Ц.МЯГМАРБАЯР

 

Татварын ерөнхий газраас ирэх оноос хэрэгжиж эхлэх ХХОАТ-ын өөрчлөлтийг хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөлд танилцуулах “Нэг хувийн татвар” сургалт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Нийслэл, дүүргийн хувиараа бизнес эрхлэгч иргэдийн төлөөллийг оролцсон уг сургалтад ТЕГ-ын дарга Б.Заяабал Татварын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хийсэн  шинэчлэлээ тайлбарлалаа.

ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны орлоготой хувиараа бизнес эрхлэгч болон  иргэд и-баримтаа бүртгүүлж олсон орлогоосоо нэг хувийн татвар төлөх хуулийн зохицуулалт 2024 оны  нэгдүгээр сарын 1-нээс  мөрдөгдөнө. Ингэхдээ иргэд харьяа дүүргийнхээ татварын газарт хүсэлтээ гаргах юм байна.

Тэрбээр "ХХОАТ-ыг зургаан үндсэн орлогоор тооцоолдог. Үүний нэг нь үйл ажиллагааны орлого буюу зах худалдааны төвүүд дээр бараа бүтээгдэхүүн зарж буй хүмүүс юм. Тэгэхээр 2024 оноос эхэлж үйл ажиллагааны орлоготой иргэдээс ХХОАТ-ыг нэг хувиар тооцож авах хуулийн төсөл батлагдсан. Тус хууль нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Ерөнхийдөө үйл ажиллагааны орлоготой буюу хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг. Ингэснээр зах худалдааны төв болон малчид НӨАТ-ын олгохгүй байна гэсэн асуудал буурна.

Татварын ерөнхий газрын бааз мэдээлэлд 16 наснаас дээш 2.5 сая орчим иргэнийг татвар төлөгчөөр автоматаар бүртгэсэн. Үүнээс идэвхтэй бизнесийн харилцаанд орж явдаг 1.7 сая иргэн байдаг. Түүний 1.1 сая нь ажил олгогчоосоо цалин авдаг. Харин бизнесийн харилцаанд ордог 240 мянга орчим малчин иргэнтэй. Үлдсэн нь хувиараа бизнес эрхэлдэг буюу зах худалдааны төвд лангуу түрээсэлдэг гэсэн үг.

Өмнө нь үйл ажиллагааны орлоготой иргэдээс албан татварыг 10 хувиар тооцож авдаг байсан. Тэгэхээр олсон орлогоосоо зарлагаа хасаад үлдэж буй дүнгээсээ 10 хувийг төлдөг харилцаатай байсан.

Одоо бол хувиараа бизнес эрхлэгч үйл ажиллагааны орлоготой иргэд зайлшгүй зардлын баримт бүрдүүлэх шаардлагагүй. И-баримт дээрээ олгосон нийт бараа бүтээгдэхүүнийхээ орлогынхоо дүнгээс нэг хувийг төлөх боломжтой болж байгаа юм.

Мөн хуучин хуулийн үйлчлэл хэвээрээ. Өөрөөр хэлбэл, орлогоосоо зардлаа хасаад үлдэж буй дүнгээсээ 10 хувийн албан татвар төлөөд явах  гэдгийг сонгож болно.

2019 оны татварын тухай хуулийн багц шинэчлэлээр 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой иргэд нэг хувийн хялбаршуулсан журмаар татвараа төлж болдог. Ингэснээр 2020 онд 8000 гаруй иргэн хялбаршуулсан журмаар татварын тайлангаа гаргаж өгсөн. Харин 2022 онд 80000 орчим иргэн хялбаршуулсан журмаар татварын тайлангаа гаргасан" хэмээн ярилаа.

 

Эрсдэлийн үнэлгээ бүрэн цахимжсан

 

Эрсдэлийн үнэлгээг татвар төлөгчид мэдээлж, алдаж байгаа хэсгээ засварласнаар татварын хяналт шалгалтад орохгүй байх боломжтой болсон нь төрийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгах зорилтын хүрээнд хийсэн томоохон шинэчлэл гэв. Монголын татварын албаны зорилго нь татвар төлөгчид сайн дураар хуулиа даган мөрдөж татварын скорингийн "А" үнэлгээтэй болгох бөгөөд ингэж чадвал татварын хууль тэгш хэрэгжиж, нийгэмд шударга ёс тогтох хөрс болно гэв. Иймд иргэд, татвар төлөгчдийг цахим системтэйгээ харилцах чадварт суралцаад татварт таньдаг хүн хайх хэрэггүй хэмээн ТЕГ-ын дарга энэ үеэр уриаллаа.

Сургалтад ирсэн татвар төлөгчид татварын албатай нягт хамтран ажиллаж, харилцан ойлголцож явах, сургалт мэдээллээ тогтмолжуулах зэрэг хүсэлтүүдийг хэлж байлаа. ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг сурталчлан таниулах, хуулийн дагуу үүсэж байгаа эрхээ эдлэх, үүргээ гүйцэтгэж эрсдэлд орохгүй байх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн татварын албад сургалт мэдээллийг тогтмол өгөхөөр боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)