Н.Жаргалмаа
Иргэд шүүгч нартай холбоотой өргөдөл, гомдолыг шүүхийн сахилгын хороонд гаргадаг. Өнгөрсөн оны байдлаар шүүхийн сахилгын хороо нийт 462 өргөдөл, гомдол хүлээн авснаас 201 гомдолд хэрэг үүсгэн шалгажээ. Үүнээс 41 шүүгчид арга хэмжээ авсан байна. Гэвч иргэд шүүхийн сахилгын хороонд өргөдөл, гомдлоо гаргаснаас хойшхи үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй. Энэ асуудлаар иргэн Б.Батдэлгэр Д-Парламентэд шүүгчид холбогдох өргөдөл, гомдол шийдвэрлэлтэд иргэд хэргийн оролцогчоор хяналт тавих зохицуулалтыг шүүхийн тухай хуульд оруулах саналыг оруулжээ.
Энэ талаар Б.Батдэлгэр “Миний бие Сант сургуулийн барилгын ажилд холбогдох хэргээр шүүхэд дуудагдсан. Гэвч хэргийг хариуцагч шүүгчид огтоос миний байр суурь болон дээрх хэргийг нухацтай авч үзэлгүйгээр хоёрхон минутанд шийдвэр гаргасан. Иргэн бүр өөрт хамаарал бүхий хэргээ шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ байдлыг хангуулахаар дээрх саналыг оруулсан. Жилд 55-60 мянган хэрэг шүүх дээр шийдвэрлэгддэг. Эдгээр хэргүүдээс хэд нь шудрага бусаар, шүүгчийн үзэмжээр шийдэгдэж байгаа талаар хяналт шалгалт байхгүй. Энэ асуудлыг иргэдийн оролцоог хангаснаар шийдвэрлэж чадна” гэлээ. Мөн дээрх асуудлаар иргэн Ц.Нарангэрэл “Шүүх бол гурав дахь том засаглал. Шүүх нь хараат бус, бие даасан байх ёстой. Гэвч өнөөгийн нийгэмд авилгын хэрэг тоогоо алдсан. Үүнээс шүүхэд шилжсэн хэргүүдэд гарсан шүүхийн шийдвэрт иргэд сэтгэл ханамжгүй байна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа 1,5 сая ам.долларын авилга авсан нь газар дээрээ илчлэгдээд хэрэг нь шүүхэд шилжихээр 2,7 сая төгрөгийн торгууль ноогдуулаад орхигддог. Энэ асуудал байж болохгүй. Үүнийг сайжруулах арга бол иргэдийн оролцоо чухал” хэмээн хэллээ.
Эх сурвалж: www.Zms.mn