Р.ОЮУН

 

"Google" компанийн Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд АНУ-д хийсэн айлчлалын мөрөөр дэлхийн технологийн салбарыг тэргүүлэгч тус компани Монгол Улсын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, Монгол Улсын цахим шилжилт, боловсрол, залуусын хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Google, ЦХХXЯ, БУШЯ хамтран “Mongolia x Google Partnership Launch” арга хэмжээг зохион байгууллаа. “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт “Мэдээлэл технологийн судалгаа, шинжилгээг өргөжүүлж, мэдлэгт суурилсан инновацын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлнэ”, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогод “Шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, блокчейн, хиймэл оюун ухааны ололтыг нэвтрүүлж, цахим эдийн засгийн чиг хандлагад нийцсэн аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд олон улсын технологийн тэргүүлэх ноу-хауг Монголд нутагшуулах шат дараатай ажил энэ хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих юм. "Google" компанийн зүгээс Монгол Улсын эрч хүчтэй залуу хүн ам, эрчимтэй хэрэгжиж буй цахим шилжилтийг өндрөөр үнэлж, бүс нутагтаа цахим шилжилтээрээ түүчээлж, Цахим үндэстэн болох их үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой түншлэлийн хүрээнд Монгол Улсын Android хөгжүүлэгч нарт Playstore-оор дамжуулан төлбөр авах, контент хөгжүүлэгч нар Youtube-ээс орлогын эх үүсвэртэй болох боломжийг нээхээр ажиллаж буй. Үүнээс гадна цахим хөгжлийг шат ахиулахад шаардлагатай чадавхжуулах хөтөлбөр, материаллаг баазаар хангахаа энэ үеэр зарлалаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Цахим үндэстэнг цогцлоох түншлэл" илтгэл тавилаа. 

Түүнчлэн хүүхэд хамгааллын чиглэлээр Family link системийн Монгол хувилбарыг хөгжүүлж, дөнгөж хэрэглэгчдийн гар дээр нэвтрүүлээд буй.

 Цаашид БШУЯ-тай хамтран ЕБС-ийн багш нарыг 20 мянган ширхэг зөөврийн компьютероор хангаж, Боловсролын ерөнхий газар, Teach for Mongolia НҮТББ-тай хамтран Google Certified Educator хөтөлбөрийн дагуу 10 мянган багшид цахим ур чадвар эзэмшүүлэх сургалтыг цахим, танхим хосолсон сургалтаар хэрэгжүүлэх төдийгүй ЦХХХЯ-тай хамтран их өгөгдөл шинжилгээ, төслийн менежмент, цахим аюулгүй байдал, UX дизайн, цахим худалдаа, маркетинг, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадварыг олгох цахим, танхим хосолсон Google Career Certificate хөтөлбөрт 1,500 залуусыг хамруулахаар төлөвлөж, Google Cloud, Google for Startups хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нээхээр ажиллаж байна.

Эх сурвалж www.polit.mn