Б.НЯМСҮРЭН

“Утаа шахмал түлшний гарц шийдэл” сэдвээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах талаар Хүнд аж үйлдвэрийн үндэсний зөвлөлөөс “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Хүнд аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ц.Бээжин “Нийслэлчүүд сүүлийн таван жилийн хугацаанд шахмал түлшийг түлж байна. Хүмүүс эхний хоёр жил хүлээцтэй хандсан. Алдаагаа давтахгүй, засаж сайжруулах, хотын утаа багасна гэж иргэд итгэж байлаа.  Олон нийтийн санал, иргэдийн цахим сүлжээнд илэрхийлж байгаа сэтгэгдлээс харахад сүүлийн жилүүдэд утаа ихэссэн. Мөн хоруу чанар нь улам нэмэгдэж, толгой өвдөж байгааг хэлж байгаа. Энэ агаараар амьсгалж байгаа 1500 иргэн зовлон бэрхшээлээ нийгмийн сүлжээнд илэрхийлсээр. Олон хүн үүнийг хэлж байгаа учраас анхаарах хэрэгтэй. Улсын их хурлын чуулганы үед 4248 хүн угаартсан гэж холбогдох албанаас хэлж байсан. Он гараад 50 гаруй хүн угаарын хордлогын оношоор амь эрсдэсний 17 нь бага насны хүүхэд байсан тухай мэдээлэл бий. Хэрэв энэ үнэн бол эмгэнэлтэй. Энэ асуудалд төр, нийслэлийн удирдлага дуугарч арга хэмжээ авахгүй байна. Тус төслийг санаачилсан Тавантолгой түлш компаний удирдлагаас хариуцлага нэхэх ёстой. Шахмал түлш гэж шаардлага хангахгүй зүйл үйлдвэрлэж байна. Иргэдийг амьдрах орчноо сонгоод амьдар гэсэн бол утаагүй байх боломж байсан. Үйлдвэрийн удирдлагууд хоцрогдсон зүйл хийж байхаар гэр хорооллыг айл өрхдөө утаа гаргадаггүй, технологийн шийдэл хэрэгжүүлсэн бол тустай байлаа. Тиймээс манай зөвлөлөөс энэ сарын 5-наас ирэх тавдугаар сарын 5 хүртэл долоо хоног бүрийн бямба гарагт хэлэлцүүлэг хийнэ. Тус цуврал хэлэлцүүлгийг дэмжихийг хүсэж байна. Мөн мөнгөн хандив 5023556668 гэсэн дансаар хандивт нэгдэхийг хүсье” гэсэн юм.

Энэ үеэр судлаач  Я.Батхүү “Нүүрсний асуудал сөхөгдөөд таван жил болж байна. Үүнээс өмнө энэ асуудал байсан. Үүнд төр засаг зуух, шахмал түлш гэж ярьж байлаа. Миний харж байгаагаар утаа гэдэг бол  улс төрчдийн бизнес болжээ. Мөнгөтэй компаниуд зуух хийж, бизнес хийсээр. Ард түмний тархийг угааж, татварын мөнгийг үнэгүйдүүлж байгаа. Үүнийг ард түмэн мэдэх хэрэгтэй. Хорт хавдраар өнөөдөр дэлхийд тэргүүлж байна. Эрүүл мэндийн мэдээллийг уншиж байхад утаа нь эд эрхтэн хордуулдаг, нөхөн үржихүйн эрхтэнд сөрөг нөлөөтэй.Тиймээс үр удмаа үлдээх боломжгүй болж байгаа юм. Мөн тархи мэдрэлийн системд нөлөөлж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn