Насантуяагийн ЖАРГАЛМАА
Одоогоор Монгол Улсад 12 мянган харааны бэрхшээлтэй хүмүүс амьдардаг. Тэд өдөр тутмын амьдралдаа олон саад бэрхшээлийг даван туулах шаардлага тулгарсаар байна. Тэдгээр асуудлын өмнө бүдрэлгүйгээр хэн нэгний тусламжийг харж суух биш өөрийн амьдралаа бүтээж яваа залуус олон бий. Тэдний нэг нь “Talk talk English” сургалтын төвийн багш А.Лхамсүрэн билээ. Тэрбээр өөрийн харааны бэрхшээлийг асуудал хэмээн үзэж, сурч хөгжихөөс хойш суулгүйгээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө олон улсын “MIU” их сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгсжээ. Тэрбээр суралтыг төвийг нь зорьж ирсэн сурагчдадаа хичээнгүйлэн англи хэл зааж байна.
-Таны мэдээллийг сургалтын төвийн цахим хуудаснаас анх харсан. Хэзээнээс англи хэлний багшаар ажиллаж байгаа вэ?
-Миний хувьд харааны бэрхшээлтэй. Одоогоор “Talk talk English” сургалтын төвийн үндсэн багшаар ажиллаж байна. Анх оюутан байхдаа буюу дөрөвдүгээр дамжаанд орохдоо сургалтын төвөөс маань дадлагажигч багш авах зар гаргасныг мэдсэн. Миний хувьд энэ боломжийг алдаж болохгүй мэт санагдаж байсан. Учир нь тусгай хэрэгцээт хүмүүсийн хувьд ажлын байр тэр болгон нээлттэй байдаггүй. Бид маш их эрэл хайгуул хийж, тууштай ажлын байр хайх хэрэгтэй болдог. Сургалтын төвийн хувьд би дунд сургуулийн ахлах ангид суралцах үедээ сургалтад хамрагдаж байсан юм. Тухайн үед Ази-Номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дунд зохиогддог олон улсын тэмцээн оролцож, Филиппин улсын зорих болсон учраас надад хэлний мэдлэг нэн шаардлагатай болсон. Тиймээс тухайн үед манай сургалтын төв тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан хөтөлбөр бүрдээгүй байхад золиос гаргаад сурсан. Тиймээс манай сургалтын төвийнхөн намайг мэддэг учраас дадлагажигч багшаар авах байх гэж дотроо найдаж байсан. Ингээд зарын дагуу захирал руу цахим шуудан бичсэн юм. Өөрийгөө танилцуулаад надад ийм асуудал бий. Гэхдээ би танайд ажилд ормоор байна гээд хүсэлтээ явуулсан. Манайх монгол, англи хоёр захиралтай. Захирлуудтайгаа уулзалт хийхэд тэд хамтраад ажиллая гэж маш найрсагаар хүлээж авсан. Тэр мөч миний өнөөдрийн амьдралыг бүрэн өөрчилсөн. Надад өдөр бүр нийтийн тээврээр зорчихоос эхлээд тулгардаг олон асуудлуудыг даван гарах хүчийг өгсөн гэж хэлж болно.
-Таны ярианаас ажилдаа талархууштай сэтгэл хангалуун байдаг нь харагдаж байна. Гэхдээ зайлшгүй асуух асуулт байгаа юм. Анх ажлын байранд гарахад тулгарч байсан бэрхшээлийн талаар ярьж өгөөч. Сурагчид хэрхэн хүлээж авсан бэ?
-Түрүүн хэлсэнчлэн манай төвд тусгай хэрэгцээт харааны бэрхшээлтэй хүнд зориулсан сургалтын хөтөлбөр байдаггүй байсан. Харин надтай хамтран ажиллах шийдвэр гаргасны дараагаар компьютерийн дэлгэц уншдаг программ ашиглаж сурсан. Энэ нь би хэдий харахгүй ч технологийн тусламжтай ирсэн цахим шуудан, файлуудыг унших боломж бүрдсэн юм. Мөн манай гэр ажлаас их зайтай. Тиймээс ирж очих унааны асуудал гардаг. Ялангуяа өвлийн улиралд халтиргаа гулгаанаас эхлээд олон асуудал бий. Харин үүнийг манай хамт олон ухаалгаар шийдэж чадсан. Зарим орой унаагаар хүргэж өгөх зэрэг тусламж үзүүлдэг. Мөн хэдийгээр би дэлгэц уншдаг программ ашиглаж байгаа ч сурагчдын шалгалтын материалыг завсарлах зэрэг уламжлалт арга барил шаардлагатай хэвээр. Энэ бүхэнд хамтран ажилладаг багш нараасаа туслалцаа авдаг. Энэ бол миний хувьд бие даан шийдвэрлэх боломжгүй асуудал болж байгаа юм. Харин багш нар маань огт төвөгшөөлгүй тусалдаг. Үүнд мэдээж байгууллагын зүгээс нэмэлт цагийн цалин тооцох зэрэг зохицуулалтуудыг хийсэн. Мэдээж тусгай хэрэгцээт хүмүүс бидний хувьд энгийн хүнтэй харьцуулахад арай илүү хэрэгцээ шаардлагууд бий. Харин зарим ажил олгогчид энэ байдлыг дарамт гэж хардаг юм шиг санагддаг. Одоо миний ажиллаж байгаа байгууллага шиг эдгээр асуудалд багахан зохицуулалт хийхэд л шийдэгдэж болно шүү дээ. Ингээд ажиллах орчин нөхцлийг маань бүрдүүлээд өгсний дараагаар бас нэг тулгарах асуудал бол сурагчид. Харааны бэрхшээлтэй багшийн ангид орохгүй гээд ангиа солих тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ багш мэргэжлийг эзэмшээд нэгэнт ажлын байранд гарсан хүний хувьд энэ бол тухайн хүний сонголтын асуудал учраас хүндэтгэлтэй ханддаг. Харин намайг сонгоод сургалтыг бүх түвшин хүртэл хамтдаа хичээллэдэг суралцагчиддаа өөрийн чадах бүхий л мэдлэгээрээ зааж зөвлөхийг хичээдэг. Англи хэл бол дэлхий нийтийн хэл болсон. Нэгэнт нийтийн хэл болчихсон энэ хэлийг бид сурахгүй бол дэлхийн хөгжлөөс хоцорно. Надад ч анх ийм л шаардлага тулгарсан учраас хичээнгүйлэн суралцсан. Чин сэтгэлээсээ зорьж байгаа зүйлдээ хүрэхэд харааны бэрхшээлтэй байх, зав гардаггүй зэрэг нь ердөө л шалтаг. Фитнесст бүртгүүлээд нэг ч өдөр очиж хөлсөө гаргаж дасгал хийхгүй бол таны биед өөрчлөлт орохгүй шиг англи хэл ч гэсэн тийм. Би суралцагчидтай нээлттэй ярилцахыг хичээдэг. Асуудал байвал надад хэлээрэй, хичээлээ зааж буй арга барил дээр сайжруулах зүйл байвал нээлттэй шүү гээд ангийнхантайгаа нээлттэй байдаг юм.
-Олон улсын тэмцээнд оролцсон гэж байсан. Ямар тэмцээн байсан бэ. Ер нь таны хандлага их эерэг юм. Магадгүй сөрөг сэтгэл хөдлөлүүдээ хэрхэн илэрхийлж байна?
-Хараагүйчүүдийн холбооноос хамруулдаг тэмцээнд оролцож байсан. Миний оролцож байх үед харааны бэрхшээлтэй залуучуудын дунд компьютерын программ ашиглах уралдаан болж байлаа. Олон улс орны өөртэйгөө ижил асуудалтай хүмүүстэй танилцах мэдээж сайхан байсан. Хүн л юм чинь бухимдана, шанална. Тэр болгонд би сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс огт эмээж байгаагүй. Уйлмаар үедээ гудамжинд явж байсан ч хамаагүй уйлж л орхидог. Ингэснээрээ тухайн асуудлыг хүлээн зөвшөөрч чадна. Үнэхээр надад тулгарч байгаа асуудал миний мэдрэмж гэж хүлээж авсны дараа түүнийг даван туулах хүчтэй болдог. Харин бухимдал төрүүлж байгаа бүхэн минь зөвхөн надад л тохиолдоод, хорвоо дээр би ганцаараа, миний л амьдрал хэцүү байгаа биш. Хүн бүр асуудалтай. Үүнийг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй санагддаг юм. Хэцүү байгаа асуудлаа харах биш, би юу хийж чадах вэ надад ямар боломж байна вэ гэдгээ л илүү анхаардаг. Магадгүй би ийм сэтгэхүйтэй биш байсан бол өнөөдөр энэ ажлыг хийж байх эсэх нь тодорхойгүй шүү дээ. Анх захирлуудтайгаа уулзалт хийж байхдаа ч би чадна гэдгээ хэлээд тулгарах асуудлууд дээр хамтдаа шийдэл хайж чадсан юм.
-Өөрийн хүссэн мэргэжлээрээ ажиллаж байгаад тань баяр хүргэмээр байна. Та өөртэйгөө ижил тусгай хэрэгцээт хүмүүст зориулаад хийх юмсан гэж бодож явдаг ажил байдаг уу?
-Мэдээж нийгмээ сайхан болгож, хүн бүрт ээлтэй хот болгохсон гэсэн хүсэл бий. Гэвч үүнийг би ганцаараа хийж чадах өөрчлөлт биш юм. Харин манай сургалтын төвөөс тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сургууль болох 116 дугаар сургуультай хамтраад нийгмийн хариуцлагын хүрээнд тэдгээр хүүхдүүдэд англи хэлний хичээл ордог. Одоогоор ахлах болон дунд ангийн хоёр анги хичээллэж байгаа.Дунд сургууль учраас амралтын өдрүүдээр хичээллэдэг. Тэдний ирж, очиход сургалтын төвөөс унаа гаргах багш, нийгмийн ажилтнууд хариуцан явах зэрэг зохицуулалтыг хийдэг. Мөн хараагүйчүүдийн төвд насанд хүрэгчдэд зориулсан оройн ангийг нээсэн. Энэ сургалт маань яг төв дээр зарим иргэд тэндээ байрлан ажиллаж амьдардгаас үүдэлтэйгээр ийм шийдэл гаргасан. Харааны бэрхшээлтэй байх нь сурч боловсорч чадахгүй гэсэн үг биш юм. Үүнийг би өөрөө баталж, заримдаа хүүхдүүдэд урам өгөх үе бий.Энэ бол нийгмийн хувьд харвал ердөө л нэг жижигхэн хэсэг. Гэхдээ хэлний чадварыг эзэмших нь тэдгээр хүүхэд болоод, хүмүүсийн амьдралд нэг ч гэсэн боломжийг бий болгож, ажлын байрны нэг ч гэсэн хаалгыг нээж өгөөсэй хэмээн хүсдэг юм. Ийм нийгэмд тусгай сайн үйлс хийж байгаад сургалтын төвийн удирдлагууд хамт олондоо ихэд талархаж явдагаа илэрхийлье.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7223)