Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин “Жендэрт суурилсан өгөгдлийн цоорхой” буланг эхлүүлж эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хүртээмжгүй байдлын талаар цуврал нийтлэлүүдээ хүргэсээр байна. Энэ удаа хүний эрхийг хангагч байгууллагууд болох Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хорооны ариун цэврийн өрөө ямар байгаа талаар сурвалжиллаа.

Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Биологийн ялгаатай байдлаас шалтгаалан эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их цагийг ариун цэврийн өрөөнд өнгөрөөдөг. Гэвч ариун цэврийн өрөөний хүртээмжгүй байдлаас үүдэж эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирох нь элбэг байна. Тодруулбал, эмэгтэйчүүд ариун цэврийн өрөө оролгүй хэт удсанаас болж давсаг болон шээс дамжуулах замын үрэвсэл, өвчлөлд өртөх нь их. Давсганд шээс хуримтлагдсан үед барьснаар бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Бөөр нь дээрээсээ доошоо чиглэлтэй ялгаруулах байдлаар шээсийг гадагшлуулдаг. Давсганд шээс удаан хадгалагдсанаар бөөрний ялгаруулах үйл ажиллагаа саатна. Цаашлаад сөрөг урсгал үүсэж өгсөх замын халдвар үүсдэг. Мөн шингэний хэрэглээгээ хязгаарласнаар ус дутагдах, гэдэсний түгжрэл болох эрсдэлтэй. Гадна талбайд бие засдаг эмэгтэйчүүд аарцаг орчмын халдварт өвчин, цагаан хорхой, гепатет холери, суулгалт зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг гэж эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Насанжаргал ярилцлагадаа дурдсан.

 

Хүний эрхийн комиссын ариун цэврийн өрөөний тоо тэнцүү

 

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрд уриатай Хүний эрхийн үндэсний комисс нь Засгийн газрын 12 дугаар байрны хоёр давхарт байрладаг. Нийт 70 гаруй ажилтантай бөгөөд үүний 40 орчим нь тус байранд ажиллаж байна. Ариун цэврийн өрөөний хувьд давхар бүртээ эрэгтэй, эмэгтэй дөрвөн өрөөтэй. Хүний эрхийн үндэсний комисс нь тус байранд нүүж ирсэн даруйдаа ариун цэврийн өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өрөөний тоог хоёроор нэмсэн ажээ. Энэ талаар Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн н.Нацаг-Эрдэнэ “Нийт ажилчдын 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй. Манай байгууллага нь өөрийн гэсэн байргүй. Өмнө нь Засгийн газрын арваннэгдүгээр байранд байсан бөгөөд арванхоёрдугаар байранд нүүж ирээд удаагүй байна. Биднийг нүүж ирэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр ариун цэврийн өрөөтэй байсан. Харин бид үүнийг нэмэгдүүлж дөрөв болгосон. Мөн нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ариун цэврийн байгууламжийг  шийдсэн” гэсэн юм. Үүнээс харахад 39 эмэгтэйд дөрвөн ариун цэврийн өрөө, 31 эрэгтэйд дөрвөн өрөө ногдож байна.

 

Хоёр эрэгтэйд хоёр, 12 эмэгтэйд хоёр ариун цэврийн өрөө ногдож байна

 

Жендэрийн  үндэсний хороо 14 ажилтантай. Үүний хоёр нь эрэгтэй, 12 нь эмэгтэй. Ариун цэврийн өрөөний хувьд давхар бүртээ эр, эм нэг өрөөтэй. Өөрөөр хэлбэл хоёр эрэгтэйд хоёр ариун цэврийн өрөө, 12 эмэгтэйд хоёр ариун цэврийн өрөө ногдож байна. Ажилчдын хүйсийн харьцаа зөрүүтэй учир хоёр давхрын эрэгтэй ариун цэврийн өрөөг эмэгтэйчүүд нь ашигладаг байна. Энэ талаар олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн М.Баянзул “Энэ байр нь манай өөрийн байр биш. Түрээсийн байр. Зүүн жигүүрт эрэгтэй, баруун жигүүрт эмэгтэй ариун цэврийн өрөө байрладаг. Хоёр эрэгтэй ажилтан маань нэг давхарт суудаг. Тиймээс бид хоёр давхрын ариун цэврийн өрөөг эр, эм гэж ялгалгүй ашигладаг” гэсэн юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад USC 140B:2022 Нийтийн бие засах газрын төлөвлөлт, байгуулалтад тавих техникийн шаардлага, хотын стандартын нийтийн бие засах газрын ерөнхий шаардлагын 4.13-т “Ариун цэврийн байгууламжийг үйлчилгээний ажилтнууд гэх мэтчилэн тусад нь төлөвлөх хэрэгтэй. Ариун цэврийн хэрэгслийн тооцоонд архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрөөр заагаагүй бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцааг 1:1 харьцаатайгаар авна” гэжээ. Энэ нь хот төлөвлөгчид жендэрийн мэдрэмжгүй төлөвлөлт хийж, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй нэг жишээ юм. Өөрөөр хэлбэл, санаатай санамсаргүй байдлаар эмэгтэйчүүдийн хэрэгцээг чухалчлахгүй байна гэсэн үг. Өнгөцхөн харахад нийтийн эзэмшлийн талбайд эрэгтэй, эмэгтэй хүний ариун цэврийн өрөөг ижил тэнцүү байх нь зөв мэт. Харин биологийн хэрэгцээнд тулгуурлан харвал эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө олон байх нь зүйтэй. Мөн хүний эрхийг дээдлэгч, хангагч байгууллагууд эмэгтэйчүүдийн бие засах хэрэгцээг хэр зэрэг чухалчилж байгааг дээрх сурвалжилгаас харж болно. Мөн тэд хүний эрхийн асуудал дээр бусдыгаа манлайлж ажиллах ёстой билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)