Т.САЙХАН

Нийслэлийн Улаанбатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны V дугаар хуралдаан Төрийн ордонд /12.01/ болж байна.  Нийтийн тээврийн салбарыг шинэчлэх түүнтэй холбоотой  авах арга хэмжээний үндсэн илтгэлийг Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Тамир танилцууллаа.  Түүний илтгэлээс онцлон хүргэж байна. 

-Манай үндэсний хороо нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг хэрхэн өөрчлөх, хэрхэн бэлдэх, нийтийн тээврийн үнэ тарифыг иргэдэд аль болох хялбар байдлаар шийдэх тухай судалгааг хийлээ. 

- Бид 2025 он гэхэд 200 мянган иргэнийг хувийн автомашинаас нийтийн тээвэр рүү шилжүүлэх боломжтой гэж харж байна.  Олон улсад хэрэгждэг  "3Е"-гийн зарчмаар энэ боломжийг тооцоолсон. 

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 8-9 км цаг байна. 2024 онд үүнийг 30-35 км цаг.  Цаашдаа 50-60 км цагт хүргэх боломжтой гэж тооцож байна.  

-Нийтийн тээврийн сүлжээнд иргэд маань хотын нэг захаас нөгөө зах хүртэл ямар нэгэн дамжин суулт хийхгүйгээр нэг автобусаар гарч байна.  Мөн гол гудамж зам руу төвлөрсөн төвлөрлийг үүсгэдэг ийм нөхцөл байдалтай байна.  Тухайлбал, Хархорин захын арын буудал дээр гэхэд 28 чиглэлийн автобус давхцал үүсгэн зогсдог.  Мөн хуучин Петербургийн буудал дээр 22 чиглэлийн автобус зогсож байна.  Үүнээс үүдэн иргэд яг өөрийн суух автобусандаа суухаас биш дамжин суух гэсэн ойлголтгүй байна. 

-Бид эхний ээлжинд богино хугацаандаа Улаанбаатар хотын таван гол магистрал зам дээр нийтийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх байдлаар автобусыг өглөө оройны ачаалал өндөр цагт нь 1.3 минутын интервалтайгаар хөдөлгөөнд оролцуулна. 

-Үүний дараа зургаан тойргийн 12 чиглэлд 98 автобусыг 2.5-5 минутын интервалтайгаар зорчуулна.  Тухайн тойрогт автобуснууд өөдөөсөө зөрж зорчих юм.

Эх сурвалж:www.polit.mn