С.САРУУЛ

Монгол Улсад тулгамдаад буй авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх үүднээс Засгийн газар авлигын дагнасан шүүх байгуулах асуудлыг оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн олонх нь дэмжсэн байр суурь илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын чиг үүрэг. Хөгжлийн банк болон нүүрсний тодотголтой хэргүүд дээр шүгэл үлээж олны анхааралд оруулсан. Хууль хяналтын байгууллагууд ажилласан. Асар их хөрөнгө хүч зарцууллаа. Яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлсэн. Гагцхүү шүүх дээр ирээд таг гацаж байна. Асар их цаг хугацаа хожиж, хөөн хэлэлцэх хугацаа дуусах, ял завшихыг хүлээж байна. Аргаа барахдаа Засгийн газар авлигын дагнасан шүүх байгуулахаар оруулж ирлээ. Тиймээс манай улсыг муухай харагдуулж, хөгжлөөс хойш татаж байгаа. Ард иргэд, хүүхэд залуучуудын ирээдүйн боломжийг хулгайлж байгаа авлигын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж энд сууж байгаа 76 гишүүн тангараг өргөсөн. Нийгэмд шударга ёсыг тогтоохоор тангараг өргөсөн гэж ойлгож байгаа. Би ч ийм хүсэл эрмэлзлэлтэй орж ирсэн. Ямар ч аргаар хамаагүй авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд хөл, гараа нийлүүлээд дэмжинэ. Иргэдийн дунд хүлээлт байна. Итгэл алдарч байна. Хоосон ярьсан парламент, Засгийн газар болж хувираад байна. Үр дүн гарч, хариуцлага нэхэхгүй байна гэж ярьж байна. Тиймээс авлигын тэмцлийг шинэ шатанд гаргаж нийгэмд шударга ёс тогтоохын тулд Авлигын шүүх байгуулахыг хоёр гараа өргөөд дэмжихэд бэлэн байна. Хэлэлцэх эсэх дээр шүүхийнхний саналыг сонссон. Ямар нэг хууль журамд харшлах зүйл байхгүй гэж хэлсэн. Үнэхээр байгуулж чадвал авлигатай тэмцэхэд бодит үр дүн гарна гэж үзэж байгаа. Тиймээс авлигын шүүх байгуулах асуудлыг бушуухан Засгийн газарт нь хариуцуулах хэрэгтэй. Нэг хэсэг нь өөрсдийгөө өмгөөлнө. Би авлига авсан гэж хэлэх хүн байхгүй. Тиймээс энэ асуудлыг бүдгэрүүлэхийн тулд хүн хэлмэгдүүлэх гэж байна гэж мушгиж болохгүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn