Батчулууны АЛТАНГЭРЭЛ
Өнөөгийн монголчуудын амьдарч буй нийгэм, ажил, амьдралын хэв маягаас харахад эрүүл хөрсөнд ургасан, баталгаат хүнс хэрэглэх хэрэгцээ нэн түрүүний асуудал болж байна. Гэтэл утаанаас хэд дахин аюултай, нүдэнд үл үзэгдэх “хор” тариалан эрхлэлтэд далдуур газар аваад байгааг “Зууны мэдээ” сонин цувралаар сурвалжилж хүргэлээ. Энэхүү цувралд “Газар тариалангийн салбар дахь пестицидийн хяналтгүй хэрэглээ”, “Пестицидийн үлдэгдэлтэй импортын жимс”, “Тариаланч, хүнсний худалдаа эрхлэгчид пестицидийн шинжилгээ хийлгэдэггүй” гэсэн гурван цуврал нийтлэл бэлтгэн хүргэсэн юм. Бичвэрүүдийг тоймлон хүргэе.
ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИД ПЕСТИЦИДИЙН ТӨРЛИЙН БОДИСЫГ БУРУУ ХЭРЭГЛЭЖ БАЙНА
Эхний цувралд манай улсын хэмжээнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох ганцхан лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа талаар сурвалжилж, тариалан эрхлэгчид пестицидийн төрлийн бодис буруу хэрэглэх, тун хэтрүүлдэг, хугацаа алддаг зэрэг мэдлэг муутайгаас үүдэлтэй олон асуудал дагуулж буйг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнээс тодруулсан юм.
Импортоор орж ирж байгаа хүнсэнд пестицидийн үлдэгдлийг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид шинжилгээ хийлгэж пестицидийн агууламжийг нь тодорхойлсны дараагаар оруулж ирэх шаардлагатай байдаг. Гэтэл зарим импортлогч байгууллага пестицидийн үлдэгдэл тодорхойлох, шавжийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үздэг бол компаниас шаардлага тавиагүй тохиолдолд шинжилгээ хийлгэдэггүй гэх нь асуудал дагуулж буй. Манай улсад пестицидийн үлдэгдлийн шинжилгээгээр хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдол гарсан ч хяналт тавих байгууллага, хууль эрх зүйн орчин тутмаг гэдгийг мэргэжилтэн хэлж байлаа.
Мөн мэргэжлийн байгууллага тариаланчдаас пестицидийн дээж авч байна шинжилгээ хийлгээч гэхээр сөргөөр хүлээж авдаг. Томоохон тариалан эрхлэгч кампаниуд нь харьцангуй мэдлэг мэдээлэлтэй, пестицидийн үр нөлөө, ашигт байдлыг мэддэг. Гэтэл хувиараа тариалан эрхлэгч, жижиг талбай эзэмшигчид мэдлэг тааруу байгааг хэлж байв.
ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ ИМПОРТЫН ЖИМС
Пестицидийн үлдэгдлийн хяналт, шалгалт хэрхэн хийгддэг талаар хоёр дахь цувралаар сурвалжилсан билээ. Манай улс жимс, хүнсний ногооны 80 гаруй хувийг импортоор оруулж ирдэг. Гэтэл Гаалийн ерөнхий газрын төв лаборатори нь техникийн сааталтай холбоотойгоор импортоор орж ирж буй жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийхгүй байгаа юм. Одоогоор улсын хэмжээнд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн итгэмжлэгдсэн нэг л лаборатори байгаа. Импортлогч байгууллагууд пестицидийн үлдэгдэл тодорхойлох, шавжийн шинжилгээг худалдан авагч байгууллага нь шинжилгээний бичиг шаардсан тохиолдолд хийлгэдэг байна. Харин шаардлага тавиагүй тохиолдолд шинжилгээ хийлгэдэггүй гэх асуудал бий.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс импортоор жимс оруулж ирдэг томоохон зах худалдааны төвүүд буюу Хархорин, Нарантуул, Барс зэрэг төвүүдэд зарагдаж буй жимс жимсгэнэ, тэр дундаа алимны дээжийг цуглуулан пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийж үзэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлт гарсан байна. Мөн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаа жимснээс пестицидийн үлдэгдэл илэрсэн. Пестицид, бордооны чанар үлдэгдлийг тодорхойлох, эрсдэлийн судалгаагаар Европын холбооны итгэмжлэгдсэн лабораторийн, Олон улсын пестицидийн аналитик хамтын зөвлөлөөс гаргасан цуврал арга зүйн дагуу дээжийг бэлтгэн, хийн хроматограф, масс спектрометрийн багажит анализын аргаар тодорхойлсон ба пестицидийн үлдэгдэл илэрсэн дээжийг таван удаагийн давталтаар уншуулан баталгаажуулсан байна.
ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ БАЙХГҮЙ
Бид гурав дах цувралдаа хэд хэдэн томоохон худалдааны төв, дэлгүүрээр явж худалдаа эрхлэгчидтэй уулзаж зарж буй хүнс, жимсний ногоогоо хаана, хэрхэн, ямар шинжилгээ хийлгэдэг эсэхийг сурвалжилсан юм. Гэвч худалдаа эрхлэгчид мэдэхгүй гэсэн хариултыг өгч байв.
Импортоор орж ирж буй жимс, хүнсний ногоонд цаанаасаа шинжилгээ хийгдээд орж ирдэг байх, хаана ямар лаборатори байдгийг сайн мэдэхгүй байна. Зарим худалдаачид шинжилгээний бичиг байхгүй гэв. Жимс, хүнсний ногооны дээжээс авч шинжилгээний мөнгийг нь тушааснаар бичиг авчирч өгдөг гэсэн юм.
Мөн тариалан эрхлэгчид өөрсдийн тариалсан хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийлгэдэг эсэхийг тодруулахад зайлшгүй тохиолдлоор шавж, хог ургамлаас хамгаалах зорилгоор пестицид хэрэглэдэг гэлээ. Тэднээс тариалан эрхлэгчдээс тариалж буй ургацад хаана пестицид үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамрагдаж буй талаар тодруулбал аймаг, сумандаа болон газар дээр нь илрүүлдэг багажаар шинжилдэг гэх нь ташаа ойлголт юм. Учир нь пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг газар дээр нь шинжлээд тогтоочих боломжгүй юм. Мэргэжилтнээс тодруулахад тусгай лаборатори шинжилгээ хийдэг шинжилгээний хариу хоёроос тав хоногт гарах боломжтой гэлээ. Харамсалтай нь орон нутагт байтугай нийслэл Улаанбаатар хотод пестицидийн үлдэгдэл тодорхойлох лаборатори хүртээмжгүй. Эндээс харвал тариалан эрхлэгчид төдийгүй эх орныхоо хөрсөнд ургасан болон импортын жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалж буй хэн нь ч пестицидийн талаар ойлголт мэдлэг сул. Шинжилгээ хийлгэх талын мэдээлэл тун дутмаг байгаа юм.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7223)