Б.АЛТАНГЭРЭЛ

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хулгайн заалтууд шургуулсан талаар ШИНЭ намаас мэдээлэл хийлээ.

ШИНЭ намын дарга Ц.Гантулга: “Монгол Улсын нутаг дэвсгэрийн 30 хувь нь ямар нэгэн лицензгүй байна. Гэтэл холбогдох албаныхан 70 гаруй хувь гээд худлаа хэлээд сууж байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулиудад Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга багтсан. Гэвч тус төсөлд хулгайн заалтууд шургуулсан байна. Тухайлбал орон нутгийн удирдлагын өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдах заалтууд орж ирсэн байна. Нэгжийн хууль, орон нутгийн хуулийг үл ойшоосон хууль гаргахыг манай намын зүгээс эсэргүүцэж байна. Хэдэн эрх мэдэлтэй этгээдүүдэд зориулсан ийм хуулийг батлах ёсгүй. Хэдэн сайд нарын ард байдаг уул уурхайн компанийн эздэд зориулж хууль батлах гэж байгааг эсэргүүцнэ”.

ШИНЭ намын гишүүн Ц.Бээжин "Ашигт малтмалын тухай хуульд 17 жилийн хугацаанд 300 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ нь маш муу хууль гэдгийг харуулж байгаа юм. Харин одоо шинэчилсэн хуулиар аймаг, нийслэл, сум дүүргийн эрх мэдлийг хумьж устгасан заалтыг оруулж ирж байна. Уул уурхайн зөвшөөрлөө иргэд, ИТХ-аас асуудаг. Гэтэл Үндсэн хуульд оруулсан булхай луйвраа хийж хэрэгжүүлэхээр улайрч байна. Үүнийг эсэргүүцэх зайлшгүй шаардлагатай” гэв. 

Эх сурвалж: www.zms.mn