Б.АЛТАНГЭРЭЛ

БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Очбадрахыг шүүгчээр томилохыг эсэргүүцэж буй талаар иргэн Х.Бат-Ялалт мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид нэр дэвшигчийг сонгохдоо ард нийтийн саналыг авдаг болсон. Энэ хүрээнд би өнөөдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Очбадрахыг шүүгчээр нэр дэвшихийг нь эсэргүүцсэн саналаа ШЕЗ-д хүргүүлж байна. Ямар нэг хувийн өс хонзон агуулаагүй. Энэ хүн миний холбогдсон хэрэг дээр хяналт тавьж байсан прокурор юм. Энэ хүнд итгэх илтгэл байхгүй учраас энэ хурлыг хийлээ. Учир нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг мөрдөөгүй ноцтой зөрчсөн алдаа гаргасан гэж миний зүгээс үзэж байгаа. Сонгуулийн үеэр санаатайгаар улс төрийн хүрээнд тодорхой ажлуудыг хийсэн. Нэг ч удаа хууль ёсны дагуу дуудаж мэдүүлэг аваагүй байж цагдан хорьсон. Үүний дараа мэдүүлэг авъя гэсэн. Мэдүүлэг авах зорилгоор хүнийг цагдан хорьдоггүй юм. Энэ мэт маш олон зөрчил байгаа. Тиймээс би нүүр тулж, эфирийн өмнө нээлттэй асуулт хариулт авмаар байна. Асуултад минь хариулж чадахгүй бол бүү шүүгч хий. Шүүх, хууль хяналтын мэргэжилтнүүд хэргийн бодит үнэнийг эргэлзээгүйгээр нотлох ёстой. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэгт нь бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хяналт тавьдаг байх хэрэгтэй“ гэв.

Эх сурвалж: www.zms.mn