Б.АЛТАНГЭРЭЛ

Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Цензургүй баг”-ийн сэтгүүлч Ж.Баттуулыг хуулийн байгууллагад өгсөн асуудлаар сэтгүүлч Ж.Баттуул тайлбар мэдээлэл хийлээ.

"Цензүргүй" нэвтрүүлгийн сэтгүүлч Ж.Баттуулыг Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цагдаагийн байгууллагад өгч шалгуулж эхэлсэн. Учир нь сэтгүүлч сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан "Монголын газар нутгийг гадаад иргэдэд 100 жилээр өгөх" зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсныг шүүмжилж, нэвтрүүлэг хийсэнд Ч.Хүрэлбаатар ийнхүү хуулийн байгууллагад ханджээ.

Сэтгүүлч Ж.Баттуул хэлэхдээ "Сайд гомдол гаргах эрхтэй, тэр асуудал биш. Хамгийн гол нь ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар уг хуулийн төслөө баяр наадмын үеэр буюу олны анхаарал, хяналт суларсан үед УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэг зөрчин оруулж ирсэн. Азаар, олон нийт мэдэж, шүүмжилсэн учир асуудал хойшлоод байгаа. Ч.Хүрэлбаатар сайдын ард түмэн, эх орныхоо эсрэг санаачилсан хуулийн төслийг УИХ-ын гишүүд эсэргүүцэхгүй байгаа нь хамгийн харамсалтай. Парламентын олонх болсон МАН-ын гишүүд Ч.Хүрэлбаатар сайдаас айж байна. Хамгийн их эрх мэдэлтэй хүн Ч.Хүрэлбаатар болоод байна. Түүний өөдөөс хэн ч юу ч хэлж чаддаггүй, үгээр нь байж тойрогтоо хэдэн төгрөг тавиулахыг боддог. Тийм учраас эх орныхоо эсрэг хуулийн төсөл санаачилсан Ч.Хүрэлбаатарын үйлдлийг эсэргүүцэж чадахгүй байна. Ч.Хүрэлбаатар өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, сайдаар таван удаа ажилласан байна. Гэвч түүний ажилласан цаг хугацаанд монголчууд улам ядуурч, туйлдлаа. Ч.Хүрэлбаатар өөрийгөө дараагийн Ерөнхий сайд болно гэж пи-ар хийдэг хүн. Улсаа заръя гэдэг сайдтай байж болох уу?. 

Эх сурвалж: www.zms.mn