Т.САЙХАН

Ногоон автобусны гэх хэрэгт хуулийн байгууллагууд нэгдэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.  Өнгөрсөн хугацаанд  141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийжээ.

Мөн хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан байна. Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаж, үргэлжлүүлэх хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Сайханбаярыг үргэлжлүүлэн хорьж, шалгаж байгаа аж.

Хэрэгт одоо 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэн яллагдагчаар татагдсан байна.

Эх сурвалж:www.polit.mn