Ц.МЯГМАРБАЯР
Аялал жуулчлалаас хүн бүр, өрх бүхэн ашиг хүртдэг байснаар сая аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжинө гэсэн бодлогыг БОАЖЯ дэвшүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллага, судлаачид аялал жуулчлалын орлого тухайн бүс нутаг, орон нутагтаа шингэдэг байх ёстой. Хамгийн их үр өгөөж хүртэгч нь нутгийн иргэд байх ёстой гэдгийг хэлсээр байгаа. Тиймээс БОАЖЯ олон нийтийн цахим сүлжээнд “Нэг жуулчин -нэг хонь” гэсэн төслийн агуулга,санааг ажил хэрэг болгохоор болжээ. Төслийг хамгийн анх Булган аймаг хүлээн авч нэгдсэн байна. Тодруулбал, 100 мянган өрхөөс нэг хонийг 200 мянган төгрөгөөр бодож авахад тухайн аймагт төдий чинээгээр мөнгөний эргэлт бий болох боломжтой ажээ. Өөрөөр хэлбэл, эдийн засагт хамгийн их контент үйлдвэрлэгчид нь малчид болох бүрэн боломж байгааг “Байгаль хамгаалагчдын үндэсний II чуулган”-ны үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцолж байна. Учир нь жуулчин мэдээж хонио аваад буцахгүй нь тодорхой. Тэгэхээр тэдний хонийг тухайн малчин өсгөн бойжуулж хариулж маллана. Ялангуяа хаврын цагт мал төллөх үеийн үйл явцыг эзэнд нь мэдээлэх, тэр үеийн агшинг хуваалцах гээд малчдын хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ ашиг орлого нь өсөх магадлалтай гэж үзэж байна. Тухайлсан жуулчны баазуудыг түшиглэн хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс малчид жуулчдаа хүлээн авах гэр барих албагүй жуулчны баазтайгаа тохирч хамтарч ажиллах юм байна. Ийм аялалыг эко туризм аялал гэж нэрлэдэг байна. Уг төслийг анхдагчдын өлгий болсон Булганыхан хөрсөнд нь буулгаж хэрэгжүүлж чадвал малчдад хамгийн хэрэгтэй төсөл гэдгийг салбархан онцолж байна. Чуулганы үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Булган аймгийн удирлагууд “Нэг жуулчин-нэг хонь” төслийн санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)