Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Би номынхоо тухай” буланд Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Данзангийн Нямааг урьж шинээр мэндлээд удаагүй байгаа “Чандмань аялгуу” номынх нь тухай ярилцлаа. Тэрбээр сонсогчдын сайн мэдэх “Амьдрал, аа би чамд хайртай”, “Камертон” хамтлагийн нэрийн хуудас болсон “18 нас“, “Нутгийн минь сураг”, “Налгар намрын уянга”, “Нэгэн насны хайр”,“Чамайгаа хайрандаа..” зэрэг олон дууг “амьдруулсан” билээ.

 

Номондоо 10 жилийн хугацаанд бичсэн шүлгээсээ дээжилсэн

 

-Номын түүхээ ярихын тулд “Улирал ба Зохиолч” уран зохиолын  отгон сэтгүүлийн тухай ярих хэрэгтэй болно. Яагаад вэ гэж үү.  Учир нь энэхүү сэтгүүлийг гаргаад10 жил болж байна. Харин “Чандмань аялгуу” ном минь өмнө нь гарсан “Зүрхэн тольтын цаглабар буюу “Хайрын шүлгүүд” номноос хойш яг 10 жил  болоод гарч байгаа юм. Тэгэхээр он нь давхцаж байгаа биз. Би уг нь энэ 10 жилд  аян замын тэмдэглэлийн “Хол Ойр”, хоёр бэсрэг туужаас бүрдсэн  “Нүүдэлчний тууж”,  эсээ, нийтлэлийн  “Хөх бүрдийн нууранд мөнх тэнгэр тольдоно буюу Нутгийн дуун”,  мөн радио сэтгүүл зүйн төрлөөр бэлтгэсэн  “Хүн гараг тэргүүт Арааваж цадигс” болон  орчуулгын хоёр ч ном гаргасан  байдаг юм. Гэхдээ л уран зохиолын сэтгүүл болон дээрх номуудын ажилдаа сэтгэл ханачихсан байж. Эдгээр дотор нэг ч шүлгийн ном байхгүй. Тиймээс 10 жил бичсэн шүлгээ бүртгэлээ, шилж сонголоо. Тэгээд л  “Чандмань аялгуу” шүлгийн номоо энэ онд гаргасан юм. Бас энэхүү номтойгоо зэрэг “ Хайр гэрэлтэнэ” шүлгийн дөрөв дэх номоо эх барьж авлаа.

 

“Бүтээлийн нэрэнд аяс зохиомж, сүсэг тарни оршсон байх ёстой”

 

-Би залуу байхын л номынхоо нэрэнд дотоод хөг эгшиг, аяс зохиомж, сүсэг тарни оршсон байх ёстой гэж боддог байж. Тиймээс нэрээ их шүншиглэнэ. Энэ бодлоороо “Чандмань аялгуу” гэж нэрлэсэн. 10 жилийн хугацаанд олон шүлэг бичнэ шүү дээ. Түүнээсээ шилж түүвэрлэсэн, дээр нэрлэсэнчлэн  утга уянгын  болон байгалийн уянга, аян замын шүлгүүд багтсан. Миний ном  гурван бүлэгтэй. Эхний бүлэг нь “Бошго тэнгэрийн зарлиг” хэмээх утга уянгын шүлгүүд”, хоёр дахь бүлэг нь “Намрын аглагт хээр тал бодлогошорно” хэмээх байгалийн шүлгүүд”, гурав дахь бүлэг нь “Дэвтэр доторхи газар нутаг” хэмээх аян замын шүлгүүд. Би бичсэн ном бүхнээ  хоорондоо огт  адилгүй байгаасай гэж хүсдэг. Өмнөх шүлгийн номнуудаас минь “Чандмань аялгуу” ном ялгарна. Хэдийгээр ямар ч шүлэг минь Данзангийн Нямаа гэсэн тамгатай ч уран санаа, бадаглал зүй, эгшиглэнт ай  зэрэг нь тэс өөр болсон. Тэр тусмаа сүүлийн үед байгалийн уянгын шүлгүүд эрс ховордсон.  Би тэр орон зайн цэцэрлэгт хүрээлэнд өөрийн жимст бутыг суулгасан гэж бодож байна. Энэхүү  хүрээлэн өнгө тод бут сөөг, ургамал модоор улам баялаг болоосой. Уншигчид минь утга уянгаар сэрж, байгалийн уянгаар хөглөгдөж, аян замын олз омгоос минь хуваалцан ариусч гэгээрээсэй гэж хүсэж байна. Шүлгийн ном уншихын давуу тал гэж бий. Өөрийгөө дотроосоо таньж мэдэх, сэтгэлийн хөгжмөө сонсох, ариусан тунгалагших, орчлонг эргэцүүлэх хугацааг өөртөө олгох гэрэлт хором юм шүү дээ. Өөр рүүгээ нэвтрэх арга замыг шүлгийн номноос л олно. Нэвтэрч чадсан хүн энэ хорвоог бүхэлд нь таньж  чадна. Энэ бол яруу найргийн увидас юм.

Утгын уянгын шүлгүүдээ нэг богино шүлэг, байгалын уянгын шүлгүүдээсээ нэг богино шүлэг, аян замын шүлгүүдээсээ нэг богино шүлэг уншигчдад илгээж чандмань эрдэнийн ерөөл дэвшүүлье.

...

Нас болгон өөрийн үзэсгэлэнтэй

Намар болоод хаврын баясгалантай

Усны ар салхин аясаар бидэртэй

Уйлсны минь ор зүрхэн аглагт өдөртэй

 

Цасан хэмдэс адилгүй хээ үлгэрэлтэй

Сац бас цэцэгсийн анхил ч ялгаралтай

Алган хээ давтагдашгүй гүн зурлагатай

Аз жаргалын дуу ч гунигийн зөрлөгтэй

 

Цэнгэлт өдрүүд зулран одох мөчлөгтэй

Цээжин гүнд хагацал учралын бичлэгтэй

Өвлийн ай, зуны уй аль нь ч эгшигтэй

Үхэтлээ амьдрах минь дурсамжийг шигшигтэй

                                                                    2022. 10. 10.

 

...

Хасын туяат саран цэнхэртэн гийж

Цасны мананд гэрэлт толгод  живжээ

Хээр талд  адуу тургилах  чимээлж

Тээр алсад дөрөө харших сонсогдоно

 

Талын харгана бүүдэн сүүдэн тодорч

Тамхины гал энүүхэнд улалзаж үзэгдэнэ

Сэвшээлсэн урины бүрэнхийд гэгээ татуулж

Эвшээсэн морины бүрэн шүд цайвалзана

 

Үүрийн цолмон бүдэгхэн үзэгдэх төдий ч

Өндөр тэнгэртээ наран цацрах өдий ч

Гималай дээгүүр жигүүр дэвж ирэх-

Галуудыг тосонхон хоёр морьтон галигуулна

  2022.12. 28.

    ...

             Баруй, бүрий үдшийн  уулзварт 

                 Балатон нуурын уудмаар зорчмуй

                 Ирэлж татсан мандлын нь толионд

                 Ичингүйрсэн саран зүсээ гоодмуй

                

                 Хөлөг онгоцны индүү хитэгт

                 Хөхөлбий усан даавуу шиг урагдмуй

                 Эвхэрч хөөцөлдөх цагаан давалгаа

                 Эсгэгдсэн ормыг зуурхан  хөвөрдмүй

 

                  Тэртээх эргийн тосгодын гэрэл

                  Тэнгисийн  мандалд сүлрэн тунармуй

                  Усны аниртай  далайн бүгчимд

                  Цасны үнэртэй талаан санамуй

 

                                                            2009. 1О. О1. Балатон нуур.

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7223)