн үеэсээ нийтийн цэнгээнт бүжиг нь ариун цэвэр, хөлсний алчуур, партнёртай байх гэсэн үндсэн шаардлагатай байсан бол өдгөө ч энэ уламжлалын дагуу хөгжиж байна. Харин сүүлийн жилүүдэд нийтийн цэнгээнт бүжгийг ихэвчлэн эмэгтэйчүүд сонирхох болжээ. Энэ тухай Б.Булганбаяр “Эрчүүд ч ялгаагүй бүжиглээсэй, бид чинь нас ахихаар жин нэмдэг. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч хөдөлгөөн хийх нь чухал. Биеэ сайхан авч явж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхад тарган хүн ховор байсан. Би ч тэдгээр хүмүүсээс үлгэр дуурайлал авдаг байлаа” хэмээн ярьж байв. Бүжгийн спортоор хэдэн ч настай хүн хичээллэх боломжтой. Урлагаар хичээллэхийн давуу тал их байдаг ажээ. Бүжиг хүнд эрүүл, залуу сэтгэлгээ өгөх тустай. Үүний нэг жишээ нь гэвэл Б.Булганбаярын ангийн уулзалт нь болоход багш нь түүнийг үеийнхнээсээ залуу харагдаж байна гэж урамшуулжээ. Багшийнх нь бахархаж хэлсэн энэ үг ангийнханд нь урлагаар хичээллэхийн давуу талыг ойлгоход нь тусалсан гэж байв.
Сүүлд нийтийн цэнгээнт бүжгийн төрөлд фокстрот нэг, хоёр гэж төрөл нэмэгджээ. Үүнийг Европт их бүжиглэдэг. Фокстрот гэдэг нь үнэгэн алхаа гэсэн утгатай. Үсрэх нь энэ бүжгийн онцлог , мөн өөр техникээр бүжиглэж болдог гэнэ. Нийтийн бүжиг найман тоотой байхаас гадна сурахад амархан, элемэнт нь хялбар байх хэрэгтэй гэдэг. Нийт гэдэг нь бүх нийтийг хамрах утгыг илтгэнэ. Харин уламжлалт нийтийн цэнгээнт бүжгээрээ залуус хичээллэх зохистой аж. Ингэхдээ хосоороо бүжиглэх боломжтой гэдгийг захив. Учир нь тогтоосон насны хязгаар байхгүй аж. Урлагаар явах нь хүнд ихийг сургадаг аж. Тухайлбал, нийгэмшиж, нээлттэй болж, бие зөв авч явах арга барилын эзэмшдэг. Эрүүл мэнд талаасаа хүмүүс нуруу нь өвдөөд эмнэлэгт хандахад эмч нар хөдөлгөөн хий Б.Булганбаяр багш дээр оч гэж зөвлөдөг гэнэ. Түүнийг зорьж ирдэг шавь нар 35-65 насныхан ажээ.
Зарим залуус аавтайгаа өвөө, эмээтэйгээ хамтарч бүжиг сурдаг тухай хуучилсан юм. Тэрбээр нийтийн цэнгээнт бүжгээр хичээллэж буй хүмүүс үндэсний уламжлалаа дэлгэрүүлж байгаа гэдгийг онцолж байв.Түүний үүсгэн байгуулсан бүжгийн төв өдгөө 13 жилтэйгээ золгож байгаа юм. Мөн “Эрхэмсэг”, “Эрхэмсэг элит” гэж хоёр хамтлаг үүсгэж, шавь нараа бэлджээ. Түүнээс бүжиг заах багшийн тухай асуухад “Зарим хүмүүс бүжиглэхдээ их уцаарладаг талтай. Би нийтийн цэнгээт бүжгээр хичээллэх гэж байгаа хүмүүсийг эхлээд сургалтад хамрагдсан байгаасай гэж боддог. Тиймээс багш их чухал. Аливаа зүйлд дамжлага, журам гэж бий” гэж байлаа.
Сүүлийн үед залуус орчин цагийн бүжгийг сонгож хичээллэх нь элбэг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө тогтсон нэг ойлголт нь нийтийн цэнгээнт бүжгийг настай хүмүүс бүжиглэдэг гэсэн хэвшмэл ойлголт. Харин Б.Булганбаярын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хүмүүс нийтийн цэнгээнт бүжгийг зөвөөр ойлгох болсон байна. 1970-1980 оны үед дунд сургуульд заавал сурах бүжиг гэж тогтоодог байжээ. Энэ үед бодлогоор хүүхдүүдийг бүжигт хамруулж, эрүүл мэндийг нь хамгаалж, урлагийн соёлыг түгээдэг байсан нь энэ. Үүнээс хойш хэсэг хугацаанд бүжгийн спортын хөгжил зогссон байна. Харин 2006 оноос эргээд сэргэж эхэлсэн гэж Б.Булганбаяр хэлж байсан юм.
“Дэлхийд танигдсан урлаг болоосой”
Б.Булганбаяр өөрийгөө энэ урлагт хэдийн тунхаглаад амжжээ. Нэг зүйлдээ тууштай явснаар ямар үр дүн ирдгийг түүний бахархам үйлсээс харж болох мэт. Б.Булганбаярыг залуу байхад н.Дамдин багш нь нийтийн цэнгээнт бүжгэнд орохыг зөвшөөрдөггүй байжээ. Эхлээд суртгалтад сууж, сурсныхаа дараа бүжиглэхийг зөвлөдөг байсан нь өнөөдрийн мэргэжлийн багш, бүжигчинг бэлдсэн гэлтэй. Багш хүн эхлээд сайн чадвартай болж, хөгжих эрмэлзэлтэй байх нь түүний зарчим. Мөн өөрийгөө ялах сэтгэл зүй чухал гэж байв. Зарим хүн шинэ жил болоход гурав хоног дутуу байхад турах зорилготой ирдэг гэнэ. Гэвч мэдээж шууд үр дүн гарахгүй. Нийтийн цэнгээнт бүжгийн цаашдын хөгжлийг нь хэрхэн хардаг тухай тодруулахад “Дэлхийд танигдсан урлаг болоосой. Яг “The Hu” хамтлаг шиг олонд танигдаасай” гэсэн юм. Б.Булганбаяр монгол бүжгийг өөрөө дэглэж, шавь нартаа заадаг гэнэ. Үүнээсээ их урам авч, бүжигчин болсондоо талархдаг гэсэн билээ.
Монгол бүжгийг үндсэн арга техникээс нь хөдөлгөхгүйгээр хөгжүүлж болно гэдгийг Б.Булганбаяр багш хэлэв. Тэрбээр “Жалам хар" бүжгийг тангоны аянд бүжиглэж болохгүй. Харин хөнгөн хэлбэрээр хүүхдэд зориулж дэглэвэл хөгжиж байна аа гэж ойлгох боломжтой. Харин нийтийн цэнгээнт бүжгийг байгууллага, оюутан сурагчид сурах хэрэгтэй. Тиймээс Нийтийн цэнгээнт бүжгийн нэгдсэн холбооноос дунд сургуулиудад нийтийн цэнгээнт бүжгийн багш бодлогоор бэлгэх ажлыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн” гэв. Нийтийн цэнгээнт бүжгийг сургуульд заахаа больсон учраас нийгэмд иэхвчлэн дунд болоод ахимаг насныхан сонирхох болжээ. Тиймээс төрөөс бодлогоор дэмжвэл уламжлалт урлаг болсон нийтийн цэнгээнт бүжиг хөгжинө гэдгийг тэрбээр хэлж байлаа. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг уралдаантай болох хэрэгтэй гэдгийг учирлаж байв. Нийтийн цэнгээнт бүжгийг сурахад хэцүү биш аж. Эхлээд уламжлалт бүжгээ сураад дараа нь гадны бүжгүүдийг сурвал зохистой гэнэ. Нийтийн цэнгээнт бүжгийг сурсан байхад бусад бүжиг сурах тийм ч хэцүү биш гэдгийг Б.Булганбаяр багш онцоллоо. Магадгүй монголчууд авьяастай гэдэг нь энэ биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 241 (7226)